Ерөнхийлөгчийн сонгууль угтсан “Эрдэнэт” ажиллагаа

2017 оны 04 сарын 14

-АРБИТРЫН ШИЙДВЭР ГАРАХ  ҮЕД  ЗАСГИЙН ГАЗАР СОЛИГДСОН БАЙХ МАГАДЛАЛТАЙ-

Удтал маргаан дагуулж буй “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар намрын чуулганы төгсгөл, хаврын чуулганы эхэн үеэр голлох шийдвэрүүдээ гаргаж, улс төрийн угшилт сэдэв гэдгээ бүрэн батлав. Намрын чуулганы төгсгөлд "Эрдэнэт”-ийг 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар болгох УИХ-ын тогтоол батлагдсан. Харин хаврын чуулганы эхэнд “Эрдэнэт” үйлдвэрийн эзэмшлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулав. Улмаар хувийн хэвшил талаас томилогдоод байсан захирлуудыг чөлөөлж, төрийн нэрийн өмнөөс уяач, намын угшилтай хүмүүс томилогдож гайхаш төрүүлээд амжсан.

Хамгийн сонирхолтой нь, УИХ-ын тогтоолын төсөлд тусгагдсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч талтай хэлэлцээр хийх заалт талаар өнгөрөв. Өөрөөр хэлбэл, төр хувийн хэвшилдээ ямар ч мөнгө төлөлгүйгээр эзэмшлийг нь булааж авсан үзэгдэл боллоо. Энэ талаар Ж.Энхбаяр гишүүн чуулганы нэгдсэн хуралдаан дээр асуудал хөндөж, “Хүний юмыг авч байгаа бол мөнгө төлөх ёстой. Төсвийн тодотголд төлбөр нь суугдсан уу” гэж лавлахад, Сангийн сайд “Үгүй” гэсэн хариулт өгч байх жишээтэй.   

Одоогоор “Монгол зэс” корпорацийн зүгээс Арбитрын шүүхэд хандана гэдгээ мэдэгдээд буй. Намрын чуулганаас хойш тус байгууллагын хуулийн баг арбитрын шүүхэд хандах материалаа бэлджээ. Гэвч арбитрын шүүхэд өнөөдөр гомдол гаргалаа гэхэд маргааш шийдэгдчихгүй. Багадаа 3-4 жил үргэлжилж, энэ хооронд зарцуулагдах шүүхийн зардал ч үлэмж хэмжээгээр өсөх нь тодорхой.

Лицензийг нь гэнэт булааж авсныхаа төлөө манай улсын засгийн газар “Хан-Ресурс”-т арбитр дээр ялагдсан гашуун туршлага бий. Гол нь, арбитрын шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэлх 3-4 жилийн хугацаанд манайд засгийн газар нь солигдчихдог. Хэдий тийм ч Монгол Улсын засгийн газар гэсэн нийтлэг үндэслэлээр өмнөх засгийн газрынхаа лайг дараагийнх нь үүрэх шаардлагатай тулгардаг. Яг энэ жишгээр алдарт “Хан-Ресурс”-ын асуудал Сү.Батболдын засгийн газраас Ч.Сайханбилэгийн засгийн газар хүртэл сунжирсан билээ. Нэгэнт ялагдсан тал нь шүүхийн зардал, нэхэмжлэгч талын гомдлыг барагдуулах үүрэг хүлээдэг тул асуудлаас зугтах арга зам байхгүй.

“Монгол зэс” корпораци Ж.Эрдэнэбатын засгийн газрыг арбитрт өглөө гэхэд төр ялах магадлал нь бараг л тэг хувь. Олон Улс энэ үйлдлийг хэдийнэ гайхаж хүлээж авсан. Дээрээс нь, төрийн өмчийг төрийн мөнгөөр авсан гэх УИХ-ын ажлын хэсгийн “онош”-ийг шүүх нь нотолж чадаагүй. Нийслэлийн прокуроос уг асуудалд эрүүгийн гэмт хэргийн шинж агуулагдаагүй гэж үзсэн байдаг.

-ЭС АНЗААРАГСАД ИРЭЭДҮЙД ЯМАР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ВЭ-

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Ням-Осор “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар “УИХ-аас шууд 100 хувь төрд авна гэсэн шийдвэр гарч байхад би их гайхсан. Төр болон 49 хувийн эзэмшлийг хэвээр үлдээж байгаад хөндлөнгийн хяналт тавих боломжтой байсан. Банкууд дампуурахад Монголбанкнаас хөндлөнгийн хяналтын төлөөлөгч томилдог байсан. 49 хувийг төрд авах үйл ажиллагаа дуусах хүртэл төрийн төлөөллөөс бүрдсэн хяналтын багийг түр ажиллуулаад, энэ асуудал шийдэгдсэний дараа төр 100 хувь авсан бол өнөөдрийн энэ маргаан гарахгүй байсан юм” гэж хэвлэлд өгсөн яриандаа дурджээ.

