Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт өчигдөр /2017.07.07/ болж, улсын хэмжээнд дахин санал хураалт 60.41%, нийслэл-62,85%, орон нутагт 55,35% ирц хүрснийг зарлаж, нэмэлт санал хураалт явуулах шаардлагагүй болсныг Сонгуулийн ерөнхий хороо танилцуулсан.
Сонгуулийн урьдчилсан дүнгээс харвал одоогийн байдлаар АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 50,6 хувь, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 41.2 хувь, цагаан сонголтыг 8.2 хувь өгсөн дүн мэдээлэлтэй байна. Түүнчлэн өглөөний 07:00 цагийн байдлаар улсын хэмжээн дэх нийт 1984 хэсгийн хорооны 1982-т нь санал тоолж дууссан ба Ховд аймгийн нэг хэсгийн хороо болон гадаад дахь иргэдийн саналын дүнг хүлээж байна. Тиймээс Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр гадаад дахь монгол иргэдийн саналыг тоолж нэгтгэсний дараа албан ёсны мэдээлэл 13 цагийн орчимд өгөх юм.
