Ч.Мөнхбаяр: Хармагтайн орд зэрэг асуудлаас болж, сандал суудлаас үхэлдэн зууралдаад байна

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 26

 

    Иргэний хөдөлгөөний идэвхитэн Ч.Мөнхбаяртай Улс төрийн хүрээнд өрнөөд байгаа хурцадмал асуудлуудыг хөндөж ярилцлаа.

-Сүүлийн үед Улс төрийн байдал улам хурцдаж байна. АТГ хүртэл МАН-ын дотоод асуудалд оролцож байгаа дүр зураг ч харагдаж эхэллээ. Та үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?

-АТГ У.Хүрэлсүхийг хохирогчийн хувьд гомдол мэдүүлэхэд нь өөрийг нь харин “шуурхай шалгаад”, өөрөө өөрийгөө тагнасан, өөрийнхөө албан тушаалыг өөрөө хууль бусаар булааж авах гэсэн гэх ойлголт төрүүлээд, мэдээлэл түгээгээд явж байна.

Сонгуулиас өмнө улс төрч Х.Баттулга нар 60 тэрбумын асуудлыг шалгуулахаар мэдүүлсэн атал, хөдлөхгүй байсаар, түүнийг ерөнхийлөгч болж, сануулга өгөхөд өөдөөс нь доог тохуу хийж байгаа юм шиг хачирхалтай үйл ажиллагаа явуулаад байж байна. 3000 удирдах ажилтнаас тайлбар авна, 1400-гаас нь авлаа, хуулийн дагуу томилогдсон гэж тэд мэдэгдлээ, цаашид тайлбар авахаа үргэлжлүүлнэ гээд байж байна.

Миний танил, 2012 онд томилогдсон хүнээс хүртэл тайлбар авчээ. Хугацааны хувьд 60 тэрбумын хэрэгт тэр хүн холбогдолтой байх ямар ч үндэсгүй. Хулгайн хэрэг гарахад цагдаагийн байгууллага хүүхэд үүхэдгүй бүгдээс нь тайлбар авдаг билүү? Хүчингийн хэрэг гарвал эр хүн бүрийг дуудаж тайлбар авдаг билүү?

АТГ ямар санал бодол асуудаг социологийн байгууллага юм уу? Ажил үүргийнхээ хувьд ямар ч ойлголтгүй байна. 60 тэрбумынхны өмнө сөхөрч мөргөчих гээд явдаг тэд 60 тэрбумынханд л ашигтай үйлдэл хийгээд байгаа нь илт харагдаж байна. Энэ нугалаа завхралаа даруй таслан зогсоохгүй бол АТГ-ын удирдлагыг, алдаатай ажилладаг ажилтнуудыг нь бүгдийг нь халж хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Өөрсдийг нь шинэчлэгдсэн АТГ шалгах ёстой.

-60 тэрбумын асуудал бүр улиг болтлоо яригдлаа. Одоо хүмүүсийн анхаарал ч суларч байх шиг. Энэ бичлэгийг та бодитой гэж үзэж байна уу?

-Энэ нь бодтой бичлэг болох нь ойлгомжтой. Манайд байтугай, дэлхийд ийм хуурамч бичлэг үйлдэх боломж байхгүй. Зургийн эвлүүлгийг томруулаад харвал, шинжээд үзвэл эвлүүлэг болох нь илэрдэг. Бичлэг мөн адил, манай болон гадаадын байгууллага жинхэнэ гэдгийг нь тогтоосон. Дууг нь дууриасан гээд байгаа. Манайд дуу дууриадаг хэдхэн хүн бий. Тэд төстэйгээр элэглэхээс биш, жинхэнэ юм шиг дуугардаггүй. Тэгээд ч 60 тэрбумынхны Монгол төрийг устгаж, албан тушаалуудыг лангуун дээр тавьсан оймс бандаашны зэрэг зиндаанд хүргэх ялт төлөвлөгөөг тэдгээр элэглэгчид яаж мэдэх билээ. 60 тэрбумын бичлэг үнэн, хэрэгжсэн нь ч үнэн гэдэг нь өөр олон хөндлөнгийн баримтаар нотлогддог. Сонгууль юу болов, сонгуулийн дараа юу болов, бодоод үз.

Үүнийг улиг болгоё гэж эрх баригчид ажиллаж байна. Тийм ч учраас бүх удирдах ажилтнаас асууна гэх зэрэг цаг хожих аргацаалт зохион байгуулж байна. 60 тэрбумаар нийслэлийн албан тушаалуудыг худалдсаны цаана, нийт улсын албан тушаалуудыг хэдээр худалдсан бэ гэдэг асуудал байгаа. Худалдаж авч, хууль зөрчсөн хүмүүс нь өдий хүртэл яаж хууль зөрчиж, улс орныг хохироов гэсэн асуудал байгаа. Монгол улс 2018 оны 1-р сард дампуурах боллоо гэж байна. Энэ бол 60 тэрбумынхны хийсэн балаг.

60 тэрбумын хэрэг гэдэг нь дотроо хамгийн ноцтой олон гэмт хэрэгт задарч байгаа. Үүнд бол:

1-рт, Албан тушаал худалдах наймаалах - авлигын,

2-рт, Сонгуулийн бүх бохир аргыг хэрэглэж, Сонгуулийн хуулийг бүхлээр нь зөрчих – төрийн эрхийг хууль бусаар авах,

3-рт, Гадаадынханд орд баялаг, янз бүрийн амлалт өгч, харийн эрхшээлд Монгол улсыг захируулах –эх орноосоо урвах, дашрамд хэлэхэд,  дарга нар өөрсдийн урвалтыг хаацайлахын тулд зөвхөн дайны үед эх орноосоо урвах асуудлыг ярина гэж хуульчилсан байгаа,

4-рт, Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөөг боогдуулах, худал мэдээллийг бүх боломжоор түгээж, үнэн мэдээллийг бүрэн хаах, ард иргэдийн харилцах, мэдээлэл хайхыг хүртэл хянах – мэдээллийн халдлага хийх, сонгогчдыг хуурч мэхлэх, тагнаж чагнах,

5-рт, Эрүүгийн рецидив этгээдүүдээр Шуурхай ажиллагааны бүлэг гээчийг байгуулан, улс төрчид, шударга хүмүүсийг дарамтлах, элдэв гэмт хэрэг үйлдүүлэх – зохийон байгуулалттай гэмт хэргийн бүлэг байгуулах,

6-рт, Улс төрчид, төрийн албан хаагчид, янз бүрийн зүтгэлтнүүдийг айлгаж эрхэндээ оруулах – заналхийлэх, дарамт үзүүлэх, шантажлах,

7-рт, Өрсөлдөгчөө снайпердна хэмээн - хүний амь насанд халдах гэхчилэн олон гэмт хэргийг үйлднэ гэж төлөвлөн ярьж байсан. Одоо нэлээд нь хэрэгжсэн байх өндөр магадлалтай. Ямар ч аргаар хамаагүй төрийн эрхийг авах зорилго нь бүтчихсэн байгаа.

Ийм ноцтой асуудал баримтжаад, шалгуулах төвшинд ирээд байхад улиг болгож болохгүй. Ард иргэд ч анхаарч шаардах ёстой.

-Офшор бүсэд байршуулсан мөнгөний тухай асуудалд  ямар байр суурьтай байгаа вэ?

-Офшорын эсрэг тэмцэлд эхнээс нь оролцож, анхны офшортны жагсаалтыг бүрдүүлж гаргаж байлаа. Манай 29 иргэн офшор дансанд холбоотой, ихэнхи нь төрийн удирдах ажилтан байгаа. Ийм төрийн албан хаагчийн санхүүгийн асуудал шилэн байх ёстой, үүнийгээ мэдэгдээгүй байсан нь хууль бус үйлдэл учир, шууд албанаас нь түдгэлзүүлж шалгах ёстой юм.

Ноднингийн 5-р сарын 9-нд “Панама Пэйпэрз”-ийн дуулиан дэгдэхэд бусад бүх улс татвараас зайлсхийх зэрэг асуудалтай холбогдох шалгалтуудыг шууд эхлүүлж, зарим улс мөнгө төлж өөрийн улстай холбоотой мэдээллийг худалдаж авч ажилласан, олон хүнд хариуцлага хүлээлгэсэн. Манай төр ямар ч төрийн шинжийг эс үзүүлэн дүлий дүмбэ оргин, нэг жил оффшорчдыг хаацайлж суусан. АТОЗ ТББ АТГ-т шаардлага өгөхөд дээрхи 29 хүнээс санал асуулгаа авч, та оффшор дансанд мөнгөтэй юу гэхэд бүгд мөнгөгүй ээ, дансгүй ээ гэсэн байгаа юм. Ингээд АТОЗ МУ-д оффшортой хүн үгүй гэсэн хариултыг бидэнд өгсөн.

УИХ-д Офшорын эсрэг бүлэг байгуулагдаад, энэ хуулиас өмнөх офшорын асуудлыг хэрэгсэхгүй гэсэн “офшортой тэмцэх “ хууль гаргах дээр л идэвхийлэн ажиллаж, офшорыг хаацайлах хууль гаргачихсан. Сая харин сонгуулийн үеэр Олон улсын эрэн сурвалжлах консорциумын бүх офшортны жагсаалтад байхгүй Х.Баттулга гэдэг ганцхан офшортныг илрүүллээ гэж энэ бүлгийнхэн хар пиар хийсэн.

Офшорт манай улсын далай их байгалийн баялгийн үр шим орж, угаагдсан байх бүрэн магадлалтай юм. Монголыг Дубай болгох байсан мөнгө гээд ойлгочих хэрэгтэй. 17 тэрбум гэдэг нь зарим сэтгүүлчийн гаргаж ирсэн тоо бөгөөд, тэр үед Н.Алтанхуягийн хамаатан охины 17 тэрбум төгрөгийн тендер гэж яригдаад байсантай андуурч эндүүрсэн юм болов уу гэж би харддаг. Офшорт орж угаагдсан мөнгийг оруулж ирэх нь дампуурч буй төр улсад маань аврал болох нь ойлгомжтой. Ерөнхийлөгч сайн дураар оруулж ирэх, 49 бүртгэлийн тоотой 49 хоногийг олгосон. Оруулж ирээгүй л байна, болохгүй бол хуулийн байгууллагын хүчээр оруулж ирэх ажиллагааг эхлүүлэхээс өөр замгүй. Тэр 29 хүний цаана дандаа том улс төрчид хамаатан нь юм уу, хамтран ажиллагчийн байдалтай байж байгаа.

-Ж.Эрдэнэбатыг толгойлсон Засгийг газар огцрох нь зөв үү?

-Энэ хүн өмнө нь аймгийн дарга, УИХ-ын гишүүн, сангийн сайд байхдаа үл бүтэх олигархи гэдгээ харуулсан. Хөдөлгөөний бид аймгийн дарга байхад нь, сайд байхад нь огцруулахын төлөө тэмцэж байсан. ЕС болгож болохгүй гэж бид эсэргүүцэж байсан.

ЕС болоод энэ хүн унтдаг Оюунхорол, дархан газар уурхай байгуулдаг Чойжилсүрэн, хувийн компанидаа төрийг зүтгүүлдэг Номтойбаяр, авлигаас болж огцордог Батсуурь, хятадуудад ээлтэй Мөнх-Оргил, гранат дэлбэлдэг Бат-Эрдэнэ зэрэг хэлтгий үйлстэй хүмүүсээс бүрдсэн Мэргэжлийн бус ЗГ байгуулсан.Тэгээд МАН-ын мөрийн хөтөлбөрийг эсрэгээр биелүүлэх буюу ард түмний эсрэг үйл ажиллагаа явуулж ирсэн.

