НЦГ | Өмгөөлөгч Г.Батбаяр өөрийн нэр дээр галт зэвсэг худалдан авсан болох нь ТОГТООГДСОН

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 30

 

Өмгөөлөгч Г.Батбаяр нас барсан хэргийн талаар НЦГ-аас мэдээлэл өгч байна.

Мэдээллийн үеэр ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр "ЧД-ын 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн Б нь 2024 оны 4 дүгээр сарын 21-ны өдөр гэрээсээ гараад ор сураггүй алга болсон гэх гомдол мэдээлэл түүний төрсөн дүү Н-ээс 4 дүгээр сарын 25-ны өдөр ирсэн. Иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу хойшлуулшгүй арга хэмжээ авсны хүрээнд эрэн сурвалжлах ажиллагаа улсын хэмжээнд зарлаж, эхлүүлсэн.

Уг ажиллагааны хүрээнд энэ оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Богд Хан амралтын газрын гадна талын автомашины зогсоол орчмоос иргэн Б-ын унаж явсан Toyota Isis маркын автомашиныг олж илрүүлсэн. Автомашинд Монгол Улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон холбогдох хууль тогтоомжын дагуу хэргийн газрын үзлэг шинжилгээ хийхэд иргэн Б нь автомашины арын суудал дээр нас барсан байдалтай олдсон. 

Хэргийн газрын үзлэгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу гэрэл зураг, дуу дүрсний аргаар баримтжуулж авсан. Үзлэгийг мэргэшсэн алба хаагчид, Хан-Ууд дүүргийн прокурорын газрын прокурорууд явуулсан. Хэргийн газрын үзлэгээр хохирогчийн нэр дээрх галт зэвсэг, галт зэвсгийн сум, хонгио, гар утас зэрэг бусад эд мөрийн баримтыг бэхжүүлэн авсан. Эдгээрт шинжээч томилж дүгнэлт гаргахаар Шүүхийн шинжилгээний газар хүргүүлсэн. 

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд амь хохирогч галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, өөрийн нэр дээр галт зэвсэг худалдан авсан болох нь тогтоогдсон. Амь хохирогчийн цогцсын үзлэгийг тогтсон хууль журмын дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд мэргэшсэн шинжээчид болон эрх бүхий алба хаагчдын бүрэлдэхүүнтэй шинжилсэн. Энэхүү үйл явцыг мөн дүрс, дуу бичлэгээр бэхжүүлж авсан.

Талийгаачийн хэрэг зайлшгүй задлан шинжилгээ хийх шаардлагатай хэрэг. Тиймээс ар гэрийнхнээс зөвшөөрөл авах ёстой гэх хууль эрх зүйн зохицуулалт байхгүй. Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, шинжилгээ гараагүй байхад нас барсан шалтгааныг нэрлэх нь зохимжгүй. Урьдчилсан байдлаар гэх мэдээлэл олон гарч байна. Талийгаач буудагдсан байж болзошгүй шархтай нас барсан" гэлээ. 

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(202.9.47.43) 2024 оны 04 сарын 30

Хэн нэгнийг буруутан болгохын тулд өрсөлдөгч нар нь санаатайгаар ийм хэрэг үйлддэг жишиг бий шүү дээ..........................

0  |  0
Top