Өнөөдрийн үүссэн маргааныг уг нь мэргэжлийн хүрээнийхэн ингэж харж байгаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ч тэр, хувийн хэвшлээсээ хөрөнгийг нь булааж авахгүй гэдгээ мэдэгдсэн ч тааллаар нь болоогүй. Энэ маргаан цаашид хэдий хугацаанд үргэлжилж болох, арбитр дээр очоод ямар шийдвэр гарах талаархи төсөөлөл засгийн газар, УИХ-ын гишүүдэд маш тодорхой бууж байгаа нь ч үнэн.

Гэтэл тэд энэ бүхнийг огт хараагүй мэтээр, асуудалд цэвэр улс төрийн үүднээс хандаж буй нь ерөнхийлөгчийн сонгуулийн пиар, мөнгөний хэрэгцээтэй холбогдож байна уу гэсэн хардлага төрүүлнэ. Үндсэндээ намын зангидсан бодлого ч гэж болно. Нэг талаараа МАН ерөнхийлөгчийн сонгуулиар “Эрдэнэтийг бид цэгцэлсэн” гэсэн пиар түгээж болно. Нөгөө талаар сонгуулийн зардлаа 49 хувийг эзэмшигч хувийн хэвшлийн хяналтаас салгаж байгаад босгож авах супер төлөвлөгөө. 

Ийм том зорилгууд ард нь байхад Жастын Ш.Батхүүгийн “Стандарт” банкинд тавьсан өрийг төр төлөх нь юу ч биш байж болно. Ингэж “Сүх далайтал үхэр амар” гэгчийн үлгэрээр тодорхой цикл хугацаанд “Эрдэнэт” үйлдвэрээр тоглох гэсэн эрх ашиг эрчээ авч буй дүр зураг харагдана. Угаас нөөц нь шавхагдаж буй “Эрдэнэт” үйлдвэр урт хугацаандаа ашиггүй. Үүнийг ч эрх баригчид мэдэж байгаа.

Эцэст нь тэмдэглэхэд, хэдэн жилийн дараа “Монгол зэс” корпораци төрөөс бүх хохирлоо нэхэмжилсэн асуудлаар Арбитрын шүүхийн шийдвэр гарч, төр өр барагдуулах ялд унах уу гэх том асуулт бидний өмнө байна. Тэр үед өнөөгийн эрх баригчид засаг барьж байх уу гэдэг нь бас асуудал. Засаг барьж байсан ч эрх ашгийн төлөөх цөөн хэдхэн бүлэглэлийн үл ойлголцлын хор уршгийг татвар төлөгчид л үүрнэ. Эс анзаарагсад болж жүжиглэсэн улсуудад тэр үед ямар хариуцлага тооцох бол...

Ж.МЯДАГБАДАМ

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
vfgthy(49.0.217.56) 2025 оны 03 сарын 13

буруу аргаар авснййг нь бйцааж авсаншдээ,хөлсний вичээчээ.ж.мядагвадамаа.тэнэгээ....

1  |  0
ЗОЧИН(66.181.165.38) 2025 оны 03 сарын 13

ХУЛГАЙЧ НАРЫГ ХАМГААЛЖ Л ӨӨРИЙН ДУРААРАА БИЧИЖ БАЙНА ДАА. МОНГОЛД ТӨР БАЙНА ДАА. ҮҮНИЙГ БИЧИГЧ ТА АНЗААРСАНГҮЙ ДЭЭ.

1  |  0
ЗОРИН(202.9.40.56) 2025 оны 03 сарын 13

УЛСААСАА ТӨРӨӨСӨӨ ХӨРӨНГӨ ЛУЙВАРДАХ ХУЛГАЙЛАХ АСУУДЛЫГ ЯМАР Ч УЛС ТАСЛАН ЗОГСООДОГ, ТӨР ЗАСАГ ЮУНЫ ӨМНӨ ТАСЛАН ЗОГСООСН ОДОО ХАРИН ДАХИАД ЛУЙВАРЫН ГАР ДҮРҮҮЛЭХГҮЙГЭЭР АРД ТҮМЭНДЭЭ ШУДАРГААР ТОДОРХОЙ ХУВЬЦААГ НЬ ЗАРЖ БОЛОНО, ТӨРӨӨС ТОМИЛОГДСОН УЛС ТӨРИЙН ТҮШЭЭ ЭРХЭМҮҮД ЧИНЬ ШУДАРГААР АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ ХЭРЭВ ТЭГЭЖ ЧАДАХГҮЙ ДАХИН ЛУЙВАР ХУЛГАЙН АСУУДАЛ ҮҮСГЭХ ЮМ БОЛ ШУУД Л ШҮҮХ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХАРААНД ӨГӨХ ХЭРЭГТЭЙ.

1  |  0
Top