Д.Бямбасүрэн: Яагаад Монголын төр дөрвөн жилд нэг удаа бужигнаж, зургаан жил тутам нэг удаа тархиараа годройтож  байх ёстой юм бэ?

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2024 оны 04 сарын 30

 

Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Д.Бямбасүрэнг “Өглөөний зочин”-ы өнөөдрийн дугаартаа урилаа. 


 

-Баялгийн сангийн хууль саяхан батлагдлаа. Монголуудад хэр өгөөжтэй гэж та харж байна?

-Ер нь уул уурхайг эзэмшинэ, тэндээсээ Баялгийн сан байгуулна. Улс орныхоо эдийн засгийг хөгжүүлнэ гэдэг бол төр, Засгийн газар, УИХ нь, тэр дотроо байнгын хороод нь мэргэжлийн түвшинд байхыг л шаардана шүү дээ. Гол нь мэргэжлийн нүдээр харах. Тэгэхгүй нэг харахдаа улс төрийн нүдээр хараад, дахиад харахдаа “хулгайч”-ийн нүдээр хараад байх юм бол сүүлдээ будлиан болоод дуусна шүү дээ.

-Гэхдээ тогтолцооны хувьд хариуцлагатай байх чиглэлд, 126 гишүүнтэй том парламенттай болох гэж байна шүү дээ?

-Намын жагсаалтаар гэдэгт бол янз бүрийн л хүн орж ирнэ байх. Тиймээс хоёр танхимтай парламент байгуулж, доод танхимыг тэр жагсаалтаар орж ирсэн хүмүүсээр бүрдүүлбэл шинэ хүмүүс төлөвших, мэргэших талд нөлөөтэй байх болов уу. Байнгын хорооны дарга нарыг дээд танхимаас томилдог байх хэрэгтэй. Ингэж байж зөв тийш явна байх.

-Ер нь дөрвөн жилд тутам сонгууль хийж, эрх баригчид солигддог энэ тогтолцоо хэр зөв бол?

-Сүүлийн үед дэлхий ертөнц их  өөрчлөгдлөө. Улс орон маань дотроо ч гэсэн нэлээн том өөрчлөх хөдөлгөөнүүд гарч л байна. Монголчууд 1990 оноос хойш шилжилтийн үеийг туулж, аль нь зөв юм бэ, аль нь буруу юм бэ, хаашаа явж, юунд хүрэв гэдгээ мэдэх, мэдэхгүйн хооронд явсан юм зөндөө бий. Тэр үеийг бодвол одоо улс орны байдал тогтворжиж зүгшрэх тийшээ хандаж байна. Бид яаж явах ёстой юм бэ, юун дээр алдаж ирж вэ гээд. Ингээд харахад олон асуудал анхаарал татдаг. Түүний дотроос хамгийн гол асуудал нь төр, төрийн тэргүүний асуудал түлхүүр болж байна даа гэж боддог. Хүний толгой ямар байхаас шалтгаалж амьдрал нь тийм л байдаг байх. Улс орны төрийн тогтолцоо ямар байна, бусад нь тийм л байх шүү дээ.

 

Манайх Ерөнхийлөгчийнхөө эрхийг нь хягаарлах тал руу яваад байна

 

-Ингэхэд манай төрийн тогтолцоонд ер нь юу л болоод байна даа?

