Шинэ төмөр замын сураг

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 14

  Нүүрсээ их хэмжээгээр үнэтэй зарж, олон хэрэглэгчийн гарт хүргэе гэвэл Монгол Улс төмөр замтай болох ёстой. Өргөн, нарийн төмөр зам барих тухай өчнөөн жил маргаж, мэтгэлцсэний эцэст хоёр хөршөө гомдоохгүйгээр голоор нь шийдэж орхисон ч өнөөдөр нэг ч төмөр зам ашиглалтад орсонгүй. Төмөр замын бодлогын хүрээнд 2014 онд Тавантолгой-Гашуунсухайт, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн өргөн царигтай, Арц суурь-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн өргөн царигтай барихаар болж шийдвэрлэж билээ. Орос, Хятад, Х.Баттулга, MCS-ийн хэн хэнийг нь гомдоолгүй шийдсэн нь энэ юм. Гэвч Х.Баттулга, А.Гансүх нараар толгойлуулсан Төмөр зам барих ажлын хэсгийнхэн энэ ажлыг урагш явуулаагүй. Олон жил ярьсан төмөр замаас ганц эхэлсэн нь Тавантолгой - Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам. “Энержи Ресурс” энэхүү төмөр замын ажлыг эхлүүлсэн ч дундаас нь гэрээг цуцалж, “Женко” Х.Баттулгын мэдэлд хувь заяаг нь атгуулж байлаа. Гэвч олон жил ярьсан Тавантолгой - Гашуунсухайт чиглэлийн төмөр зам сүүлийн хоёр жилийн хугацаанд зогслоо. Шалтгаан нь хөрөнгө оруулалт байхгүйгээс.

  Энэхүү төмөр замд нийт 1.1 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн байдаг. Тавантолгойгоос Гашуунсухайт чиглэлд барих энэ замын ач холбогдол, үр өгөөж нь асар их. Зөвхөн энэ төмөр зам баригдсанаар Тавантолгойн нүүрс Хятадын Гангийн үйлдвэрт түргэн шуурхай, зардал багатайгаар очих боломжтой болох юм. Тээврийн зардлын хэмнэлт, нүүрсний үнэ, эдийн засгийн үр өгөөж, байгаль орчинд эергээр нөлөөлөх талаасаа машин тээвэртэй харьцуулшгүй ашигтай эд. Жилд 30 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай байхаар тооцсон. Ийм өндөр ач холбогдолтой богино хэмжээний Төмөр замыг Монгол Улс өөрийн хөрөнгөөр тавьчихвал сайхан л байна. Гэвч хөрөнгө мөнгө их шаарддаг нүсэр ажил. Уг нь манайхан өөрсдөө барихаар зүтгэсэн л дээ. Хөгжлийн банкнаас 200 сая ам.долларын зээл хүртэл авч эхний ажлуудыг хийсэн. Одоо энэ Төмөр замын ажлыг амжилттай явуулж, ашиглалтад оруулахад дор хаяж 800 сая ам.доллар шаардлагатай. Эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ үед Монголчууд өөрсдөө энэ мөнгийг босгоно гэдэг амаргүй. Нөгөөтэйгүүр Тавантолгой Гашуунсухайт чиглэлд төмөр зам бариад Монголын төмөр замын асуудал шийдэгдэхгүй. Шинэ төмөр замаа эхний ээлжинд дор хаяж Оюутолгойтой холбож таарна. Наашаагаа Сайншанд – Хөөт гээд Төмөр зам барихаар ТЭЗҮ хийгдэж байгаа. Тийм учраас гаднын хөрөнгө оруулалт шаардлагатай нь гарцаагүй юм.

Төмөр замд “Шинхуа”-тай хамтарна гэв үү?

