Хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2017.05.24) хуралдаан 09 цаг 50 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, таван асуудал хэлэлцэхээр тогтлоо. Хуралдаанаар эхлээд Монгол Улсын Статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа танилцууллаа. Тус тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр санал хураан, дэмжигдсэн зарчмын зөрүүтэй 14 саналын томъёоллыг төсөлд нэмж тусган, найруулга болон хууль зүйн техникийн засвар хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна. Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар асуулт асуун, Ажлын хэсгээс хариулт авлаа. Дараа нь Монгол Улсын Статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир танилцуулав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.7 дахь хэсгүүдийг үндэслэн Ажлын хэсэг нэгдсэн хуралдаанаар хийсэн анхны хэлэлцүүлгийн үеэр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд тусгасан байна. Зарчмын зөрүүтэй саналууд дэмжигдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь заалтыг үндэслэн Усан замын тээврийн тухай хуулийг хүчингүйд тооцох тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Монгол Улс жилдээ усан тээврээс хэдэн төгрөгийн орлого олдог талаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар асуулаа. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутаг дэвсгэр дэх Хөвсгөл нуурт манай улсын дотоодын усан тээвэр хийгдэж байгаа бөгөөд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуйн нэгжүүдэд жилд дунджаар 450 сая төгрөгийн эргэлт явагддаг гэсэн тооцооллыг Далайн захиргааны газрын дарга С.Түвшинтөр танилцуулсан. Ийнхүү гишүүд асуулт асууж, Ажлын хэсгээс хариулт авсны дараа Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.
Сангийн сайдын мэдээлэл сонсов
Үүний дараа Засгийн газрын гадаад, дотоод өрийн удирдлагын байдал, Засгийн газрын гадаад бондыг эргүүлэн төлөх, дахин санхүүжүүлэх чиглэлээр авч байгаа арга хэмжээний талаархи Сангийн сайдын мэдээллийг сонслоо. Сангийн дэд сайд Х.Булгантуяа Засгийн газрын төгрөгөөр илэрхийлсэн өрийн үлдэгдэл 2016 оны эцэст 22,280.1 тэрбум төгрөгт хүрсэн талаар танилцуулгын эхэнд дурдав. Үүнээс гадаад өр 12,363.8 тэрбум төгрөг, дотоод өр 6,464.9 тэрбум, Засгийн газрын өрийн баталгаатай зээлийн үлдэгдэл 3, 451.5 тэрбум төгрөг байсан бол 2017 оны эхний улирлын байдлаар өрийн үлдэгдэл 20,970.6 тэрбум төгрөг болжээ. Үүнээс 13,951.5 тэрбум төгрөг нь гадаад өр, 5,148.4 тэрбум төгрөг нь дотоод өр, 1,870.7 тэрбум төгрөг нь Засгийн газрын баталгаа хэмээн Сангийн дэд сайд танилцуулсан. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн Засгийн газрын өрийн үлдэгдэлийн ДНБ-д харьцуулсан харьцаа нь 2016 онд 80 хувь байхаас гүйцэтгэлээр 79 хувь, 2017 онд 85 хувь байхаас энэ оны эхний улирлын байдлаар 72.7хувьтай байгаа нь хуульд заасан төсвийн тусгай шаардлагыг хангажээ. Үргэлжлүүлэн тэрбээр Засгийн газрын өрийн удирдлагын чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулсан юм. Монгол Улсын эдийн засагт тулгамдсан дахин санхүүжилтийн өндөр эрсдэлтэй байсан Засгийн газрын баталгаатай 2017 оны гуравдугаар сарын 21-нд эргэн төлөгдөх хуваарьт Хөгжлийн банкны 580 сая ам.долларын евро бондыг өрийн зохицуулалтын арга хэмжээний хүрээнд амжилттай дахин санхүүжүүлсэн байна. Энэхүү ажлын хүрээнд улсын гадаад валютын нөөцийг огцом хэлбэлзэлгүй, эдийн засагт сөрөг нөлөөлөлгүй, хөрөнгө оруулагчид болон зах зээлд ээлтэй хэлбэрээр Засгийн газрын үнэт цаасыг олон улсын зах зээлд гаргаж, бүрдүүлсэн эх үүсвэрээр өрийг солих, үлдэгдэл төлбөрийг төлөх арга хэмжээг авч хэрэгжүүлжээ.
Засгийн газар 2017 оны гуравдугаар сарын 09-ний өдөр 600.0 сая ам.долларын “Хуралдай” бондыг долоон жилийн хугацаатай, 8.75 хувийн хүүтэйгээр арилжаалж, эх үүсвэрийг дээрх өрийг дахин санхүүжүүлэхэд ашигласан байна. Засгийн газрын баталгаатай “Хөгжлийн банк”-ны 580.0 сая ам.долларын 476.0 сая ам.долларыг өмнө нь эзэмшиж байсан нийт хөрөнгө оруулагчдын 82 хувьтай нь Засгийн газрын гаргасан шинэ бондоор сольсон бол үлдэгдэл 104.0 сая ам.долларыг 2017 оны гуравдугаар сарын 20-ны өдөр төлж барагдуулжээ. Энэхүү арга хэмжээний үр дүнд олон улсын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, эдийн засагт тулгамдаад байсан төлбөрийн асуудлыг бүрэн шийдвэрлэснээр Монгол Улсын нэр хүндэд олон талын эерэг нөлөө үзүүлсэн хэмээн дүгнэсэн байна.
Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Дамба-Очир, Б.Баттөмөр, Д.Тэрбишдагва нар асуулт асууж, саналаа хэллээ.
Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөв
Дараа нь Засгийн газраас 2017 оны тавдугаар сарын 15-ны өдөр ирүүлсэн Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөв. Төслийн талаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа танилцууллаа. Бүгд Найрамдах Солонгос Улсын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сан (ЭЗХХАС)-гаас 2017-2019 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр байгуулахаар төлөвлөж байна. ЭЗХХАС нь 1993 оноос хойш Монгол Улсын Засгийн газарт зээл олгож эхэлсэн бөгөөд 1993-2011 онд нийт 60-аад сая ам.долларын зээлийн хөрөнгөөр найман төсөл хэрэгжүүлсэн, түүнчлэн 2012-2016 онд 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр найман төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсноос өнөөдрийн байдлаар 105.6 сая ам.долларын өртөг бүхий таван төслийн зээлийн хэлэлцээр байгуулж, төслүүдийг хэрэгжүүлж байгаа юм байна. Шинээр авах хөнгөлөлттэй зээлийн хэмжээ 500 сая ам.доллар, зээлийн ерөнхий нөхцөл нь зээлийн хүү 0.2 хувь, зээл эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил юм. Энэхүү зээл нь 46.3 хувийн хөнгөлөлттэй түвшинтэй байгаа бөгөөд Монгол Улсын өрийн удирдлагын тухай хуулийн ангилалаар нэн хөнгөлөлттэй зээлийн ангилалд хамаарч байгаа аж.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.8-д “Олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний төсөл, эсхүл эх бичвэртэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж болно” заасны дагуу танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Баттөмөр, М.Оюунчимэг нар асуулт асууж, санал хэлсэн. Ингээд Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн төслийг дэмжих санал томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь дэмжлээ. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.
Монголбанкинд хийсэн шалгалтын дүнг танилцууллаа
Мөн хуралдаанаар Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгээс Монголбанкинд хийсэн шалгалтын дүнг сонслоо. Тус Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ахлан ажилласан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд шалгалтын дүнг танилцуулав. Эдийн засгийн байнгын хорооны 2017 оны 02 тоот тогтоолоор Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаа, мөнгөн гүйлгээ, алдагдлын шалтгаан, нөхцөл, хэрэгжүүлсэн хөтөлбөрийн зориулалт, зарцуулалт, хэрэгжилт, үйл ажиллагаа болон санхүүгийн хэлцэлүүдийн үр дүнд шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан юм. УИХ-ын гишүүн Т.Аюурсайханаар ахлуулсан Ажлын хэсгийг бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, М.Оюунчимэг, С.Чинзориг, Б.Ундармаа нар ажиллажээ.