-Манай төрийн тогтолцоонд хоёр том асуудал байгаа. Нэг нь УИХ. Ард түмэн, иргэдийн гараараа шууд сонгосон хүмүүсээс гадна намуудын санал болгосон хүмүүсээс бүрдэх ийм зарчим руу орлоо. Нөгөө иргэд нь төрөө байгуулна гэсэн, одоо нам нь төрөө байгуулна гэсэн ойлголт Монголд дэлгэрч эхэллээ. Энэ нь юунд хүргэх вэ гэдэг асуудал тодорхойгүй байна. Нөгөө талаас монгол төрийн тэргүүн 50 нас хүрсэн хүн зургаан жилээр ганцхан  удаа сонгогдох эрхтэй. Манай улс Үндсэн хуулиа ингэж өөрчлөхдөө хоёр зүйлийг бодсон болов уу гэж би боддог юм. Нэг нь 1990-ээд оноос “Социализмын үед Төрийн тэргүүнд нэг хүн тогтвортой байгаад байсан. Тэрнээс болж дарангуйлал үүссэн” гэх мэт янз бүрийн гомдол, номлол байдаг. Тэрийг дагаад ч юм уу, ер нь монголчууд залхахдаа амархан, шинэ сонин юм сонирхохдоо их овсгоотой болохоор тэр үү, төрийнхөө тэргүүнийг дөрвөн жилд нэг удаа сольж байя гэсэн үзлээр Үндсэн хуульдаа хоёроос дээш удаа сонгогдох эрхгүй гэсэн заалттай болсон. Ингэж байснаа  2019 онд ерөөсөө ганц удаа болгоё гэж оруулсан. Нэг удаа болгохдоо зургаан жил болгодог нь юу вэ гэхээр манай урд хөршид  тухайн үед төрийн тэргүүнээ зургаан жилийн хугацаагаар нэг удаа сонгоно гэсэн хуультай байсныг дуурайсан болов уу. Хараад байхад сонин зүйл их ажиглагддаг. Яагаад Монголын төр дөрвөн жилд нэг удаа бужигнаж, зургаан жил тутам нэг удаа тархиараа годройтож  байх ёстой юм бэ? Дөрвөн жилийн хугацаа гэдэг бол Монголын нөхцөлд орон сууцны нэг барилга барьсан ч гүйцэхгүй хугацаа. Нэг Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа гэхэд нэг байшин барьж амжихгүйгээр огцроод  явах нь байна шүү дээ. Энэ байдал нь эдийн засагт сайн нөлөөлөв үү. Амьдралд  сайн нөлөөлөв үү. Наанатай, цаанатай харах юм бий.

-Тэгэхээр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа урт байх нь төр тогтвортой байна гэсэн үг үү?

-Төрийн тэргүүний тухайд надад бүр өөр юм бодогддог. Яагаад Сингапур гэж дээр үед колонийн орон байсан хоцрогдсон орныг Ли Куан Ю гэж хүн 27 жил төрийг нь толгойлж байж өдий зэрэгт хүргэж чадсан юм бэ гэдэг асуулт гарна. Яагаад орчин үеийн дэлхий ертөнцөд, тухайлбал В.Путин 20 жилд Орос орныг ямар болгосныг бид харж байна. А.Меркель зургаан жил ХБНГУ-ын төрийг толгойлж явсныг, М.Тэтчер  Английн төрийг хэдэн жил толгойлсныг харж байна. Сайн муутай нь хольж ярихад Чилийн төрийг толгойлсон А.Пиночет 20 гаруй жил болсон. Бусад улсын Үндсэн хуулийг үзэхэд төрийнхөө бодлогын уламжлалт чанарыг хадгалж явах, төрийн бодлогын нэгдмэл  байдлыг хангахад Ерөнхийлөгчийн үүрэг маш өндөр байдаг. Манайх сонгодог парламентын засаглалд шилжинэ гээд Ерөнхийлөгчийнхөө эрхийг нь хягаарлах, тэр  тал руу яваад байдаг. Энэ дунд сонин зүйлүүд ажиглагддаг. Ардчиллын хамгийн гол эх үндсийг тавигч Франц орон гэхэд Ерөнхийлөгч нь Үндсэн хуульдаа бичсэнээр төрийн салаа мөчир болсон байгууллагуудыг Ерөнхийлөгч нь нэгтгэж явах  үүрэгтэй гэж бий. Тэгж байж сая нэгдмэл бодлоготой явдаг. Жишээбэл, Италийг парламент анх үүссэн орон гэж ярьдаг. Ерөнхийлөгч нь улсынхаа магистрантурын хурлыг шууд даргалах үүрэгтэй. Хуулийн салаа мөчрүүд тэр чигээрээ Ерөнхийлөгч авч явах жишээтэй. Энэ мэтчилэн парламентын засаглалтай улс орнуудыг харахад төрийн тэргүүн нь маш өндөр үүрэгтэй байдаг. Англид  хязгаарлагдмал хаант засагтай, дээр нь парламентын засагтай. Төсвөө батлахдаа төлөөлөгчийн танхим, лордын танхим нь санал зөрвөл Эзэн хаанд өгч, эцсийн шийдвэр тэндээс гардаг. Японыг парламентын засаглалтай гэж бид ярьдаг. Гэтэл Японы хуулиар Эзэн хаан, Ерөнхий сайдыгаа огцруулъя гэж парламентад санал тавих юм бол шалтгааныг тайлбарладаггүй, шууд шийддэг. Тэгэхдээ парламент нь Ерөнхий сайдтайгаа хамт огцорч дахиад төрийн сонгууль явдаг. Энэ мэтчилэн төрийн нэгдмэл толгойтой байж улс орон тогтвортой оршдог.

-Монголын нөхцөл байдал олон толгойтой, хоорондоо зөрчилтэй байгаа нь сайн юманд хүргэхгүй гэж та хэлж байна аа даа?

-Монголд Үндсэн хуулиар тогтоосон журам, баримталж байгаа чиглэл бол төр олон толгойтой болох гээд, тэрний нэг илрэл нь одоогийн шүүх засаглал болж байна. Энэ төрийн бүрэн эрхийн хугацаанд олон юм ажиглалаа, Засгийн газар, УИХ нь хоорондоо тэмцэлдэнэ. Засгийн газар, Ерөнхийлөгч хоёр нь таарахаа болино. Ерөнхийлөгч, УИХ хоёр нь таарахаа байна. Янз бүрийн юм үзлээ шүү дээ, бид. Тэгэхээр Ерөнхийлөгчийн бүрэн эрх гэж юу вэ. Төрийн тэргүүн хүн ямар байх вэ гэдгийг Үндсэн хуульдаа нэлээн чамбай бодож засвар хийхгүйгээр бид цаашид дэлхий ертөнцийн том өөрчлөлтийн үед хүнд байдалд орох тохиолдол гарч болохыг үгүйсгэхгүй. Зургаан жил болоод Ерөнхийлөгчөө  заавал сольж бай гэдэг чинь  зургаан жилийн дараа бас л нэг өөр хүнийг сонгох хэрэгтэй болно. Төрийн тэргүүнээ олно, Төрийн тэргүүнээ хүмүүжүүлнэ, Төрийн тэргүүндээ итгэл олно гэдэг хугацаа шаарддаг юм байна. Энэ бол улс үндэстний оршин тогтнохуйн маш том асуудал байдаг. Тиймээс миний бодлоор бол одоо Ерөнхийлөгчийн сонгууль болоход хоёр, гуравхан жил үлдэж байна. Энэ асуудлаа хэлэлцэж шийдсэн нь дээр байх.

 

Хууль гарлаа гээд бүх юм сайхан болчихгүй

 

-Одоо Баялгийн сангийн хуулийн тухай сэдэв рүүгээ эргэн оръё. Манай улс 30 жил ярьсан хуулиа сая баталчихлаа. Иргэдэд ирэх өгөөж хэр байх бол?