  Хятадын “Шинхуа” компани төмөр замын 49 хувьд нь хөрөнгө оруулахаар болж хэлэлцээр эхэлжээ. Монголын төмөр зам компани 51 хувийг эзэмшинэ. Шинхуатай хамтарч төмөр замаа барих нь сайн ба саар талуудтай. Гашуунсухайттай холбогддог Хятадын Ганцмодны боомт хүртэлх төмөр замд Винсвэй, Шинхуа гэсэн хоёр компани тодорхой хувь эзэмшдэг юм байна. Тэгэхээр өөрийнх нь хувь эзэмшдэг Шинхуагийн төмөр замтай манай төмөр зам холбогдоно гэсэн үг. Хятадын Ганцмодны боомт хүртэлх төмөр зам нь Хятадын далайн боомт болоод зүүн хойд хэсгийн гангийн үйлдвэрүүдэд очно. Энэ утгаараа манай төмөр зам Ганцмодны төмөр замын боомттой холбогдох нь нүүрсээ дэлхийн зах зээл дээр хүргэнэ гэсэн үг. Манай төмөр замын тээврийн үйл ажиллагаа саадгүй явах талаасаа Шинхуатай хамтрах нь сайн талтай. Монголын, тэр тусмаа Тавантолгойн нүүрсийг гуравдагч зах зээлд буюу Япон, Солонгос руу зарахад Хятадын төрийн өмчит “Шинхуа”-н төмөр замын сүлжээг ашиглахаас өөр арга байхгүй. Монголчууд Японтой ч юм уу хамтраад төмөр замаа тавьчихаад Хятадын төмөр замаар дамжуулан далайн боомтод нүүрсээ хүргэе гэвэл Хятадын талаас саад учирч мэдэх. Тийм учраас Хятадын төмөр замд хувь эзэмшигчтэй хамтарч төмөр зам барих нь хамгийн зөв хувилбар ч байж болох. Нөгөө талдаа хэрэглэгч, тээвэрлэгч нэг байх нь эдийн засгийн талаасаа сөрөг нөлөөтэй. Гэвч аль юманд муу санаа гаргах билээ. Нэгэнт нарийн царигаар Хятадтай Төмөр замаар холбогдож буйн хувьд хэн хөрөнгө оруулагч байх нь чухал биш ээ. Эцсийн дүндээ төмөр замаа урагшлуулах, богино хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулах нь чухал байна.

Нөгөөтэйгүүр Монголын төмөр зам компани 51 хувийг нь эзэмших учраас гаднаас бага хүүтэй зээл авахаас аргагүй болоод байгаа. Өмнө нь бид Тавантолгой -Гашуун сухайт чиглэлийн төмөр замд 200 сая ам.доллар зарцуулсан. Энэ нь нийт өртгийн 20 орчим хувь. Одоо Монголын талаас 300 гаруй сая ам.долларын зээл (нийт өртгийн 30 хувь) авахад л манай талаас гаргах 51 хувийн хөрөнгө оруулалт бүрдэх юм билээ. Энэ нь тийм ч айгаад байх их хөрөнгө биш. Зөвхөн энэ төмөр зам ашиглалтад орсноор ойрын хугацаанд ашгаа өгөх, зардлаа нөхөх боломжтой.

Шинэ төмөр зам нь Тавантолгойгоос нүүрс зөөхөөс гадна, өөр бусад тээврээс эдийн засгийн үр өгөөж хүртэнэ. Оюутолгойн далд уурхай ашиглалтад орсон цагт жилд олборлохоор тооцсон 2 сая тонн баяжмалаа энэ төмөр замаар экспортод гаргах юм. Тиймээс төмөр зам сул зогсолт хийнэ гэсэн ойлголт байхгүй. Энэ үүднээсээ Төмөр замд зээл авч ашиглалтад оруулах нь айх зүйл биш ээ. Тавантолгойн нүүрс төмөр замаар далайн боомт болоод гангийн үйлдвэрийн зүг хөдөлсөн цагт хэдхэн жилийн дотор л хөрөнгөө нөхөж чадна.

Т.Амартүвшин

2017.02 сар. Зиндаа сэтгүүл №3/503   


Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nom(66.181.185.54) 2017 оны 04 сарын 18

2m62 uhaalag galt tereg garsan bailee

0  |  0
zochin(202.21.98.10) 2017 оны 04 сарын 18

barihgui odoo bolood l bn shdee

0  |  0
mtz(66.181.185.54) 2017 оны 04 сарын 15

Ulaanbaatar naushki chigleliin tumur zam sogtuu hunees dor murui tahir zamtai neg uchirtai ter chigleliin

0  |  0
mtz(66.181.185.54) 2017 оны 04 сарын 15

Ondor hurdnii davhar achaanii vagon yavdag bolgo

0  |  0
vamga(66.181.185.54) 2017 оны 04 сарын 15

Yag onohiig onol gej meddeggui erdemted baina ted nar praktikad muu

0  |  0
ttt(66.181.185.54) 2017 оны 04 сарын 15

Sainshandaas anh tumur zam tavij baihad trasaa aldchihsan gej yardag yum bilee

0  |  0
ttt(66.181.185.54) 2017 оны 04 сарын 15

Uurhain ashiglaltiin nootsiig praktikaar taaj gargadag gesen

0  |  0
hunnu(150.129.141.9) 2017 оны 04 сарын 14

tank mank gej teneg yum yarihaa l boliooroi

0  |  0
Top