Намар, Хүрэлсүх хоёр...

2017 оны 09 сарын 25

Мотоцикльчдын дуудлага гэж нэг сонин юм бий. Нийслэлчүүд утаандаа хахаж цацсан өдрүүдийн нэг. Богд Дүнжингаравт түймэр гарч, Онцгой байдлынхан хоёр хоног улаан галтай тэмцсэн боловч газрын бартаа даган цааш ахисаар, хүн хүрэхэд хэцүү болсон хэрэг.

Гэнэт утас дуугарлаа. Мотоцикльчдыг Хүрэлсүх дуудаж байна гэсэн мэдээ ирэв. Уулын өгсүүр өөд ус зөөж гал унтраагчдад тус дэм болох унаа бол бартаанд баараггүй мотоцикль. Түүний дуудлагыг хүлээн авсан моточид Баянзүрхийн товчооны цаахна цуглав. Бүгд л унаагаа орилуулсаар уул өөд ус зөөсөн юм даг. Түймэр ч унтарлаа. Хамар шанаа нь утаа болж халтартсан Хүрэлсүх мотоцикль дээр дарцагладаг таних танихгүй залууст баярлаж талархсанаа илэрхийлэн Баянзүрхийн товчоо хүртэл гаргаж өгөөд үдсэн. Түймэр унтарсан ч гэсэн түүртэх ажил зөндөө үлдсэн хэрэг. Эх орон дуудахад ирсэнд баярлалаа гэж хэлсэн санагдана.

Үнэндээ бол эх орныг минь төлөөлөн аатай жавхаатай залуусыг уриалан нэгтгэсэн түүнд л талархмаар санагдаж билээ. Шаардлага тулгарсан үед дуудах, нэгтгэх хүнээр дутагдаж явдгийг нь энэ цагийн залууст Хүрэлсүх өөрөө ч мэдэлгүй ойлгуулсан юм. Өнгөрсөн зуны түймрүүдийг унтраахад олон нийт идэвхтэй, сэтгэлтэй оролцохын эхлэл энэ байв.

Эдүгээ У.Хүрэлсүх болон түүний нөхөд МАН-ыг шинэчлэхээр эхний алхмаа хийгээд байна. Түүний анхны оролдлого ч энэ биш. "МАН-ыг Энхбаяр удирддаг юм уу, эхнэр нь удирддаг юм уу" гэж дэлгэцээр шуудхан асууж байхдаа л тэр энэ тэмцлээ эхлүүлсэн гэж би хувьдаа боддог. МАН-д байгуулагдсан анхны жигүүр буюу фракцыг Ө.Энхтүвшин удирдаж байв. Дараахан нь мөнөөх жигүүр маань С.Баярын найраанд орж, Ө.Энхтүвшин албан тушаалын сэнтийд бүдгэрэн алга болсон түүх бий. Ө.Энхтүвшинд МАН-ын дарга болох боломж 2012 оны сонгуулийн дараа тохиосон. Гэвч МАН түүний үед, богинохон хугацаанд эв нэгдэлгүй, амьгүй албат шиг болсон. Тийм ч болоод төдөлгүй огцруулж, өмнө зүгээс санхүүжилт татахын тулд М.Энхболдод найр тавин намын даргын суудлаа өгч байсан хөгийн дурсамж бол ердөө л дөрвөн жилийн өмнөх явдал.

У.Хүрэлсүхтэй Ерөнхий сайдад өрсөлдөж буй Ө.Энхтүвшин нэг удаа энэ намыг асдаггүй машин шиг болгосон, хоёр дахь удаагаа ухрах араанд нь залгасан унаа шиг болгохыг хэн хүсээд байгааг ойлгохгүй юм. Олон ч удаа албан тушаалын наймаагаар өөрийгөө үнэлэн, жигүүр байгуулахад хамтран зүтгэсэн нөхдөө хөсөр хаяж байсан хүн л МАН-ын шинэчлэлийг эсэргүүцэгчдэд хэрэгтэй байгаа бололтой. Бас нэг хүний нэр сонсогдож байгаа нь Н.Энхболд. Чамбай боловч сул улстөрч. Өнөө цагт Монголын төрд хэрэгтэй байгаа эр зориг, эхэлснээ дуусгах чанар, шийдэмгий байдал түүнд дутна. Н.Энхболд бол хууль боловсруулагч болохоос удирдагч биш. Дээр нь МАН-д аливаа асуудал дэгдэхэд бөөрөнхий байр суурин дээр үлддэг, хуучинсаг нэгэн. Ард түмэн эрх баригч МАН-аас яг юу хүсээд байгаа юм бэ?

Намрын жиндүү өдрүүд, хүйтэн хатуу өвөл, Валютын сангийн зогсонги зээл, хөрөнгө оруулагчдын эргэлзээ зэрэг олон олон бартаа саадыг туулахад бэлэн байгаа монголчууд энэ бүх тэвчээр, туйлбартай байдлынхаа цаана Монголын төр эрүүлжихийг хүлээн бүсээ чангалсаар удлаа. Төр л эрүүлжиж, шат шатандаа галзуурчихаад байгаа албан тушаалын наймаа, авилга, хэт улстөржилт саарч байвал бүсээ бүр ч илүү чангалан тэвчихэд бэлэн байна. Түүнээс биш ард түмэн эрх баригч МАН нэг Энхболдыг нөгөө Энхболдоор, нэг авилгачийг хоёр дахь наймаачнаар солихыг хүсээгүй. Хэрэв Ерөнхий сайдаар Н.Энхболд, Ө.Энхтүвшин нар сонгогдвол гүйцэтгэх засаглалгүй намаржсан нь утгагүй хэрэг болох юм. Хэрэв нөгөө л хуучин агаар, хуучинсаг ялзрал Н.Энхболд, Ө.Энхтүвшин нараар дамжин энэ хэвээрээ үлдвэл МАН-ыг шинэчлэх гэж ингэтлээ тэмцсэн нь ямар ч хэрэггүй болж үлдэнэ. Тэр тусмаа МАН-ын огцорч буй сайд нар бизнесийн эрх ашигаа хамгаалуулахын тулд өөрсдийн бууны ноход, уяаны гөлөгнүүдээ илгээж буй энэ үед тус намын Бага хурлын гишүүдэд илүү сэрэмжтэй байх шаардлага тулгарч байна. Эх орноо төлөөлөн энэ цагийн залуусыг дуудаж чадах удирдагч бидэнд хэрэгтэй. Тэгж байж наймаачдын эрин үеийг халж чадна. Албан тушаал, мөнгөөр наймаалцдаггүй нэгэн үеийнхэн дөрөө мултлан, төрөө төвхнүүлэхэд ойрхон байна.

21-р зууны Монголыг өнгөрсөн зууны сүүлчийн цүнх зөөгчид удирдаж чадахгүй. Хөгжүүлж бүр чадахгүй. Үүнийг ч бид хангалттай харлаа. Эсвэл МАН цүнх зөөгчидтэйгээ хамт өнгөрсөн зуундаа үлдэхээс аргагүй. Тиймээс ч Энхбаярын цүнхийг зөөж явсан нэгэн үеийнхнээсээ МАН салах цаг болсон. Салж чадах, үгүйг энэ намынхны чин зориг мэднэ. Халуун зунаар эхэлж, сэрүүн намрыг туулан үргэлжилж буй Хүрэлсүхийн тэмцлийг олон нийт тэвчээртэй, хүлээцтэй харж байна. Эх орон мэт дуудаж чаддаг, "Эх орон дуудахад ирсэнд баярлалаа" гэж хэлж чаддаг хүнээ л илгээ, надаас эхлээд олон олон залуус дэмжинэ. Намар Хүрэлсүх хоёр, түймэр Хүрэлсүх хоёр, тэмцэл Хүрэлсүх хоёр...Хүрэлсүхдээ ч учир нь байгаа юм биш. Энэ залуу эх орон мэт эгэлхэн үлдэж чаддаг юм билээ. Тийм ч болоод нэгэн үеийнхэн түүнийг үнэлж, бас хайрладаг. Хүрэлсүх хүчтэй байгаагийн шалтгаан энэ.

Зохиолч, сэтгүүлч Р.Эмүжин


 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
уншигч(202.179.26.163) 2025 оны 03 сарын 13

21-р зууны Монголыг өнгөрсөн зууны сүүлчийн цүнх зөөгчид удирдаж чадахгүй.

1  |  0
уншигч(202.179.26.163) 2025 оны 03 сарын 13

21-р зууны Монголыг өнгөрсөн зууны сүүлчийн цүнх зөөгчид удирдаж чадахгүй.

1  |  0
уншигч(202.179.26.163) 2025 оны 03 сарын 13

21-р зууны Монголыг өнгөрсөн зууны сүүлчийн цүнх зөөгчид удирдаж чадахгүй.

1  |  0
Үнэн хаана байна(66.181.164.239) 2025 оны 03 сарын 13

Яаж ч бодсон. Хүрэлсүх. Өөр зам байхгүй. Өөр зам гарч ирвэл: МАН -баяртай.Түүхийн нугачаа хэцүү дээ. Цаг нь болсон МАН, эсвэл шинэчлэгдэж өөрчлөгдөх МАН. Ашийг нь түүх таашаах юм бол мэдэхгүй. Уул нь шинэчлэгдэж өөрчлөгдсөн МАН байвал арай дээр гэж ихэнх нь харж байна.

1  |  0
Дамдин(202.179.31.6) 2025 оны 03 сарын 13

Маш зөв шүү. Хүрэлсүх л гараасай гэж хүсч байна.

1  |  0
зочин(66.181.188.44) 2025 оны 03 сарын 13

МАН Энхтүвшин,Энхболд нараас ЕС гаргавал 2020 онд навс унах нь нэн ойлгомжтой болчоод байна харин энэ 2 Хүрэлсүхтэйгээ хамтраал үзвэл шанс гарч болох юм

1  |  0
Эрс оорчлолт(103.229.121.83) 2025 оны 03 сарын 13

Одоо бид эрс оорчлолтийг хусэж байна. Ард тумнийг даапаалж н.энхболд, энхтувшин мэтийн гар холоо гаргаж ирэх юм бол монголын нийгэм танай намтай тун хатуу тооцоо хийх байх. Тэр тогтвортой байдал, ундэсний аюулгуй байдал чинь олгиархуудад л хэрэгтэй. Ийм угний цаана ард тумнээс айсан олгиархууд нуугдаж байна. Ард тумэн тэсэхээ байгаад энэ бух заваан юмнаас гаргаж огох лидерийг хусэж байна.

1  |  0
Zochin(103.229.123.214) 2025 оны 03 сарын 13

Пальдага- долигонуур

1  |  0
Zochin(103.229.123.214) 2025 оны 03 сарын 13

Пальдага- долигонуур

1  |  0
азаа(203.91.115.37) 2025 оны 03 сарын 13

гашуун үнэн шүү энэ хоёр өвгөн хичнээн удаа УИХ д суучихаад юу хиисэн юм бэ олигтой үг хэлж байхыг нь хараагүй бөөрөнхий эд нараас юу гарах юм бэ? чадахгүй байж ЕС руу зүтгэхийн оронд тэтгэвэрээ олигтойхон тогтоолгож аваад ач зээгээ хараад суусан нь дээр дээ

1  |  0
Top