Өчигдөр МАН-ын УИХ дахь бүлэг хуралдах байсан ч ирц бүрдээгүй гэдэг шалтгаанаар хурал цуцлагдсан. “Мэргэжлийн” Засгийн газрыг огцруулахаар УИХ-ын 30 гишүүн санал нэгдэж гарын үсгээ зураад, УИХ-ын дэд дарга Я.Санжмятавт өргөн барьсан. Түүнээс хойш 21 дэх өдрийнхөө нүүрийг ийнхүү үзлээ. Өнөөдөр харин түүхэн өдөр. МАН-ын мөнгөнд дуртай Засгийн газрын нөхөд болон тэдний эсрэг зогсогсдын ялалт ялагдлын алин болохыг ард түмэн хүлээсэн өдөр. Мөнгө, шударга үнэний алин нь энэ нийгэмд давуу байгааг бид үзэх нь. Өчигдөр МАН-ын бүлэг хуралдсан бол Засгийн газрыг огцруулахыг дэмжсэн саналд хүрэх байв. Учир нь Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг цуглуулсан 31 гишүүний дээр хоёр ч гишүүн нэмэгдэж тэдний талд зогслоо.
Үнэн ялахад ганцхан алхам дутуу байна. Мөнгөнийхөн АТГ, Поркурорыг ч өөртөө татаад амжилтанд хүрэхгүй нь тодорхой болж эхлэв. Өчигдөр УИХ-ын хашир туршлагтай гишүүдийн нэг Ч.Улаан Засгийн газрыг огцруулахаар сэтгэл шулуудан гарын үсэг зурсан бол Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Сү.Батболд тэдний талд гар өргөжээ. Тиймээс Засгийн газрын хувь заяа дээсэн дөрөө ч үгүй болж, дэнжигнэх тэнцвэрээ ч алдлаа. Хэрэв өнөөдөр УИХ хурал хуралдахгүй бол хуулийн дагуу УИХ-ын дарга М.Энхболд албан тушаалаа хүлээлгэн өгнө.
УИХ-ын Дэгийн тухай 38.1-д “Ерөнхий сайд, Засгийн газар, Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бол Ерөнхий сайд, Засгийн газрыг огцруулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо, Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг холбогдох Байнгын хороо долоо хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.Мөн хуулийн 38.2-д “Нэгдсэн хуралдаан Байнгын хорооны санал, дүгнэлт гарснаас хойш долоо хоногийн дотор хуралдаж Байнгын хорооны, хэрэв Цэц дүгнэлт гаргасан бол түүний дүгнэлтийг сонсож илээр санал хураалт явуулж гишүүдийн олонх дэмжсэн бол огцруулах тухай тогтоол батлагдсанд тооцно” гэсэн заалт бий.
Офшорчдын хувь заяаг шийдэх 49 хоног зарласан шиг, энэ Засгийн газрын замнал УИХ-ын дэд даргад Засгийн газрыг огцруулах бичиг барьсанаас хойших 21 дэх хоног дээрээ шийдэгдэн, түүхэнд тэмдэглэгдэн үлдэхээр байна. МАН-ын зарим шударга нөхдийн ачаар түүхэндээ анх удаа Засгийн газраа огцруулахаар зориг шулуудаж, сайн үр дүнд хүрсэн өдрөөр цохоон тэмдэглэх нь. Мэргэжлийн Засгийн газрын сайд дарга, албан тушаалтнуудын сүүлчийн сумаа тавих өдөр. Магадгүй тэд хоосон дайзтай болсон ч байж мэднэ. Сонгогчидруугаа илгээсэн мессежийн хариуд маш олон урамгүй үг сонссон гэдэг “бор шувуу” нисээд байгаа нь ч гарцаагүй үнэн болж таарлаа. Ард түмэн ч зөвийн талд зогссоор, тэднийг өмөөрсөнгүй.
Ямартаа ч “мэргэжлийн”гэх тодотголтой мөнгөний Засгийн газар огцорч түүхэнд тэмдэглэгдэн үлдэхээр байна. Гүтгүүлсэн заримын нэр цэвэршиж, гүтгэсэн гүжирдсэн бол тэд буруугаа хүлээх өдрүүд эхэлнэ. “60 тэрбум”, офшорчид, концессын гэрээнийхэний хувьд бүрхэг өдрүүдтэй нүүр тулах цаг айсуй... Шударга байцгаая... гэж хоосон лоозогнох бус шударга үнэн ялдгийг өнөөдөр л харж чадахгүй бол цаашдаа бид тийм зүйл байдгийг ор тас мартах ч юм билүү хэн мэдлээ. Өнөөдөр яав ч түүхэн өдөр!
З.Говьсайхан
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )
Шууд огцорч өгөхгүй зулгаалдаад бсан ашгүй 1 явлаа. Эд ямар горьдсон сайдууд бваа. Ичиж улайхгүй мөнхбатаас эхлээд ёо ерөнхий сайдад санаархаж блаа хөөрхийс. Одоо үнэтэй цагийг нь авч концессийн гэрээгээр идсэнг буцаан төлүүлж,улсыг хохиролгүй блгоод эднийг байх газарт нь хийх хэрэгтэй.
Mungu odoo diilehgui
Мөнгө мөнгө,сая мөнгө дийлээд завсарлав.