Х.Сугир: Төсвийн мөнгийг үрэн таран хийсэн хүмүүст хариуцлага тооцох ёстой

2017 оны 05 сарын 15

ТВ5 телевизийн  “Монгол Улсаа хөгжүүлье” нэвтрүүлэгт  Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир оролцлоо. Тэрбээр ярилцлагынхаа үеэр  Өмнөговь аймагт үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тайлбар хийсэн хэсгээс уншигч танд хүргэж байна.

“МАН-аас сонгогдсон дөрвөн нэр дэвшигчийг АН хууль бус гэж үзээд байгаа. Тус дөрвөн хүнийг сонгуулийн сурталчилгааныхаа үеэр  иргэдийг ажилтай болгоно гэх амлалт өгсөн гэж гүтгэсэн. Гэвч тийм зүйл болоогүй. Хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан ч АН-ынхан дээд шатны шүүхэд давж заалдсан. Тэд сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас бид 20 гаруй шүүх хуралд суулаа. Энэ нь маш их цаг алдсан хэрэг боллоо. Ингэж байхын оронд  аймагтаа хийж бүтээх ажлаа, иргэдийг хэрхэн орлоготой болгох ажилд анхаарч байсан бол дээр илүү их бүтээмж гарах байсан. Мөн  төсвийн мөнгийг үрэн таран хийсэн хүмүүст хариуцлага тооцох шаардлага ч байгаа. Тухайлбал, 2012-2014 оны хооронд 14 тэрбум төгрөгийн зээлийг  аж ахуйн нэгжид өгчээ. Орон нутгийн төсвөөс нэг аж ахуйн нэгжид л гэхэд 1-2 тэрбум төгрөгийн зээл өгсөн байсан. Тус зээл авсан газрууд жилийн дотор хүүгүйгээр зээлээ буцааж төлөх ёстой байсан ч хоёр нь л буцаан төлөлт хийжээ. Үүнийг Эрүүгийн цагдаагийн газарт өгч шалгуулсан. Аймгийн прокуророос шалгаж байна аа гэсэн тайлбартайгаар удаан хугацаанд шийдвэрлэгдэхгүй явсаар улмаар хэрэгсэхгүй болгосон. Шалтгаан нь Өршөөлийн хуульд хамруулсан гэсэн юм. Энэ мэт хууль завхруулсан үйлдэлтэй эвлэрч болохгүй” гэж ярилаа.

Б.Янжиндулам

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top