-Монгол бол үлэмж баян орон. Тэгсэн атал бид их ядуу амьдардаг. Ядуугаасаа болж өр ширэнд ордог. Байгаа юмаа гадагшаа зөөж гаргаад, идэж ууж хэрэглээд, түүний цаад талд бас өр тавьж амьдарч ирлээ. Одоо Монголын хүн бүр 10 мянган ам.долларын өртэй сууцгааж байна шүү дээ, гадаад  талдаа. Дотоод өрийг яривал иргэдийн өр жилийнхээ орлогын 80 хувьд хүрчихлээ. Ирээдүйд бид ингэж амьдарсаар байх уу, олсон зөөсөн юмнаасаа бага багаар боловч хуримтлуулж, ирээдүйдээ чиглэсэн хөрөнгө оруулалт хийж амьдрах уу гэдэг асуудал хэнд ч ойлгомжтой. Үүнийг олон  жил ярилаа, элдэв янзаар шийдэх гэж үзлээ. Шийдэхээсээ илүүтэй тэр дунд  будилж  үзлээ. Энэ хууль бол олон түмэндээ ил тод иймэрхүү дүрэм журмаар хуримтал үүсгээд зарцуулах нь гэдгээ төр нь зарлаж байгаа нь давуу талтай юм. 2019 онд Үндсэн хуулиа өөрчлөхдөө иргэдийн олонх нь, улс төрийн хүчнүүдийн дийлэнх нь нийгмийнхээ өв баялаг, түүний дотроос байгалийн баялгаа зөв ашиглая. Энэ нь бүх ард түмний өмч болохоос төрийн эрх барьдаг хэдэн хүний дур зоргоороо зарцуулдаг, ашигладаг явдал зохисгүй байна гэсэн санал их л гарч байсан. Гэхээ тэр үед янз бүрийн санаа бодол гарч, ер нь  Монголын  байгалийн өв баялаг бол төрийн өмчийн доторх нийтийн өмч юм гэсэн томъёолол хийгээд зогссон шүү дээ. Түүнээс хойш 4-5 жил болж байж сая Баялгийн сангийн тухай хууль гарлаа. Энэ хуулиа ерөнхийд нь авч үзвэл, бид гурван чиглэлээр сан байгуулж амьдрах юм байна. Нэг дэх нь Ирээдүй сан. Хоёр дахь нь Хөгжлийн сан, гурав дахь нь Хуримтлалын сан. Энэ гурван сан ямар зориулалттай, юунд хүргэх вэ гэдгийг харахад бас сэтгэл зовоосон юм зөндөө л байна. Хууль гарлаа гээд бүх юм сайхан болчихгүй.

-Таны санааг зовоож байгаа  зүйл нь юу юм бол?

-Хуулиа завхруулах, буруу хэрэглэх юм уу, угаасаа хууль нь ямар нэгэн утгаар гадны жолоодлоготой, чиг баримжаатай байх аваас санасан хэмжээнд үр дүн өгч чадахгүй. Миний хувьд гурван зүйл дээр эргэлзээ төрөөд байгаа.

-Ямар үндэслэлээр тэгж бодох болов?

-Нэгдүгээрт, ирээдүй санд хуримтлагдсан орлогыг гадаадад байршуулж, гадны үнэт цаас авах, түүнийхээ хүүгээр арвижуулах гэсэн бодлого баримтлах юм шиг байна. Бид гадны үнэт цаас авах гэж сан байгуулаагүй шүү дээ. Байгалийнхаа баягийг бид үрэн таран хийж, нөхөн сэргээгдэхгүй баялгаа зарж идэж байна. Тэгвэл тэр  баялгийг орлох сан байгуулж байгаа юм шүү дээ. Тиймээс ирээдүйд хэзээ нэгэн цагт “Хүүхдүүд маань том болоод тэр мөнгийг иднэ” гэж сан байгуулах биш, залуучууд нийгмийнхээ оюуныг хөгжүүлж, залуучуудад боловсрол олгож, өөрсдийнхөө доторх орчинд  техник, технологи боловсруулж нэвтрүүлэх, түүнд зарцуулсан бол илүү үр ашиг өгнө байх гэж бодож байна. Яах вэ, мөнгө хөрөнгөө хуримтлуулаад, улсынхаа эдийн засгийн тогтвортой байдал, хүмүүсийн аж амьдралын тогтвортой байдлыг бэхжүүлж болно. Тэгэхдээ гадны үнэт цаасанд хийсэн дээр үү, өөр арга бий юу гэдэг асуудал гарна. Миний бодоход, нэг сонин зүйл ажиглагддаг. Гадны үнэт цаасанд бид мөнгөө байршуулаад, жилдээ 3-5 хувийн ашиг авах л байх. Гэхдээ тэр нь инфляцаа гүйцээч үү, үгүй чүү, янз бүрийн ауудал гарна. Сүүлд нь ам.доллар гэдэг мөнгө дэлхийн валют хэвээрээ байгаа ч уу, үгүй чүү гэдэг асуудал гарна. Гэтэл нөгөө талд бас нэг сонин юм ажиглагддаг. Алт гэж таваар Монголд бий. Монголд жилдээ 40 орчим тонн алт олборлодог. Үнээр нь зарж гэмээ нь 3-4 тэрбум ам.доллар болно. 1990 онд нэг унци алт  буюу 31 грамм алт 348 ам.доллар хүрч байсан. Саяхан 2348 ам.доллар болж. Тэгэхээр бид алтаа гадагш зарж ам.доллар аваад, түүний ханш нь  унаж, цааш гадаадад байршуулна гэж зовж байхын оронд олборлосон алтаа дотооддоо банкныхаа нөөц болгож хадгалаад байвал аяндаа үнэ нь өсөөд байх жишээтэй. Алтны өмнө ямар валют мөнгөний үүрэг гүйцэтгэж байна гэдгээс хамаарахгүй шүү дээ. Тэгэхээр алтаа гадагш гаргахаа больж, Ирээдүй сангийнхаа мөнгөөр алт аваад байвал ашигтай. Өөрийн үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэ өснө. Хоёрт, найдвартай өөрийн мэдэлд байх болно. Гуравт, тэр алтыг хэзээ ч олон улсын зах зээл дээр гаргаж худалдаж болох бараа шүү дээ.

-Ирээдүй сангийн мөнгийг гадаадад байршуулах юм байна гэж ойлгогдож байгаа. Энэ хэр найдвартай байдаг бол?

-Ер нь Ирээдүй сангийн мөнгийг гадаадад байршуулж, гадны үнэт цаас авах хэлбэрээр ашиглах юм бол нэг талаас дотооддоо авлига болон элдэв өнгийн юм хөгжсөн цагт колоничлол болно. Монголын Ирээдүй сангийн мөнгө Монголдоо эргэлдэж, Монголын төлөө үйлчлэхийн оронд гадаадад эргэлдэж байх нь байна шүү дээ. Өөр нэг зүйл нь Баялгийн сангийн хуульд заасан Хөгжлийн сан. Тэнд мөнгө хуримтлуулж, тэрийгээ ард иргэдэд ногдол ашиг маягаар тараах юм байна.  Би нэг юманд их харамсдаг. 1991 оны дөрөвдүгээр сарын 1-нд Өмч хувьчлалын хууль гарч батлагдаж байсан. Тэр хуулиар мөн ард иргэдээ өмчтэй болгоё, хувьцаа эзэмшүүлье, ашиг авдаг болгоё гэж их хувьчлалын эрхийн бичиг нь хүн бүрт долоон мянган төгрөг гээд тараасан. Гэтэл тэр хуулиар үйлдвэр аж ахуйн газрын ажилчид нь өөрийнхөө үйлдвэрийг хувьчлахад их хувьчлалын эрхийн бичгээрээ  худалдаж авах давуу эрхтэй  гэж хуульчилсан байсан. Өөрөр хэлбэл, үйлдвэр аж ахуйн газрын ажилчид тэр чигээрээ хувьцаа эзэмшигчид болоод өөрийнхөө үйлдвэрийн хувь заяаг шийдээд явна, тэгээд ашгаа хүртэнэ  гэсэн үг. 1993 онд МАХН төр барихдаа тэр хуулийг хүчингүй болгоод, худалдана гээд дуудлага худалдаа, захиалга худалдаагаар худалдах хууль гаргаад завхруулсан. Одоо эргээд бүх ард түмэндээ хувьцаа ногдуулж, ашиг хүртээнэ гэж оролдож эхэллээ. Тэр үйлдвэрийн газар ажилладаг хүн ч байна, үгүй ч хүн байна. Тэр үйлдвэрийн ашгаас хүртэнэ гэж бодож суух нь л дээ. Байгалийн баялаг бүх ард түмний өмч гэдэг утгаараа тэгж байж болох. Гэхдээ энэ бол яг жинхэнэ үйлдвэрээ хөгжүүлэх, эдийн засгаа хөгжүүлэх, тэр хамт олон, ажил эрхэлж буй хүмүүсийн сонирхлын шууд хөшүүрэг болж чадахгүй. Энэ бол зүгээр л тэгшитгэн хуваарилах социализмын үеийн аргын нэг хэлбэр болоод явчихна. Үүнд би  жаахан харамсаж байдаг юм. Ер нь амьдралыг нь тэтгэе гэвэл өнчин ядуус, өвчтэй зовлонтой хүмүүс, ард иргэдээ харж үзэх тэр сангаа тусад нь байгуулж, тэр нь ганц байгалийн баялгаас бус Монголын нийгмийн бүх салбартай холбоотой асуудал, түүнд зарцуулагдаад явбал Баялгийн санг утга учиртай зарцуулагдаж болох байсан болов уу.

-Хуримтлалын сангийн тухайд та юу хэлэх вэ?

-Хуримтлалын санд мөнгө хуримтлуулж болно. Том хөрөнгө оруулалт хийж  болно.  Гэтэл бид ямар замаар явж ирэв. Хөгжлийн банк байгуулж, том төслүүдийг санхүүжүүлнэ гээд аваачсан. Нөгөөх нь хамаг мөнгөө тарааж хаяад, шүүх, прокурор  болж, нийгмээ бухимдалд автуулж бантан болоод дуусаж байна. Бид том төслийг яаж хэрэгжүүлж, амжилтад хүргэж байна гэдэг амьдрал дээр тод харагдана.  Жишээ нь, Газрын  тосны үйлдвэр гэхэд Монголын амьдралд маш том ач холбогдолтой төсөл. Гэтэл 2018 онд Газрын тосны  үйлдвэр байгуулна гэж ажил эхлээд 2022 онд ашиглалтад орох байсан, одоог хүртэл байхгүй. Том төсөл эхлүүлээд тэрийгээ хэрэгжүүлэх зохион байгуулах чадвар манайханд дутаж байна. Миний бодоход, зорилтот хөтөлбөрийн арга хэрэглэх хэрэгтэй. Манайхан энэ дээр Газрын тосны үйлдвэрийн хууль гаргана ч гэж үзлээ. Зорилтот хөтөлбөрийн хүрээнд хүрч асуудлаа шийдэж чадаагүй болохоор 2027 оноос нааш бараа нь харагдахгүй боллоо. 2027 онд ч бүтэх юм уу, үгүй юм уу. Тэгэхээр том хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх тэр арга технологио төр өөрөө эзэмшээгүй байна гэсэн үг.

 

Хөөрхий, юу хийснээ мэдэхгүй юм чинь сайн юм хийсэн гэж л бодож явдаг байх даа

 

-Эдийн засаг, санхүүгийн сахилга бат манайд байхгүй. Ерөнхий сайд байсан хүн баялагтай холбоотой асуудалд буруу шийдвэр гаргаж, бусадтай хуйвалдсан хэргээр эх орноосоо оргож АНУ-д байна. Еөнхийлөгч асан Ц.Элбэгдорж түүний араас орох бололтой. Төрийн өндөр албан тушаалтнууд ийм хэрэг  хийгээд харьд очиж бүгдэг асуудлыг та юу гэж боддог вэ?

-Оюутолгойн асуудал бол эхлэхээсээ буруу эхэлсэн. 2009 оны гуравдугаар сарын 30-нд МАН гэрээг зөвшөөрч, 31-нд АН-ынхан хуралдаж гэрээг зөвшөөрлөө гээд баялгаа хүний гарт өгч, гэрээгээр туугаад тавьчихсан. Анхнаасаа буруу хийгдсэн гэрээ цааш буруу явна. Ч.Сайханбилэгийн үед ямар асуудалтай тулав гэхээр нэгдүгээрт, тэр өөрөө эдийн засагч биш. Олон нийтийн сургууль төгссөн гэдэг байх аа. С.Баярцогт мөн адил, эдийн засагч биш, Комсомолын сургууль төгссөн улсууд шүү дээ. Энэ хүмүүс олон түмнийг араасаа дагуулах, уриа лоозон барихдаа сайн л байх, мэргэшсэн. Эдийн засгийн хувьд анхны мэдэгдэхүүнгүй улс шүү дээ. Ийм хүмүүс очоод эдийн засгийн асуудал шийдэх гэж оролдож байна. Тэгэхэд тухайн үед гадныхантай гэрээ хэлцэл хийхэд ямар бодлого баримтлах вэ, яаж үндэсний эрх ашгаа хамгаалах вэ. Тэр удирдамжийг ҮАБЗ-өөсөө гаргаж, мэргэжилтнүүдийн санал зөвлөгөөг авч, ингэж ажиллах нь зүйтэй, ийм асуудал тавина гэдгээ тодорхойлж, тэр дагуу гэрээ хэлцлээ хийдэг. Явцыг нь ард нь  мэргэжлийн хүмүүс хянаж ажиллах ийм бүтэц бий болгохгүйгээр Ерөнхий сайд өөрөө цаас барьж гүйж очоод гадныхантай гэрээнд гарын үсэг зурна гэдэг бол ерөөсөө төрийн ажлын анхны мэдэгдэхүүн байхгүй, чадваргүй хандсан хэрэг л дээ.

-Тэр үед гэрээ байгуулсан хүмүүс “Бид гавьяа байгуулсан” гэж ярьдаг шүү дээ?

-Тэгж яриад байдаг, Оюутолгой гэж хөдлөхгүй байсан юмыг бид хөдөлгөсөн. Тавантолгой гэж хөдлөхгүй байсан юмыг бид эвсэл байгуулж, Засгийн газарт хамтарч байгаад хөдөлгөсөн гээд... Энэ хоёр том орд чинь Монголын эдийн засгийн бүхий л нурууг босгох ордууд. Хөдөлгөх нь чухал, өөрөөр хэлбэл, тэрийг ажиллуулж, ашгийг нь Монголын ард түмэн биш гадныхан аваад явж байхад баярлаад сууж байх нь л дээ. Ийм сэтгэхүйгээр хандсан байгаа юм. Түүнээс Ч.Сайханбилэг Монголынхоо эсрэг чиглэсэн зориудын үйл ажиллагаа явуулсан гэж би боддоггүй. Тэр хүн өөрийнхөө мэдэхгүй, чадахгүй юман дээр очоод тийм зүйл болсон. С.Баярцогт ч ялгаагүй. Тэрэн дээрээ л өөрсдөө заваарч суугаа улс. Тэр үед манай Ерөнхий сайд С.Баяр байлаа. Мань хүн одоо хүртэл тэрийгээ өмгөөлөөд, би зөв юм хийсэн гээд ярдаг. Хөөрхий, юу хийснээ мэдэхгүй юм чинь өөрийгөө сайн юм хийсэн гэж л бодож явдаг байх даа.

-Ч.Сайханбилэгийн тухайд тийм байж, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон “Ачит-Ихт” компанийн талаар таны бодлыг сонсъё?

 -“Ачит-Ихт” бол “Эрдэнэт”-ийн овоолго дээр ажиллаж байгаа. Тэр овоолго бол сүүлд технологи сайжрахаар эргэж ашиглана гэж овоолдог эд л дээ. Миний бодоход, улс төрийн нөлөө орсон ухуулга яваад байна уу гэж боддог. “Ачит-Ихт”-ийнхэн эндэгдэл гаргаад бид Эрдэнэтийнхэнд 34 хуийнхаа оролцоог хэрэгжүүлээч гэж есөн удаа бичиг өгсөн. Өөрсдөө тэрийгээ хэрэгжүүлээгүй гэсэн байна билээ. Ер нь үйлдвэрийн хаягдлыг ашиглаж явна гэдэг улс орны хувьд дэвшил. Оюутолгойн хаягдал овоолго гээд одоо гарч байгаа. Тэр овоолго дотор алт ч бий, мөнгө, зэс ч бий. Ховор элементүүд олон байгаа, тэрийг ашиглах хэрэгтэй. Хажууд нь том үйлдвэр баян хүдэр дээрээ ажиллаж л байг, ядуу хүдэр дээр ажиллах нь ажиллаг. Энэ талаасаа “Ачит-Ихт”-ийн хувьд зөв юм хийж байна даа, 10-аад мянган тонн зэс жилдээ гаргаж байна. Хагийн гол нь технологийг нь бид эзэмшиж аваад, тэрэн дээрээ үндэслэж сүүлд нь том үйлдвэр байгуулж болно шүү дээ. Дээд талдаа манайхны улс төрийн хүчнүүдийн тэмцэл яваад байна уу гэсэн бодол төрдөг. Энэ хоёр өөр асуудал л даа.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.67) 2024 оны 04 сарын 30

