Давхар дээлийн өнгө дотрыг сайжруулна

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 11

 Улс төрийн малгайн доор "Давхар дээл" гэх  нэр томьёо орж ирээд багагүй цаг хугацааг элээжээ. Энэ үгийг сонссон хэн ч дээл хувцасны тухай биш УИХ, Засгийн газрын албыг давхар хашихыг хэлж байна гэж ойлгоно.

Уг нь Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлд буй “Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэсэн заалт байдаг ч өнөөх хуулийг зөрчих гэж баталдаг юм  хойно үе үеийн Засгийн газар давхар дээлээ тайлаагүй явсаар өнөөг хүрсэн.

Гэхдээ энэ дунд нэг зүйлийг тодотгоё. Өнгөрсөн хугацаанд дан гаднаас  танхимаа бүрдүүлсэн Засгийн газар хоёр удаа л гарсан байдаг аж. Тэр нь М.Энхсайхан болон Ж.Наранцацралт нарын Засгийн газар.  Өөрөөр хэлбэл Ерөнхий сайдаас бусад Засгийн газрын гишүүд бүгд УИХ-ын гаднаас томилогдож байсан юм.  Ингэж явсаар  2008 оноос хойш УИХ-ын гишүүд давхар Засгийн газрын гишүүн болдог хавсарсан албан тушаалын түүх эндээс эхлэлтэй гэж хэлж болно.

"Давхар дээл" хөөрхий  энэ хугацаанд сайн сайхан нэр үнэндээ зүүгээгүй. Амтай болгон нь шүүмжилж, даарсан нэгэн нь түүнийг улам бүр үзэн ядсан. Үе үеийн Засгийн газрын өрөөсөн дугуй мэт явж ирсэн давхар дээлний мөн чанар, ач холбогдлыг одооноос  л улс төрийн хүрээнийхэн ч тэр, эгэл ард нь тэр хүлээн зөвшөөрч, мөн чанарыг ойлгож эхлэх шиг болж байна.  Тэр утгаараа шинэ Засгийн газар буюу У.Хүрэлсүхийн  байгуулах Засгийн газарт дан, давхар дээл гол асуудал бус хамгийн гол нь тогтвортой Засгийн газрыг бүрдүүлээсэй гэж олон нийт хүсэж байна. Энэхүү тогтвортой байдлыг хангахын тулд нэгдүгээрт,  УИХ-ын бодлого,  Засгийн газрын бодлого  нь өөр хоорондоо  уялдах ёстой юм. Ингэснээр нийгэм, эдийн засагт үүсээд буй хүнд нөхцөл байдлыг туулахад дөхөм болно гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл шинэ Засгийн газар тогтвортой ажиллахын тулд нэгдсэн бодлогод захирагдсан бүтцээр явах нь зохистой юм.  Үүнийг олж харсан уу гэлтэй У.Хүрэлсүхийн Засгийн газарт орж ажиллах сайдуудын нэрсийг урьдчилсан байдлаар харахад 100 хувь давхар дээлээс бүрдэх дүр төрхтэй байна. Ингэхдээ давхар дээлтэй ажиллах сайдуудад цалин өгөхгүй гэдгээ Ерөнхий сайд мэдэгдсэн.

Түүнчлэн У.Хүрэлсүхийн Засгийн газрыг “давхар дээлтэй” байхыг зөвшөөрнө гэж сөрөг хүчин  АН-ын бүлэг мэдэгдсэн ч удаатай. Энэ талаар Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ "Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө УИХ-ын бодлогод шууд оролцох эрхтэй, УИХ-ын гишүүн биш. Тиймээс Засгийн газрын бүтцэд, чиг үүргийн яамдад  “давхар дээлтэй” сайд томилох асуудлыг  зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Учир нь УИХ-ын бодлого нь  Засгийн газрын бусад ерөнхий  чиг үүргийн бодлоготой уялдах нь зөв юм. Хэдийгээр өнгөрсөн дөрвөн жил АН-ын Засгийн газар давхар дээлний асуудлыг эсэргүүцэж байсан нь үнэн. Гэвч  өнөөдөр бодит байдал хүнд байгаа учир УИХ-ын бодлого  болон  Засгийн газрын бодлого  нь өөр хоорондоо  уялдах нь зүйтэй гэдэг байр суурийг баримталж байгаа” хэмээн хэлж байв.

Мөн нөгөө талаар “Дан дээл”-тэй сайд  байлаа гэхэд  УИХ-ын ги­шүүнээр сонгогдоогүй,  хэн ч мэдэхгүй, хаана явсан нь тодорхойгүй, үл бүтэх  нөхөр сайд болбол яамны ажил нь  яаж  урагшлах юм бэ. Аль эсвэл сонгуульд ялагдсан, намдаа хандив өгч хамаг л ар талыг нь хариуцдаг нөхрийг шагналын сайд болгох нь хэр зохистой вэ. Харин үүний оронд төр, түмэндээ танигдсан муу ч үгүй УИХ-ын гишүүн байсан нь хавь илүү. Ялангуяа эрүүл мэнд, боловсролын салбарын сайд нь УИХ-ын гишүүн байвал салбарынхаа болж бүтэхгүй асуудлыг УИХ  дээр оруулж ирдэг  зэрэг сайн тал давхар дээлэнд  олон бий.

 

Ш.Адъяамаа



 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эгч(103.9.90.98) 2025 оны 03 сарын 13

Ш.АДЪЯАМАА, нэлээдгүй гэдэг үг монгол хэлэнд байхгүй шүү, хэлээ сайн судалж бич, сур, битгий буруу юм дууриагаад бай гэж зөвлөж байгааг сайн бодоод үзэхгүй юу даа:

1  |  0
Top