М.Энхболд: Гүжирдсэн, гутаан доромжилсон сонгууль боллоо

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 27

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор МАН-ын дарга, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд мэдээлэл хийлээ. Тэрээр мэдээллийн эхэнд “УИХ-ын шийдвэрийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт энэ сарын 26-нд, өчигдөр өдөр улс орон даяар зохион байгуулагдаж дууслаа. Энэ сонгуулийн үр дүнгийн талаар СЕХ мэдээлэл хийсэн. Үүнтэй холбогдуулж МАН мэдээлэл хийх нь зүйтэй гэж үзсэн юм. Юуны өмнө санал хураалтад оролцож миний нэрийг дэмжиж саналаа өгсөн сонгогчид, манай сонгуулийн штабт ажилласан гишүүд, дэмжигчид дээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна.

 Энэ сонгуулийн эцсийн үр дүн гараагүй байгаа ч гэсэн би ямар ч үед улс орныхоо эдийн засгийн хямралт нөхцөл байдлаас гарах, ард иргэдийнхээ аж амьдралыг өөд татахын төлөө тууштай тэмцэж ажиллахаа илэрхийлж байна. Би анх сонгуульд нэр дэвшихдээ хоёр нэр дэвшигчдээ хандан бэлэгдэлийг бодож СЕХ дээрээс алд цэнхэр хадаг хүргүүлж, эвийг эрхэмлэж өрсөлдөхийг уриалж байсан.

Төрийн сонгуулиа дээдэлсэн хариуцлагатай сонгууль явуулъя гэдэг уриалгыг гаргаж байсан. Харамсалтай нь энэ миний уриалгыг дэмжсэн сонгууль болж чадсангүй. Сонгуулиар гутаан доромжилсон, иргэдийг элдэв бусын зүйлд турхирсан, орон нутагт тэрбум тэрбумаар нь мөнгө тээвэрлэсэн, гадаадаас сая саяар нь хөрөнгө мөнгө авсан ийм сонгууль болж байгаад нь харамсаж байна. Ийм зүйл болсноор дараагийн сонгууль болохоор болж байна. Нэр дэвшигч надтай холбоотой эвлүүлэг нэвтрүүлгүүд цацаж байсан. Тэр тухай бүрд нь би хариу тайлбар өгч ирсэн. Миний нэрийг оролцуулсан манай намын гишүүдтэй холбоотой 60 тэрбум төгрөг босгох тухай худал бичлэг цацсан. Энэ бол эвлүүлэг гэдгийг хэлсэн. Хууль хяналтын байгууллагын шийдвэрийг үзүүлж мэтгэлцээний үеэр би тодорхой тайлбарыг өгч байсан.

Мөн газрын наймаачин гэдэг гүтгэлгийг олон жил явуулж ирсэн.  Би хариу тайлбарыг хийж байсан. 
Өчигдрийн ирц сайн байлаа. СЕХ хуралдаж дараагийн сонгууль долдугаар сарын 9-ний өдрийг сонгож зарлалаа. Энэ санал хураалтыг хуулийн дагуу явуулж, улсын баяр наадмаас өмнө амжилттай зохион байгуулж өндөрлүүлэх нь чухал байна. Сонгуульд идэвхтэй оролцож, үр дүнтэй болоход нь анхаармаар байна. Иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж байна” гэлээ.

  МАХН-аас сонгуулийн саналыг луйвардсан гэх хардлагад тэрээр мөн хариулт өгсөн юм. “Сонгуулийн үр дүнгийн талаар өмнө нь ч гэсэн сонгууль бүрээр улс төрийн хүчнүүд манай нам руу дайрсан мэдээлэл хийдэг байсан. Бид үеийн үед СЕХ-ноос тавьсан шаардлагыг биелүүлж манай нам улс төрийн соёл гаргаж ирсэн. Саналын хуудсыг дахин тоолъё гэж байгаа нь би зөв зүйтэй санал гэж үзэж байгаа. МАХН-аас нэр дэвшигч 10 гаруй мянган саналын илүүтэй яваад миний санал яагаад илүү гарсныг хамтдаа шалгаж болно. Хяналтын тооллогыг хийх боломжтой” гэсэн юм.

МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан “Сонгуулийн ирц бүрдүүлэх асуудал дээр манай намын зүгээс ямар нэгэн идэвхжүүлэх  зүйл хийх боломжгүй. СЕХ ирцээ бүрдүүлэх асуудлыг өөрсдөө зохион байгуулах байх” гэлээ.

Т.Амараа

ZINDAA.MN

Top