Ж.Ганбаатар: Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх агентлаг байгуулах шаардлагатай

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 02

  УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дэргэдэх Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо нь Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ээлжит хуралдаанаа хийлээ. Тус хуулийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар ахлаж байгаа бөгөөд ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Л.Элдэв-Очир, Б.Ундармаа, М.Оюунчимэг нар ажиллаж байгаа юм.  Хуулийн төслийг боловсруулах ажлын хүрээнд байгууллагдсан дэд ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд гурван удаа хуралдаж хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулснаа өнөөдөр танилцууллаа.

Хурлыг нээж УИХ-ын гишүүн, Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны дарга Ж.Ганбаатар хэлсэн үгэндээ “Миний бие хууль санаачлагчийн хувьд Хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах ажлын хүрээнд 5 орны элчин сайд нартай уулзаж, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийг сайжруулах болон ЖДҮ салбарыг хэрхэн хөгжүүлсэн арга туршлагаас асууж тодруулсан. Мөн УИХ-ын Тамгын газрын Судалгааны хэлтсээр Жижиг, дунд үйлдвэрийн харилцааг зохицуулж байгаа хөгжиж буй орнуудын хуультай харьцуулсан судалгааг хийлгээд байна.

Өнөөдрийн хурлын гол зорилго бол хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж, зарчмын хувьд тохирч эцэслэх явдал юм.

    Үзэл баримтлалаа баталсны дараа Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу,  хууль тогтоомжийн төслийг боловсруулах, хууль тогтоомжийн төслийн үр нөлөөний үнэлгээ, зардлын тооцоог хийх, иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл, олон нийтээр хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлж, санал авах, хууль тогтоомжийн төсөлд холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн болон судалгааны байгууллагын саналыг авах, хууль тогтоомжийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх, хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зэрэг олон ажлууд биднийг хүлээж байгаа тул ажлаа шуурхайлах саналтай байна” гэлээ.

   Хуулийн төсөлд жижиг, дунд үйлдвэр эрхлэгч нарыг гарааны (бичил), жижиг, дунд гэж гурав ангиллахаар тусгасан байна. Мөн олон ажилтантай болох тусам аж ахуйн нэгж эрхлэгч нарт дэмжлэг үзүүлэх эдийн засгийн хөшүүргийг шинээр хуульчлах, Жижиг, дунд үйлдвэрлэлийг бүсчлэн хөгжүүлэх асуудлыг илүү тодорхой зохицуулах, гарааны бизнесийг дэмжихдээ бизнесийн санаа, тооцоо судалгааг нь үндэслэн тусгай ажлын хэсэг зээл олгодог байх, жижиг болон дунд аж ахуйн нэгжүүдэд банкаар дамжуулж зээл олгохоор тусгасан байна.

 2012 онд татан буугдсан агентлагийг сэргээн жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн сан, сум хөгжүүлэх сан, зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг нэг удирдлагаар хангах ёстой гэж хууль санаачлагчид үзэж байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны дарга Ж.Ганбаатар “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх агентлаг байгуулах хэрэгтэй байна. Төсөв хөрөнгө муу байгаа үед агентлаг байгуулах боломжгүй гэж хэлэх байх. Гэхдээ агентлаг байгуулж нэгдсэн бодлогоор хангах нь цаг үеэ олсон, нэн шаардлагатай ажил юм” гэлээ.

    Хуулийн төсөлд өөрчлөлт оруулснаар  гарааны болон жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн ойлголтыг тодорхой болгож төрөөс үзүүлж буй дэмжлэгийг гарааны, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд ангиллын дагуу оновчтой хуваарилах боломж бүрдэн, улмаар бичлээс жижиг, жижгээс дунд, дундаас томоохон үйлдвэр, үйлчилгээ эрхлэлт рүү шилжих замаар жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн өрсөлдөх чадвар,  нэмүү өртгийн сүлжээнд оролцогсодын тоо нэмэгдэхээс гадна үйл ажиллагаагаа өргөтгөх идэвх санаачилга бий болно гэж  хууль боловсруулагчид үзэж байна.

 


Т.Түвшин

ZINDAA.MN 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top