Хямрааж хагаралдуулдаг бус эвлэрүүлж нэгтгэж чаддаг нь сонгогдоно

2017 оны 06 сарын 21

Одоогоос таван жилийн өмнө 17.5 хувьд хүрсэн байсан эдийн засгийн өсөлттэй улс орныг Ардчилсан нам хүлээн авсан. Гэвч энэ өсөлт дөрөвхөн жилийн дотор 1.4 хувьд хүртлээ уруудаж, улсын нийт гадаад өр 21.6 тэрбум ам.долларт хүрсэн юм. Дөнгөж төрсөн нярайгаас өтгөс, буурал хүртэл хүн бүр 15 сая төгрөгийн өртэй болж, улсаараа өрийн сүлжээнд орсон. Өөрөөр хэлбэл, сүүлийн дөрвөн жил ажилласан АН-ын хоёр Засгийн газар 2008-2012 онд ажилласан Засгийн газраас арав дахин их мөнгө зээлсэн гэсэн үг. Гэвч энэ дөрвөн жилд засаг мөнгөөр бялхаж бялуурч байсан ч тэр их мөнгөнөөс ард түмний амьдралд наалдсан нь ховор байлаа. Төсвөөс гадуур таван төсөвтэй, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хэдэн их наяд төгрөгтэй, Чингис, Самурай бондтой байсан ч аж ахуйн нэгжүүд банкны зээлийн өртэй, ажиллагсад нь цалингийн, ахмад буурлууд нь тэтгэврийн, өрх гэрүүд нь банкны өр зээлтэй, өдөр хоногийг аргацааж амьдарсаар ирлээ. “Дараагийн Катар” хэмээгдэж байсан улс орноо хэдхэн жилийн дотор өнөөдрийн Грекээс ч дор байдалд хүргэсэн учир шалтгаан юу байв.

Хямралыг хэн авчирсан бэ. Хэдий мөнгө байгаад ч сэтгэл, бодлого, тооцоо судалгаагүй бол эдийн засаг ийм уруу дорой байдалд хүрдгийг энэ дөрвөн жил хангалттай харуулсан. Том төслүүд энэ үед бүгд гацлаа. Тавантолгойг тал талаас нь мэрсээр өөх ч биш, булчирхай ч биш болгож орхив. Эв найрамдалгүй, эвдрэлцэж толхилцвол юунд хүргэдгийг ч эрх барьж байх он жилүүддээ Ардчилсан нам харуулсан. Тэд төрд эрх мэдэлтэй, түрийвчиндээ мөнгөтэй байсан ч дутагдаж байсан ганц зүйл нь эв нэгдэл, эв эе байлаа. Шуудайнд хийсэн үхрийн эвэр мэт тэдний хонзогнолын үр дагавар нь бодлогогүй төр, судалгаагүй шийдвэр байсан. Харин сонгуулиар ард түмэн тэдэнд дүн тавьсан.

Сүүлийн саруудад эдийн засагт ногоон гэрэл асч, эерэг үр дүн гарч эхэлж байгааг 2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газар мэдэгдсэн. Яг үнэндээ хямралыг бүгдээрээ даван туулах гэж, АН-ын тавьсан өрийг бүгд дарахаар эрвийх дэрвийхээрээ зүтгэж байхад өр төлбөр тавьж улсаа хямраасан нь шоу хийж, энхийн цагаан тагтаа болж явж байгаа нь харамсалтай байна. Тиймээс нэр дэвшигч нараас хэн нь хэлсэндээ хүрч, хямралаас гаргах боломжтой вэ хэмээн дэнсэлж үзье.

Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболд УИХ-д 65 суудалтай, Засгийн эрхийг барьж байгаа намаас нэр дэвшсэн хүн. Түүний дэвшүүлсэн “Монгол гэр- Монгол төр” мөрийн хөтөлбөр нийгмийн бүх сегмент, салбарыг хамарсан. Засгийн газар, МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртэй уялдсан нь мэдээж. Тиймдээ ч тооцоо судалгаа, үндэслэл сайтай энэ мөрийн хөтөлбөр хэрэгжих боломжтой. УИХ, Засгийн газартайгаа гар нийлж, эвлэж нэгдэж ажиллаж чадах учраас М.Энхболдын дэвшүүлсэн уриа хийгээд мөрийн хөтөлбөр амьдралд хэрэгжиж, ард түмэнд ээлээ өгөх боломжтой гэж харж байна. Ард иргэд ч тэгж үнэлж дүгнэж байна.

Харин Ардчилсан намаас нэр дэвшигч Женко Х.Баттулгын мөрийн хөтөлбөрийн гоё амлалтууд хэрэгжих боломжтой юу. Түүнийг намынх нь лидерүүд ч дагахгүй, сурталчилгаанд нь хуруу битгий хэл хошуу ч нэмэхгүй яваа нь эвлэж нийлэх баггүйг харагдуулж байна. Уг нь ийм л үед намынх нь журмын нөхөд, лидерүүд нэр дэвшигчээ хүрээлж очсон газар бүрт нь эвийн уриаг цуурайтуулж явдаг сан. Даанч засаг барьж байх үедээ дотоодын “үймээн самуун”-ыг дэгдээж, журмын нөхдөө элдэвлэж явсны уршиг түүнд ингэж тусчээ.

Босоо С.Ганбаатар  сурталчилгааны энэ өдрүүдэд сонгуульд дэвшихээс илүүтэй хандивт хамаг анхаарлаа төвлөрүүлсэн мэт харагдаж байна. Тэрбээр гадныхнаас ч алга тосч 50 сая вон хууль бусаар авсан бичлэг сошиал ертөнцөд тарж хөгөө чирч байна. УИХ-д ганц суудалтай намд нэр дэвшихээс ганц хоногийн өмнө амжиж элссэн түүнд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ямар арга зам, тооцоо судалгаа байгаа нь лав энэ өдрүүдэд ил болсонгүй. Тэр урьдын адил хоосон цэцэрхэж, хуурай амласаар л явна. Тэгэхээр хэний мөрийн хөтөлбөр хэрэгжих боломжтой, хэнийх нь таны амьдралд үр шимээ өгөх вэ, хэн нь хямарсан эдийн засгаа хөл дээр нь босгож чадах вэ, хэн нь ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байх Үндсэн хуулиар олгосон үүргээ сайн гүйцэтгэх вэ гэдгийг саналаа өгөхийн өмнө тунгаан бодох нь зүй ёсных биз ээ.

Өдрийн сонин

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (81.65.208.42) 2017 оны 06 сарын 21

Hymraaj hagaralduulchihaad evlelden niiluulegchiin dureer hedii boltol garch irne gej bodoj baigaa ve ? MAN-nhaan. Tsaashlaad Enkhboldoo, N.Enkhbayraa

0  |  0
Top