АТГ-аас өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлан хуралдууллаа. Мэдээллийнхээ эхэнд Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцуулсан. Сар бүрийн 25-нд сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөө ч амлав. Харин түүний хойно тус газарт шалгагдаж байгаа хэргүүдийн талаар мэдээллэсэн нь сэтгүүлчдийн анхаарлыг татлаа. Тэд Шадар сайдын суудлаасаа татгалзан өргөдлөө өгөөд байгаа, УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийг “онцлов”. АТГ-ынханы “тогтоосон”-оор “У.Хүрэлсүх өөрөө өөрийгөө тагнаж, чагнажээ”. Хартай хартай гэхэд арай л хартай хүн шиг. Өөрийгөө тагнаад байхдаа ч яахав дээ. АТГ түүнийг нь хүлээж аваад шалгаад, “тэр өөрийгөө үнэхээр тагнажээ” гээд яллагдагчаар татах хүсэлтээ прокурорын байгууллагад хүргүүлсэн гэнэ. Гол нь У.Хүрэлсүх “Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан” юм байх.
Тэрээр ганцаараа тагнаж чагнаагүй төрсөн дүү У.Отгонбаяр, хамаатны дүү н.Амарсанаа нартай хамтарсан болж таарав. Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат түүнийг тагнасан эсэх нь тогтоогдоогүй гэнэ. Уул шугамдаа дээрх хэргийг шалгаж, дүгнэх нь ТЕГ-ынхны хийх ажил баймаар. Гэтэл АТГ-ынхан уриалгахнаар ТЕГ-ынхны ажлыг хийгээд, тайлбар дүгнэлт гаргаад, танилцуулаад сууж байх юм. Тэдэнд шалгах, хийх ажил маш их... Наад зах нь л гэхэд улиг болтлоо яригдаж буй “60 тэрбум”-ын гэх хэрэг. АТГ-ынхан тэр талаар, "тайлбар авсан, бичлэгийг дахин шинжилүүлэхээр болсон" гэх утгатай үг чихэнд хаяв. Хичнээн ч шинжлүүлдэг бичлэг юмб... Миний л уншиж сонссоноор дөрвөн ч удаа шинжилүүлсэн. Яасан ч хурдан, “У.Хүрэлсүх өөрийгөө тагнаж, чанажээ” гээд мэдэгдчихдэг юмб. “Сайн өмгөөлөгч нохойд хазуулсан хүнийг өөрөө нохой хазсан болгож чаддаг” гэж нэг нөхөр жиргэж. Энэ үг дээрх явдалтай дүйцэхээр харагдаад байгаа юм л даа.
Мэдээллийн хэрэгслүүд дараа нь зөвхөн “У.Хүрэлсүх өөрийгөө чагнасан”-ыг л гайхширч байгаа нь мөн л хачирахмаар... Гэтэл аль цагийн Монголбанкны ерөнхийлөгч н.Золжаргалын хэрэг чинь одоогоороо шалгагдаж байгаа юм байна. Авилга албан тушаалын эсрэг гэмт хэрэг мөн эсэх нь ч мэдэгдээгүй л байгааг ХМХ дээр уламжилж. “Офшортой холбоотой асуудалд олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн байгууллагын мэдээллээр 130 мянга орчим этгээдийн 2.5 сая мэдээлэл ил болсон байдаг. Эдгээрээс Монгол Улсаас офшорт 29 иргэн, 35 аж ахуйн нэгж холбогджээ.
Цагдаагийн байгууллагатай хамтарсан ажлын хэсэг уг асуудлыг шалгаж байгааг тэд дурдав. Нэр дурдагдсан бүх иргэдийг дуудаж, тайлбар байцаалт авч байгаа гэнэ. Оффшорын асуудлаар гадаад улсаас манайтай хамтарч ажилладаг байгууллагуудад 7-8 хүсэлт хүргүүлсэн ч хоёр газраас хариу ирсэн юм байх. У.Хүрэлсүхийнх тодорхой. Бусдынх нь балархай мэдээллийг АТГ-аас өгчээ гэж л харагдаад байна даа.
Г.Хан
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )