Яагаад заавал Д.Гантулга гэж?

2017 оны 07 сарын 05

Өчигдөр 15:00 цагт Мэдээлэл технологийн үндэсний паркд Д.Гантулга гишүүнтэй холбоотой мэдээлэл хийх зар хэвлэлийнхний дунд чимээгүйхэн тарлаа. Найзаас найзын, танилаас танилын хооронд гэх үү дээ. Хурал эхлэхээс 20 минутын өмнө төрийн ордноос гарч МТҮП- д очиход ямар ч  хурал зарлаагүй гэж жижүүр нь хэлсэн учраас гайхаад гадаа зогсож байтал хүний эрхийн хуульч гэж өөрийгөө нэрлэдэг Ичинноров нэгэн эмэгтэйн хамт шатан дээр суугаад утсаар ярьж байлаа. Удсан ч үгүй АН-ын бүлгийн Батхүү ирж тэр хоёртой нийллээ. Батхүү бид хоёр 5 минутын өмнө төрийн ордны 4 давхрын лифтэнд сууж буугаад ордны хашаанаас хамт гарсан юм, очих газар нэг байжээ. Ингээд тэд нийлж Гантулга гишүүний гэх хэвлэлийн хурлыг зохион байгуулж байгаа нь тодорхой болов. Хэвлэлийнхэн ч ирлээ.  Болсон үйл явдлыг уншигч та ч мэдэж байгаа учраас дэлгэрүүлж нуршихаа би больё.

   Хүүхэн хүчиндсэн хэрэг хэзээнээс эхтэй вэ?

   Нэгэн даваа гарагийн өглөө төрийн ордонд Д.Гантулга гишүүн хэвлэлийн хурал зарлах тухай мэдээ ажлын протокол дээр бичигджээ. 10 цагт зарласан хуралд тэрээр МУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгын оффшор, лиценз, ах дүү нартай нь холбоотой ноцтой баримтууд дэлгэлээ. Тэнд ирсэн сэтгүүлчид залуу гишүүний ярьж байгаа асуудалд анхаарлаа хандуулсан гэхээсээ илүүтэй түүний улс төрийн карьер цаашдын хувь заяанд нь санаа зовж зогссон гэхэд хилсдэхгүй биз. Учир нь тэр Женкогоор оролдлоо шүү дээ.

   Женкогоор оролдсон хүн бүхний хувь заяа хаашаа эргэдгийг өнөөдөр монгол хүн бүр мэддэг болжээ. Ийнхүү хэвлэл мэдээлэл болон нийгэм тэр чигээрээ Гантулгад өгөх Женкогийн бэлгийг хүлээсэн. Удаагүй л дээ. Нэр нь үл мэдэгдэх залуу гишүүн хүчин хийжээ болоод л явчихсан. Хүлээлт үүсгэж хэд хоног нэрийг нь зарласангүй. Цахим ертөнц бужигнаж хүчиндэгч гишүүнийг мэдэхийг тэсэн ядан хүлээх нь эгээтэй л торонд орсон догшин араатан шиг байж ядна. Д.Гантулга “бэлгээ” авч шангаа хүртлээ.

   Саранзаяа гэгч Амрита бааранд тайчигч байсан эмэгтэй Наранзаяа гэдэг дүүгээ хүчиндүүлсэн жүжиг өчигдөр ийнхүү задгай талбайд нээлтээ хийлээ. Дэргэдээс нь үзсэн л дээ Женко түүний нөхдийн урьд урдны жүжгүүдээс хамаагүй муу зохиолтой байсан. Хэр хугацаанд жүжиг үргэлжлэхийг эзэд найруулагчид мэднэ, үзэгчдийн шүүмжлэл магтаалаас шалтгаалаад тэд төгс жүжиг тавих гэж хичээх нь ойлгомжтой. Жүжгийн гол дүр Наран Саранзаяа гэх эгч дүүсийг уншигч та цаг гаргаад жоохон сонирхвол хүчиндүүлээд эмнэлэгт хэвтэж байгаа гэх яг тэр өдөртөө Хөвсгөл далайн эрэг дээр мөөмөө гаргаад хэвтэж буй зургаа нүүр номондоо оруулсныг нь харж болно.

   Яагаад заавал Д.Гантулга вэ?

   Ноднин өдийд дөө. МАН 30 хүрээгүй залууг УИХ-д нэрийг дэвшүүлж, 28-хан настай их хурлын гишүүнтэй боллоо гэж имижээ бүрдүүлж,  Амарбаясгалан, Мөнхбат тэргүүтэй намын удирдлагууд мэдэгдэл бүртээ залуу гишүүнээрээ гангарцгаана.

   Цэргийг мянган өдөр тэжээгээд, нэг өдөр ашигла гэдгийн үлгэрээр сонгуулийн гал ноцсон энэ өдрүүдэд ах нар нь хамгийн бага дүүдээ галт бамбар бариулаад гал өрдүүлчихсэн. Д.Гантулгаас өөр хэнийг ч явуулахав дээ. Учрал, Тэмүүлэнг үү үгүй дээ. Ганзориг, Ням-Осор тэргүүтэн хөвгүүдээ дайнд мордуулна гэж үү. Энэ зуны халууныг хэлэх үү, энэ сонгуулийн солиорлыг хэлэх үү. Гурван сая монголчууд гэр дотроо хуваагдаж, орондоо орох завгүй уралцан тэмцэлдэж явна.  

   Сонгууль дуусч хүний амьдрал үргэлжилнэ. Монгол төрийн тэргүүн болж түүхэнд нэрээ мөнхлөх том хувь тавилангийн төлөө ах нар алалцаж, салхи шороо хоёрт нь хөгшин залуу,  эр, эм хүмүүс үрэгдсээр л...

 

Top