Одоо энэ нөхрөөс санал авч яадаг юм. Бараг л би эхлээд санаачилж байсан юм яриад бна шүү дээ. Жинхэнэ 2 намын дунд ббудлиан таригч, их мэдэмхийрэгч хүн шүү

0  |  0
зочин(66.181.179.30) 2024 оны 05 сарын 13

эрдэнэтийн овоолго бол эрдэнэт хөрс хуулж маш их зардлаар бий болсон бөгөөд ямар ч хайгуул, нөөц тогтоох шаардлалагүй тул бэлэн олборлоод явах л үүсмэл бэлэн орд. иймд төр 34 биш 100 жувь эзэмшиж өмчлөх ёстой. энэ өвгөн бас буруу бодож байна.Жаахан юм олж дооосон биздээ.хаин тэр мөнгө гадаадад хадгалуулж удирдуулах биш алт болгож хадгал гэдэг зөв санаа шүү.

0  |  1
Зочин(103.212.117.50) 2024 оны 04 сарын 30

Монгол орны мөхөх замыг сайн тавьж өгсөн хүн дээ. Нэг их сайхан ярьдаг ч үнэндээ монголын яг эсрэг ажиллаж ирсэн маш аюултай хүн.

0  |  0
Зочин (202.55.188.83) 2024 оны 04 сарын 30

ИРЭЭДҮЙ ӨВ САНГИЙН МӨНГӨӨ ГАДААДАД БАЙРШУУЛЖ, ТАДНИЙ ЭРГЭЛДЭХ ХӨРӨНГӨ БОЛГОЖ БСНААС АЛТ ХУЛАЛДАН АВЧ ӨӨРИЙН ОЛЗВОРЛСОН АЛТАА ХАМТАД НЬ ӨӨРИЙН ОРОНДОО ХАДГАЛЖ БХ НЬ ИЛҮҮ НАЙДВАРТАЙ, АШИГТАЙ ГЭДЭГ НЬ ИХ ОНОВЧТОЙ САНАГДЛАА.

0  |  0
Ха ха(172.58.209.168) 2024 оны 04 сарын 30

Баярцогт, Сайханбилэг нарыг эдийн засгийн мэдлэггүй гэжээ. Орчуулагч Энхбаяр, цэргийн сэтгүүлч Элбэгдорж, хувийн сургууль төгссөн ямар мэргэжил эзэмшсэн нь тодорхойгүй Оюун-Эрдэнэ нар хэрхэн эрэмбэлэгдэх вэ?

0  |  0
Бүү тоо(172.58.209.168) 2024 оны 04 сарын 30

Худлаа мэдэмхийрсэн, цагаа өнгөрөөсөн өвгөн шүү дээ

0  |  0
Санждорж(203.23.199.2) 2024 оны 04 сарын 30

сэтгэгдэл бичигч Ардад Хэний сурталчилгаа гэдгийг чи шууд хэлчихээчдээ бас зальтай өвгөн гэдгийг, ийм хоосон яригч таамаглагч нар л улс орныг сүйрүүлдэг өөрөө хийж чадах юм байхгүй ядаж үнэнийг ярьж чаддаг байгаа ч.

0  |  0
АРД(202.9.40.217) 2024 оны 05 сарын 03

Их зальтай өвгөн дөө, өөрийн чинь үзэл бодол гэхээсээ хүний бичсэн ээлжит сонгуулийн ”ХЭН НЭГНИЙ” сурталчилгаа байна ...

1  |  0
Top