Хятадуудыг визгүй зорчуулна, хилийн зурвасыг нимгэлж, хилийн цэрэггүй болно, сая сая хятад жуулчин авчирна, хүссэн бүхэнд давхар иргэншил олгоно, харийн чөлөөт бүсүүдийг байгуулна, харийн банкуудыг ноёлуулна, харийн валютыг дээдлүүлнэ, шарын шашны төлөө уучлал гуйна гэх үг яриа эдний амнаас гарч, хэрэгжүүлэх гэж зүтгэж ирээгүй гэж үү? Одоо II Оюутолгой болох Хармагтайн зэс-алтны ордыг яаж ард түмнээс нууж хаан харьд өгч, хариас шан хүртэх вэ л гэж өдрийн бодол, шөнийн зүүд болж, огцрохгүй гэж үхэн хатан сандал суудалтай зууралдан чаргууцалдаж байгаа гэх сураг дуулддаг.

Ашигт малтмалын үнэ дахин дахин өсөж, Чалкогийн өр барагдаж, Австралид үер болж, Хойд Солонгос хориг арга хэмжээнд орж, Хятад уурхайнуудаа хааж олон азтай тохиолдол гараад байхад эд Монголын эдийн засгийг өөдлүүлэх биш, дефолт зарлах хэмжээнд хүргэлээ. Зөвхөн өр дарах “Хуралдай” бонд гаргаж, шинэ их өр зээл тавиад, хэмнэлтийг дээд зэргээр хийж, бүх бүтээн байгуулалтыг зогсоогоод, бүх татварыг нэмээд ч нэмэр байдаггүй. Энэ бүхэн бол асар их мөнгөний асуудал юм. Огцруулаад зогсохгүй, ял асууж, дээлийг нь нөмрүүлэх хэрэгтэй.

-Хүүхдийн мөнгийг сонгуулийн өмнөх өдөр өгөөд, зогсоосон.  Одоо болохоор Төрийн банк Хүүхдийн мөнгө орж ирэхгүй байгаа гэдгээс өөр хариу хэлэхгүй байна. ОУВС нөлөөлчихөв үү, Таны бодлоор?

-Энэ бол ард иргэдийн саналыг худалдан авч, төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн л үйлдэл байсан. Ялсан ч, ялаагүй  ч зогсоох байсан юм. ОУВС манай ЗГ-ыг тохиролцоогоо ноцтой зөрчиж, төлөвлөөгүй халамж үзүүлсэн тул гээд зээлээ 40%-иар танах болсон, дефолтод арай хүрэхээргүй байсан атал 2018 оны 1-р сард дефолт зарлахаар болсон нь үүнтэй холбоотой гэж би сонссон.

- Ер нь энэ Засгийн газрын үйл ажиллагаанд ОУВС-ын суурин төлөөлөгч хүртэл нөлөөлдөг гэх яриа хэр үндэслэлтэй бол?

-Дампуурлын ирмэгт тулсан орныг ОУБайгууллага юм уу, өөр улс санхүүжүүлж, ингэхдээ санхүүгийн удирдлагыг нь гартаа авдаг. Манайх ийм байдалд орсон. Санхүүгийн удирдлагыг гартаа авна гэдэг нь улс төрийн удирдлагыг бас нэлээн хэмжээгээр гартаа авна гэсэн үг болохыг хэн бүхэн ойлгож байгаа биз. Тусгаар тогтнол ихээр алдагдчихаад байгаа шүү дээ. Манай ЗГ нь ОУВС болчихлоо гэж эрх баригчид өөрсдөө хэлдэг.

ОУВС манай эдийн засгийг өөд нь татах гэж байгаа бол нэг улсаас хэт хараат байдлыг арилгах, түүхий эдэд дулдуйдах биш, боловсруулсан бүтээгдэхүүн гаргах зэргийг яагаад ЗГ-т зөвлөдөггүй юм бэ гэж шинэ ерөнхийлөгч маань төлөөлөгчтэй нь уулзахдаа шүүмжилсэн. ОУВС нь энэ нийгэмд болж байгаа сөрөг процессуудыг үргэлжлүүлэн даамжруулах, өөрөөр хэлбэл дампуурлын шалтгааныг гүнзгийрүүлэхийг зөвлөөд байдаг нь хачирхалтай. Авлигыг багасга, авлигатай тэмц гэж зөвлөлөө гэж би л лав дуулаагүй. Мөн ОУВС нь манай улсад эерэг нөлөө үзүүлэх зохих судалгаануудгүйгээр ажилладаг юм шиг.

ОУВС-ийн зөвлөгөө, нөхцлийг биелүүлэх нь тухайн улс орны бие даасан, тогтвортой байдал, үндэсний эдийн засгийг хөгжүүлэхэд чиглэхгүй байна гэсэн шүүмжлэл дэлхийн төвшинд байнга өрнөж ирсэн, манайд ч тийм л юм болж байна. ОУВС-ийн Гүйцэтгэх зөвлөлд олон квоттой 8 орон дэлхийн улсуудыг хувааж авч, хариуцан ажилладаг. Манайхыг Хятад улс ОУВС-ийн даалгавраар хариуцаж байгаа гэж ойлгосон. Хятад бол ОУВС-гийн том санхүжүүлэгчдийн нэг.

ОУВС бид барахгүй юм байна гээд, НҮБ-аас манай орныг удирдах мандатыг сонирхсон оронд олгох магадлалтай болчихоод байгаа. Манай дарга нар ч үүнээс ашиг олохыг л бодож байгаа биз ээ.

-МАН-ын дотоод зөрчлийн төгсгөлийг хэрхэн төсөөлж байна вэ.  Засаг солигдсон ч МАН хүсээд байгаа шинэчлэлдээ хүрч чадах болов уу?

-МАН-ынхан өөрсдөө “хоёрдугаар ээлжнийхэн хоолондоо орох гэж яарч байна”, “намыг л шинэчлэхгүй бол байдал өөрчлөгдөхгүй” гэж шүүмжлээд зогсохгүй тэмцэж байгаа.  МАН дотор хувийн эрх ашгийн болон шударга ёсны хоёр чиглэлийн тэмцэл өрнөж байна. Улс орон, ард түмнийг маань хоол гэж үзэн идэх гээд байгаа хүмүүсийн тэмцэл ч эрүүл нийгмийн төлөөхи үйлсэд хэрэгтэй юм. Учир нь хулгайч феодалын энэ нийгмийг өөрчлөхөд луйварчдын бутрал маш ашигтай. Сайн тэмцэлдээд байгаасай гэж хүсэж байна.

Мөн, МАН-ын шударга гишүүдийн тэмцлийг хоёр гараа өргөөд дэмжнэ. Зөв зүйлийг нам харгалзахгүй дэмжих, буруу зүйлийг нам харгалзахгүй эсэргүүцэх хэрэгтэй. Намаас дээгүүр, намаас үнэтэй зүйл бол Монгол эх орон, Монголын ард түмэн гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

-АН-ынхан тэдний энэ зөрчилдөөнийг ашиглаж чадах болов уу. Тухайлбал 30 гишүүн Засаг унагахаар зориглолоо. Цаана нь 35 гишүүн гарын үсэг зураагүй. Энэ нь АН-ын УИХ дахь нөхдөд ашигтай биш үү?

-АН-ынхан хангалттай идэвхтэй дайчин харагдахгүй байгаа. МАН, АН-ыг дамнасан МАНАН бүлэглэлтэй холбоотой хүмүүс саад болоод байгаа юм болов уу. Хоёрын хооронд, гурвын дунд ийм байдал саяын сонгуулийн үеэр ч ажиглагдаж байсан. Юугаа хүлээгээд, ажиглаад байгаа юм. Үзүүлээд өгнө дөө гэж суугаад байх биш, одоо үзүүлэх юмаа үзүүлэх хэрэгтэй. Жимс унахаар иднэ дээ гэж хүлээвэл өөрөө бусдын идэш болно. АН, МоАХ-ны шударга гишүүд цагийн байдлыг мэдэрч, нийгмийн идэвхээ нэмэгдүүлж, эрүүл нийгмийн үйлсэд хувь нэмрээ оруулах хэрэгтэй байна. 

