Ж.Ганбаатар: Хуулийн төсөл батлагдсанаар гарааны болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн тоо нэмэгдэнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 10

Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийн ээлжит хуралдаан  өнгөрөгч Лхагва гариг болсон. Тус хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийг үзэл баримтлалын төслийг эцэслэн хэлэлцсэн юм.  Улс орны тогтвортой хөгжлийг хангах зорилгоор жижиг, дунд үйлдвэрийн үйл ажиллагааны хүрээг өргөтгөх, хуулийн харилцааны зохицуулалтыг оновчтой болгох, хэрэгжилтийн үр өгөөжийг нэмэгдүүлэх эрх зүйн үндэслэл болон нийгмийн эрэлт хэрэгцээ, практик шаардлагыг харгалзан “Жижиг, дунд үйлдвэрийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан гэж хууль санаачлагчид онцлов.

Тус хуулийг шинэчлэх болсон үндсэн шаардлагыг  хууль санаачлагч, Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны дарга Ж.Ганбаатар тайлбарлахдаа "Бодлого, үндсэн чиглэлийг тусгасан тунхаглалын шинжтэй заалтууд хуулийн гуравны нэгтэй тэнцэж байгаа нь хуулийн хэрэгжилт хангалтгүй гэх гол шалтгаан болж байна. Тунхаглалын шинжтэй заалтуудад бизнесийн шинэчлэл, шинээр бизнес эрхлэх болон бүтээлч үйл ажиллагааг дэмжих, менежментийн нөөц, бизнес эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх замаар менежментийн үндэс суурийг бэхжүүлэх, менежментийн тогтвортой байдлыг хангах, бизнесийг хувирган өөрчлөх боломжийг бүрдүүлэх эдийн засаг, нийгмийн өөрчлөлтөд зохицох чадварыг нэмэгдүүлэх, санхүүжилтийг дэмжих, өөрийн хөрөнгийн хангалттай байдлыг сайжруулах тухай заалтууд байгаа хэдий ч хэн, хэрхэн яаж хэрэгжүүлэх нь тодорхойгүй байгаа нь хуулийг шинэчлэн найруулах нэг суурь нөхцлийг бүрдүүлж байна” гэсэн юм.



 

Хууль батлагдсанаар гарч болох нийгэм эдийн засаг, хууль зүйн үр дагавар, гарах үр дүнгийн талаар:

  • Хуулийг хэрэгжүүлснээр нийгэм, эдийн засаг, хууль зүйн аливаа сөрөг үр дагавар гарахгүй.
  • Гарааны болон жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн ойлголтыг тодорхой  болгосноор төрөөс үзүүлж буй дэмжлэгийг гарааны, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд ангиллын дагуу оновчтой хуваарилах боломж бүрдэн, улмаар бичлээс жижиг, жижгээс дунд, дундаас томоохон үйлдвэр, үйлчилгээ эрхлэлт рүү шилжих замаар жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн өрсөлдөх чадвар,  нэмүү өртгийн сүлжээнд оролцогсдын тоо нэмэгдэхээс гадна үйл ажиллагаагаа өргөтгөх идэвх санаачилга бий болно.
  • Хуулийн төсөл батлагдсанаар гарааны болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн тоо нэмэгдэж, тэдний хамтын ажиллагааг дэмжих арга хэлбэрийг бүрдүүлж, үйлдвэрлэл эрхлэгчид давуу талуудаараа нэгдэх үйл ажиллагаа эрчимжиж, бүтээмж, үр ашиг нь өсөж чанарын дэвшил гарна.
  • Байгаль орчинд халгүй өндөр болон дэвшилтэт технологи нэвтэрч, нэмүү өртөг бүхий бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсөж импортыг орлох, экспортод чиглэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжинө” гэж үзжээ.

Түүнчлэн одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулиар гарааны болон бичил, жижиг аж ахуйн нэгжид зээл олгох асуудлыг тусгайлан зохицуулаагүй байгаа байдлыг өөрчлөх, үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны чиглэл, эрх, үүргийг нарийвчлан зохицуулсан зохицуулалтыг хуулийн төсөлд тусгах аж. 

Ш.Адъяамаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top