Ирц хүрэхгүй бол нэмэлт санал хураалт явуулна

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 30

   Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний санал хураалтаар гурван нэр дэвшигчийн хэн нь ч 50-иас дээш хувь буюу олонхийн санал аваагүй. Иймд Сонгуулийн ерөнхий хорооноос дахин санал хураалтыг ирэх сарын 7-ны өдөр явуулахаар шийдвэрлэсэн.  Сонгуулийн ирц 66.5 хувьтай гарсан. Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн ирцтэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байгаа ч дахин санал хураалт явуулахад иргэдийн идэвх буурах хандлага байдаг байна. Иймд СЕХ-ноос саналаа өгөхийг уриалж буй юм. Хэрэв дахин санал хураалтаар ирц 50 хувьд хүрэхгүй бол тухайн ирц хүрээгүй хэсгийн хороодод нэмэлт санал хураалт явуулах хуулийн заалттай.

Сонгуулийн тухай хуулийн 106 дугаар зүйлд, “Нэмэлт санал хураалт явуулах” хэсэгт дараах заалт бий.

  • 106.1- Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрт нэмэлт санал хураалт явуулна.
  • 106.2.Тухайн сонгуулийн тойрогт сонгуулийн дүн гаргах эрх бүхий сонгуулийн байгууллага нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэр гаргана.
  • 106.3.Нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэр гаргасан бол ийнхүү шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор нэмэлт санал хураалт явуулна.
  • 106.4.Нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэрт санал авах байр, өдөр, цагийг заах ба түүнийг амралтын өдөр явуулна.

Зөвхөн сонгуулийн ирц хүрээгүй хэсэгт санал өгөөгүй иргэд саналаа өгөх ёстой. Нэмэлт саналт хураалтаар ирц хүрээгүй бол сонгуулийг дахин шинээр эхлүүлэх нөхцөл байдал үүсэх юм.

Т.Түвшин  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top