Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 10 дугаар хуралдаан Хангарьд ордонд эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар, Хотын 2016 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Нийслэлийн 2017 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэгээр 5-9 дүгээр сард хэрэгжүүлэх үйл ажиллагааны тусгай төлөвлөгөө батлах тухай асуудлуудыг хэлэлцэх юм.
НИТХ-ын дарга Ц.Сандуй ээлжит 10 дугаар хуралдааныг нээж хэлсэн үгэндээ "Нийслэлийн Засаг даргаас өргөн барьсан 2016 оны төсвийн гүйцэтгэл, аудит хийлгэсэн санхүүгийн нэгтгэсэн тайланг НИТХ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 б, Төсвийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4, 64 дүгээр зүйлийн 64.1.2-т заасан бүрэн эрхийн хүрээнд хэлэлцэж батлах учиртай.
2016 оны Нийслэлийн төсвийн орлогын төлөвлөгөө 14.6 тэрбум буюу 1.6 хувиар, үүнээс татварын бус орлогын төлөвлөгөө 18.0 тэрбум төгрөгөөр тасарч, хотын шуудын орон нутгийн төсвийн нийт зарлагын төлөвлөгөөний гүйцэтгэл 97.7 хувь байна.
Төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлэх Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж ажилласны үр дүнд хотын шуудын 2016 оны зардлын хэмжээг төлөвлөснөөс 12.2 тэрбум төгрөг буюу 2.3 хувиар бууруулж, төсвийн хөрөнгийг хэмнэж ажилласан нь сайшаалтай.
Гэвч Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл арга хэмжээнээс 25.6 тэрбум төгрөгийн ажил дутуу хийгдсэнийг ажлын зохион байгуулалт, сахилга, хариуцлагатай холбож үзэхээс өөр аргагүй. Эдийн засгийн хямралыг даван туулахын тулд Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахаар урьдчилсан байдлаар тохиролцоод байна.
Хөтөлбөрт хамрагдахад төсвийн бүтцийг сайжруулах чиглэлээр зарим үүрэг хүлээсэн тул Улсын Их Хурал 2017 оны хаврын чуулганы эхэнд Монгол Улсын 2017 оны төсөвт тодотгол хийж баталсан билээ.
Үүнтэй уялдуулан Нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн 2017 оны батлагдсан төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” асуудлыг өргөн мэдүүлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )