Д.Гантулга: Би хүн хүчиндээгүй, харин намайг хүчирхийлж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 06

УИХ-ын гишүүн Д.Гантулга  Төрийн ордонд  хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэрээр  "Энэхүү индэр дээрээс өмнө нь оффшор дансны асуудлаар мэдээлэл хийж байсан бол өнөөдөр өөрийнхөө тухай яриад зогсож байна. Сонгуулийн өдрүүдэд нэр нь тодорхойгүй хаягаас мэдээлэл гарсаар энэ нь эцэстээ явсаар  Гантулга гэдэг хүн хүчин хийсэн гэдэг мэдээлэл гараад нэлээдгүй хугацаа болж байна. Хүмүүс надаас асууж байна л даа. Энэ өнгөрсөн өдрүүдэд яагаад тайлбар хийхгүй байгаа юм бэ гэж. Та өөрөө буруутай юм биш үү гэж олон хүн асууж байна.  Би энэ хугацаанд орон нутагт ажлаар явж байсан учраас өнөөдөр энэхүү мэдээллийг хийж байна. 

 Зургаадугаар сарын 12-нд Гантулгад холбогдох хүчингийн хэргийн тухай мэдээлэл гомдол гарсан. Ингээд зургаадугаар сарын 13-нд энэхүү гомдлоо эргүүлэн татсан байдаг. Гэхдээ би хууль шүүхийн байгууллагад хандан энэ асуудлыг хуулийн дагуу үргэлжлүүлэн шалгаж өгөхийг хүссэн. Би цагдаагийн байгууллагад 19-ний өдөр очиж анх мэдүүлэг өгсөн. Мөн шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Ингээд  зургаадугаар сарын 21-нд хэргийг хэрэгсэх үндэслэл алга гэдэг прокуорын дүгнэлт гарсан.  

Гэтэл зургаадугаар сарын 12-ны өдөр намайг хүчингийн хэрэгт гүтгэсэн  Саранзаяа энэ өдөр Хөвсгөл далайд амраад явж байсан байгаа юм. Ирснээсээ хойш чимээгүй явж явж байснаа уржигдар уйлж унжин  мэдээлэл хийсэн. Эмнэлэг дээр намайг очсон мэтээр бичлэг цацагдсан. Үүнийг би улс төртэй холбоотой гэж ойлгож байна. Мэдээлэл мушгигдаж байна.

Оффшор данстай холбоотой мэдээлэлтэй яг зэрэгцэн энэ мэдээлэл гарсан. Ардчилсан намын хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ мэдээлэл цацагдаж байгаа нь улс төртэй холбоотой гэдгийг илэрхийлж байгаа юм.

Би ямар нэгэн мөнгө хүнд өгөх битгий хэл өөрийн орон сууцгүй хүн. Үүнийг олон нийтэд зөв дамжуулаасай гэж хүсэж байна. Ер нь Хан хэнтий нутгаас төрөн гарч байгаа залуу улстөрчдийг хүчингийн хэрэгтэй холбож ярьдаг. Залуу улстөрчдийг улс төрийн бүлэглэл хүчирхийлж байна.

Зургаадугаар сарын 11-ний орой би саунд байсан. Орой нь иргэн Ц-ийнд байсан. Өглөө нь гараад явсан.  Өнөөдрийг хүртэлх цаг хугацаанд хуулийн байгууллага надаас ямар нэгэн мэдээлэл авъя гэвэл би хэзээ ч мэдээлэл өгөхөд бэлэн.

Прокурор энэ хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан. Дараагийн шатанд шилжих талаар яригдаж байгаа. Дараагийн шатанд шилжсэн ч хуулийн байгууллагад би мэдээлэл өгөхөд бэлэн.

Дүү чинь өнөөдөр намайг гүтгэж байна. Наадахаа хууль хяналтын байгууллагад нь шалгуул гэж би хэлсэн. УИХ-ын гишүүнийг гүтгэдэг Х.Баттулга нарын багийханд хандаж хэлэхэд, нэг бол энэ асуудлаа хуулиар нь хэрэгжүүл, үгүй бол гүтгэсэн гэдгээ хүлээ гэж хэлмээр байна" гэв.

 

Ш.Адъяамаа



Top