2012, 2013, 2014 онд инфляцийн түвшин зорилтот түвшнээс хэтрүүлсэн, өөрөөр хэлбэл нэг оронтой тоонд байлгах, 2013 онд 8 хувиас хэтрүүлэхгүй байх, 2014 онд 8 хувиас хэтрүүлэхгүй байх зорилтыг 2012 онд 14 хувь, 2013 онд 12.5 хувь, 2014 онд 11 хувь болгож хэтрүүлсэн байна. 2015, 2016 онд инфляцийг 7 хувьд барихаар төлөвлөсөн байсан ч 2015 онд 1.9 хувь, 2016 онд 1.1 хувьтай байсан дүн мэдээ гарчээ. 2012-2014 онд инфляцийн зорилтот түвшнээс хэтрүүлсэн нь мөнгөний нийлүүлэлтийн өсөлт буюу мөнгөний тэлэх бодлого явуулсантай холбоотой хэмээн үзсэн байна. Үүнд Монголбанкны уламжлалт бус мөнгөний бодлогын хүрээнд банкуудаар дамжуулан аж ахуйн нэгжүүдэд олгосон дэд хөтөлбөрүүдийн зээлүүдээс гадна “Чингис” бондын зарцуулалт, “Хөгжлийн банк”-ны төсвөөс гадуурх хөрөнгө оруулалтууд нөлөөлсөн гэжээ. Энэ хугацаанд Монголбанкны мөнгөний бодлого Засгийн газрын төсвийн бодлогын харилцан уялдаа, хамтын ажиллагаа дутагдалтай байсан хэмээн Ажлын хэсэг дүгнэсэн байна. Үүнээс үүдэн инфляци өсч, гадаадын шууд хөрөнгө оруулалт болон гадаадын цэвэр актив буурч, төсөвтэй адилтгах хөрөнгө оруулалтын зарцуулалт өндөр хэвээр байсан нь мөнгөний бодлогын зорилт хангагдахгүйд хүргэсэн гэлээ. 2015, 2016 онд инфляци зорилтот түвшингээс доогуур гарсан нь өмнөх жилүүдийн алдаатай мөнгөний бодлогын улмаас хөрөнгө оруулалт, бизнесийн салбар зогсонги байдалд орж, иргэдийн худалдан авах чадвар муудаж, улсын төсвийн хэт их ачаалал, төлбөрийн тэнцлийн дарамтаас улбаалсан эдийн засгийн агшилт нөлөөлсөн гэж дүгнэжээ.
Мөнгөний нийлүүлэлтийн хувьд 2012 онд 7.6 их наяд, 2013 онд 9.5 их наяд, 2014 онд 10.6 их наяд, 2015 онд 10 их наяд, 2016 онд 12.0 их наяд төгрөгийг тус тус зах зээлд нийлүүлсэн байна.
Банкны салбарын хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлүүдэд Ажлын хэсэг анхаарал хандуулан ажилласан болохыг Т.Аюурсайхан гишүүн танилцуулгадаа онцоллоо. 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн зээл 866.6 тэрбум төгрөг байсан бол 2017 оны хоёрдугаар сарын эцсийн байдлаар 1,045 тэрбум төгрөгт хүрч өсчээ. Нийт банкны системд чанаргүй зээл 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 879.6 тэрбум төгрөг байсан бол 2017 оны хоёрдугаар сарын эцсийн байдлаар 864.3 тэрбум төгрөгт хүрсэн байна. Чанаргүй зээлийн өсөлт 2014 оны эцсээс 59 хувиар өссөн бол хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 2.5 дахин нэмэгдсэн үзүүлэлт гарч байгаа юм. Тэр дундаа гадаад валютын зээлийн эрсдэлтэй зээлдэгчдэд олгосон гадаад валютын зээлийн эргэн төлөлт харьцангуй муу байгааг Ажлын хэсгийн санал дүгнэлтэд тэмдэглэсэн байна.
Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Монголбанкны уламжлалт бус бодлогын арга хэрэгслийн үндэслэл, хяналтын тогтолцоо, Монголбанкнаас гаргасан тушаал шийдвэрүүд хууль тогтоомжид нийцэж буй эсэх, нээлттэй байдлын талаар танилцуулсан. Мөн Монголбанкнаас байгуулсан санхүүгийн хэлцэлүүд, тэдгээрийн үр дүн, Монголбанкны алдагдал, түүний шалтгаан, нөхцөл, үйл ажиллагааны хяналтын тогтолцоо, тайлагналт, Монголбанкны удирдлага, тус банкны зөвлөл, хяналтын зөвлөл нь хуульд заасан чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн талаарх Ажлын хэсгийн санал дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан байна.
УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайханы танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Пүрэвдорж, Б.Баттөмөр, Ц.Даваасүрэн, Б.Ундармаа, Д.Тэрбишдагва нар асуулт асууж, санал хэллээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд өнгөрсөн 2012-2016 онд Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн алдаатай бодлогууд, хууль бус шийдвэр, арга хэмжээний үр дүнд олон аж ахуйн нэгж хохирч, улс орны эдийн засагт ихээхэн хохирол учирсан тул Ажлын хэсгийн дүгнэлтэд дурдагдсаны дагуу тухайн үеийн удирдлагууд, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байлаа.
Ингээд хуралдааны төгсгөлд УИХ-ын гишүүн Т.Аюурсайханаар ахлуулсан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, М.Оюунчимэг, С.Чинзориг, Б.Ундармаа нарын бүрэлдэхүүнтэй тус Ажлын хэсгийг үргэлжлүүлэн ажиллаж, дээрх шалгалтын үр дүнтэй холбоотой УИХ-аас гаргах шийдвэрийн төсөл боловсруулахыг үүрэг болгов хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )