Ч.Содномцэрэн: Дахин санал хураалт явуулах нөхцөл байдал үүсч байна

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 27

 Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын дүнг сонгуулийн автомат машинаар нэгтгэн уншуулах ажил үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд 1 сая 221 мянга 434 сонгогч санал өгснийг нэгтгээд байна. 1984 хэсгийн хорооны санал ирэхээс 1528 хэсгийн санал иржээ. Нэгдсэн дүнгээр АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 489 мянга гаруй саналаар тэргүүлж байна. МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 390 мянган санал,  М.Энхболд 382 мянган сонгогчийн санал авсан байна. Нэг нэр дэвшигч 50-иас дээш хувийн санал авах магадлалгүй болоод байна. Иймд хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн дунд дахин санал хураалт болохоор байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 31.5-т  “Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн нь ч ийнхүү сонгогчдын олонхийн санал аваагүй бол анхны санал хураалтад оролцсон нийт сонгогчийн хамгийн олон санал авсан хоёр хүнийг дахин санал хураалтад оруулна. Дахин санал хураалтаар сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана” гэж заасан байдаг. Хоёр дахь санал хураалтыг анхны санал авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зарлан, зохион байгуулах ёстой. СЕХ-ны дарга мэдээлэл хийж байна. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "Сонгуулийн санал хураалтаар нэр дэвшигч олонхийн санал аваагүй бол дахин санал хураалт явуулна гэж Үндсэн хуулинд заасан. Хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийн дунд санал хураалт болно. Дахин санал хураалт болох байдал үүсч байна" гэлээ. 

Одоогийн байдлаар Х.Баттулга саналын тоогоор тэргүүлж, С.Ганбаатар удаалж байна.

Т.Түвшин

 ZINDAA.MN 

Top