УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, ажлын хэсгүүдийг байгууллаа

2017 оны 04 сарын 17

Бүлгийн хуралдааны эхэнд Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн талаар УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжингийн танилцуулгыг бүлгийн гишүүд сонслоо.

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хэд хэдэн анхаарах  заалтууд тусгагджээ. Зөрчлийн тухай хууль дангаараа бол ач холбогдол багатай. Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль, Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль зэрэг дөрвөн хуулийн төсөл УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд явж байна. Эдгээр хуулийн төслүүдтэй холбоотойгоор УИХ дээр байгуулагдсан ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй маш олон концепци хийгдсэн саналууд орж ирсэн учраас судалж үзэх шаардлагатай гэж бүлгийн гишүүд үзлээ.  Үүнд тухайлбал, Эрүүгийн хуульд байсан 1 жил хүртэлх хорих ялтай гэмт хэргүүдийг зөрчил болгож, Зөрчлийн хууль руу шилжүүлж бичиж байгаа, зөвхөн торгуулийн шийтгэлтэй байсныг баривчлах шийтгэлтэй болгож хувиргаж байгаа зэрэг олон концепци эвдэгдэхээр байгаа тул Ардчилсан намын бүлэг анхаарч ажиллаж, УИХ-ын гишүүн Ж.Батзандангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж ажиллахаар шийдвэр гаргалаа.

Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг судлах ажлын хэсэг байгуулав

Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн З.Нарантуяа бүлгийн гишүүдэд хийлээ.

Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг УИХ-ын нэр бүхий 10 гишүүн өргөн барьсан. Өргөн барьсан хуулийн төсөл бол Хөрөнгө оруулалтын банкны төгс зохицуулалт биш. Хөрөнгө оруулалтын банкны гол үйл ажиллагаа нь компани, аж ахуйн нэгж, иргэд, Засгийн газрын байгууллагуудад хөрөнгөө өсгөх, өөрсдийнхөө бизнесийг өргөжүүлэх, санхүүгийн зөвлөгөө өгөх зэрэг  ажлыг мэргэжлийн төвшинд хийж өгдөг. Ийм эрхийг зарим орнуудад арилжааны банкуудад өгдөг. Зарим газар бүр салгадаг. Манай Улсад аль чиглэл нь илүү зохимжтой, хэрхэн зохицуулах хэрэгтэй вэ гэдгээ сайн тодорхойлох ёстой гэж үзээд УИХ-ын гишүүн З.Нарантуяагаар ахлуулсан ажлын хэсгийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг  байгууллаа. Уг ажлын хэсэг нь дээрх хуулийн төслийг судлан үзэж, УИХ, байнгын хороодод санал дүгнэлтээ хүргүүлэх юм.

Бүлгийн хуралдааны төгсгөлд Орон нутгийн сонгуулиар Ардчилсан нам ялсан сумдын тулгамдсан асуудал болон бусад асуудлын талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан, намын ЕНБД-ын үүргийг түр  орлон гүйцэтгэгч Ц.Туваан нарын мэдээллийг сонслоо.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top