-МАХН ч мөн МАН-ын энэ байдлыг анхааралтай ажиглаж байгаа юу?

-МАХН анхааралтай ажиглаж байгаа. Саяын сонгуулийн үеэр МАХН Энхболдын бүлэгтэй хамтран ажилласан, МАН-ХУ гэдэг шинэ бүлэглэл үүсэх гэж байна гэж их яригдсан байгаа. Үнэн худлыг нь баримттай ноттой мэдэхгүй байна. Үнэн бол эсэргүүцнэ, худал бол баясна.

-МАХН-д МАН-ын зөрчил хэр ашигтай бол?

-Ямар ашиг байх билээ дээ. МАН зөрчилдлөө гээд, МАХН-ыг дэмжих нь эрс нэмэгдэх гэж үү? УИХ-д ганц гишүүнтэй, тэр хүн маань намаа шинэчлэх, шүүмжлэх байр суурьтай. Улс төрийн орон зай хязгаарлагдмал байна.

Өнөөгийн нийгэмд бүхнийг шинэчлэх хэрэгтэй болсон. Манай МАХН ч шинэчлэгдэх ёстой. Би урьд Ногоон намд байхад тэнд олон ноцтой алдаа дутагдал байсан, ийм байдалтай 8 жил зөрчилдөж, хавчигдаж шахагдаж явсны эцэст нөхдийн дуудлага, МАХН-ын шударга ёсны уриалгад автан буурь сэлгэсэн. Гэтэл байдал урьдынхаас нэг их ялгаатай биш, МАХН хэмжээгээр том л санагдаж байна. Манай МАХН хувьсгалт гэсэн нэрэндээ зохицон, хулгайч феодалын нийгмийг халах, үндэсний ардчилсан нийгмийг байгуулах хувьсгал хийнэ гэж ажиллахгүй юм бол болохгүй байна аа.

-У.Хүрэлсүх сайдын хувьд хүнд байдалтай тулгарчихлаа. Түүнрүү чиглэсэн дараагийн алхамийг нь та юу гэж бодож байна вэ?

-Энэ хүнийг их хурлын үеэр хэрэгт ороон саармагжуулж, нэр төрийг нь унагаж, ерөнхий сайд, намын дарга болгохгүйн тулд ийм юм хийж байна. Энэ ЗГ огцорлоо ч, огцроогүйн адил чанартай дараагийн ЗГ-ыг гаргаж ирэх нь тэдний зорилго.

-У.Хүрэлсүхээс зайлсхийх нь ямар ашигтай юм бол. Улс эх орон болоод МАН-д хор уршиг тарихаар хүн мөн үү?

-Би дээр хэлсэн, Хармагтайн орд зэрэг асуудлаас болж, сандал суудлаас үхэлдэн зууралдаад байна гэж. Уг нь сөнөж буй эдийн засагт маань Хармагтайн орд аврал болох учиртай. Хөдөлгөөний бид энэ чиглэлээр анхааран ажиллаж байгаа.

Хүрэлсүх бол харийн боол шунахайчуудын маань гарын хүн болоод байхгүй. Ард түмэндээ ач тустай шийд гаргах гэж хичээнэ гэж бодож байна. 2000-аад онд тэрбээр Авлигын хаант улсын эсрэг ард түмний эсэргүүцэлтэй нэгдэн, дарангуй бурангуйн хана хэрмийг нураалцаж явсан. Одоо ч бас тэгж чадна. Тийм болохоор л түүнээс болгоомжилж, эвгүцэж сүйд болоод байна. Монголын ард түмэн Монголоо гэсэн улс төрч Х.Баттулгыг сонгосноороо үндэсний эрүүл нийгмийн төлөөх тайван хувьсгалын тохироог илүү нэмэгдүүлсэн гэж боддог. Санаа нийлсэн ерөнхийлөгч, ерөнхий сайд байсан нөхцөлд дэвшилтэт үзэл санаа, бодлогууд бүрэн хэрэгжих боломжтой.

Хүрэлсүх улс төрч урьд эхнэрийн эрүүл мэнд муудав гээд УИх-ын гишүүнээс татгалзаж байсан, одоо үзэл бодол таарахгүй хүмүүстэй ажиллаж чадахгүй гээд шадар сайдаас татгалзаж, засгийн газрыг төдийгүй, 60 тэрбумтнуудыг ноцтой ганхууллаа. Ийм хүн албан тушаалд шунаад, өөрийгөө мөрдөөд явна гэдэгт итгэхийн аргагүй байна. Би түүнийг шунаж, идэж явсан гэж дуулсангүй. Шударга үгийг нь харин бишгүй сонсож, дэмжиж байсан.

-Дараагийн Засгийн газар бүрэлдлээ гэхэд хэр зэрэг тогтвортой ажиллах бол?

-“Улс орон дампуурлын ирмэгт байгаа учир дараагийн ЗГ удахгүй” гэж МАН-ынхан өөрсдөө хэлээд байгаа. Ард түмнийхээ эсрэг ажилладаг ээлжит ЗГ гарч ирвэл яаж тогтвортой ажиллах вэ? Ард түмэн бас ч гэж сэрсэн байгаа шүү. Тогтвортой ажиллуулаад байхгүй. 90 оноос хойшхи бүх ЗГ-ууд гагцхүү ард түмний эсрэг ажилласан. Одоо ард түмний төлөө ажилладаг анхны ЗГ гарч ирвэл тогтвортой ажиллаж чадна. Тийм ЗГ-ыг би У.Хүрэлсүхийн нэртэй холбон харж байна. МАН-ынхан энэ түүхэн боломжоо ашиглаж чадвал намын нэр хүдэд нь сайн, эс чадаж, У.Хүрэлсүхийгээ зоосны нүхээр хараад, хэрэг түвэгт хутгаад муулаад баалаад өнгөрвөл арван хар сөнөл нь үргэлжилнэ.

ярилцсан Л.Ганзул

www.zindaa.mn


 

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сам(59.153.112.22) 2025 оны 03 сарын 13

Энэ засаг анх гарангуутаа монгол сөнөлөө гэсэн. Одоо хямралаас гарсан гэв. Засаг солигдох гэнгүүт эдийн засаг маш муу байна гэлээ. Яаж ойлгох вэ

1  |  0
Monhyy(103.57.94.195) 2025 оны 03 сарын 13

Mash sain....

1  |  0
Иргэн(202.9.42.193) 2025 оны 03 сарын 13

Дахин дахин уншиж байна үнэхээр эх орон зон олныхоо төлөө ярьжээ. Хажууд байсансан бол баяр хүргэх байсан шүү. Ойрд иим ярилцлага сонсоогүй байна . Та энэ сэдвээрээ тв-гээр яриач тв , сэтгүүлч нар нэн хүнээс ярилцлага аваач. Сэтгүүлч нар олон ниитэд дамжуулаач энэ хүнээс сэтггүлч мэргэжил эзэмшсэн толгйтой бүхэн суралцаач эх орон нутаг нуга газар шороо энэ хүнээс үнэртээд байна . Таны лекцииг дахин сонсмрро байна шүү амжилтын оргил руу улам их мацаарай бартаа тээгтээч иим хүн нэг биш нэлээд байгаа байх гэдэгт итгэж байна зөв хүн нь олшрох болтугай

1  |  0
ХЭНТИЙ АЙМАГ- ЭР ХYН(202.9.41.36) 2025 оны 03 сарын 13

МАНАЙ Ч. Менхбаяр МУНДАГ САЙХАН ЭХ ОРОНЧ ЗАЛУУ. БИ ОГТ ТАНИХГYЙ. ГЭХДЭЭ ШУДАРГА ЕС, ЭХ ОРОНЧ СЭТГЭЛ НЬ БАХАРХМААР. ДАРАА САЙХАН ТАНИЛЦАНА АА. ОРОСЫН БУУНЫ НОХОЙ ГЭСЭН НЭР ТОМЬЕО ГАРГАЖ ИРДЭГ ХУЛГАЙЧУУДЫГ ТАСЧААД ХАЯНАА, ХОГИЙН АМЬСГААНУУД. ЖИШЭЭ НЬ ЭНЭ ДООРХ 193.83.190.75. ЧАМАЙГ ЗААВАЛ ОЛЖ ТОЛГОЙЛОГЧИЙГ ЧИНЬ БАРИНА.

1  |  0
zochin(122.201.24.111) 2025 оны 03 сарын 13

unen heljee.. demjij baina.

1  |  0
Zochin(66.181.160.60) 2025 оны 03 сарын 13

Зөв дүгнэжээ Хүрэлсүх шударга хүн

1  |  0
Gannaa(202.9.40.5) 2025 оны 03 сарын 13

bualuunaasaa bolj hoorond oo zodoldoj baigaa yam tentsuuhen hubaachih yam bol jujug duusna

1  |  0
Иргэн11(59.153.115.115) 2025 оны 03 сарын 13

Үнэнийг хэлжээ. Энэ Засаг олигархиудын төлөө үйлчилж байсан.

1  |  0
Gannaa(202.9.40.5) 2025 оны 03 сарын 13

manai huchnuu baiguullaga neg l bich ee ,bi alban tushaal hudaldan avsan gej heleh hun garah bolv uu hairiin tsag hugatsaa, hun huch tedend mergejliin .... daanch dee tumnii doog boloh gej

1  |  0
AN-n (139.5.217.189) 2025 оны 03 сарын 13

AN-n erdene tun ayultai hundee MAN-namiin oligarahuudtai hezeenii l negdchihsen bolovuudaa. Ardchilsan namaas hurelsuh shig humuus garch irj baij l,erunhiilugch,Hurelsuh 2-t nileed nemer bolnodoo.Enhbold shig aij baigaa humuus ardchilsan namd ch biidee

1  |  0
Зочин(103.26.195.33) 2025 оны 03 сарын 13

МАШ ҮНЭН ЯРЬЖ. БҮХ АСУУДАЛ ИЛ БОЛООД БН. ЭНЭ МЭРГЭЖЛИЙН БУС ЧАДВАРГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР ЯМАРЧ ТОХИОЛДОЛД ОГЦРОХ ЁСТОЙ.

1  |  0
mnbv(193.83.190.75) 2025 оны 03 сарын 13

orosiin buunii nohoi

1  |  0
Г.Батнасан(202.179.31.83) 2025 оны 03 сарын 13

Бүгд үнэн.

1  |  0
Дэмжиж байна(150.129.143.185) 2025 оны 03 сарын 13

Маш зөв ярилцлага болжээ дэмжиж байнаа. Энэ засгийг нэн даруй огцоруулж 60 тэрбумынханыг шоронд хатаах хэрэгтэй огцоруулаад ч зогсохгүй ял асууя хамгийн түрүүнд АТГ, Тагнуулыг шинэчлэж тэдний бүлэглэлийн хүмүүсийг хурдан халах хэрэгтэй байна шүү ерөнхийлөгчөө

1  |  0
Иргэн(202.9.42.193) 2025 оны 03 сарын 13

УНШЛАА САЙХАН ЯРИЛЦЛАГА БОЛЖЭЭ. ЦАГИИН БАЙДЛЫГ ОНОВЧТОЙ ДҮГНЭСЭН ГЭЖ ХУВЬ ХҮНИИ ХУВЬД ОЙЛГОЛОО ХАРМАГТАЙН ОРДЫГ АРД ТҮМЭН МИНЬ ЧУЛУУ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ ЭС ТЭГВЭЭС МАНГАСЫН ГАР ХӨЛӨӨР. ДАМЖИХ НЬ БАЙНА ШҮҮ ЭРДЭНЭТИИН АСУУДЛЫГ НЭХЭХ ЁСТОЙ

1  |  0
Зочин(27.123.214.83) 2025 оны 03 сарын 13

одоогийн нөхцөл байдлын тухай зөв дүгнэлт өгсөн сайн ярилцлага болжээ

1  |  0
Top