2018 оны төсвийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 11

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн (2017.11.10) үдээс хойших хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв.

Төсвийн байнгын хороо дээрх төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хийсэн хоёр дахь хэлэлцүүлгийн явцад олонхийн дэмжлэг авсан саналыг төсвийн төсөлд нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, О.Баасанхүү, Д.Тэрбишдагва, Ж.Мөнхбат, Я.Содбаатар нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Өмч хувьчлалыг үр ашигтайгаар эрчимжүүлэх, бүтцийн өөрчлөлт хийх зэргээр төсвийн зарлагыг бууруулах судалгаа, тооцоо хийх, Сангийн яаманд чиглэл өгч, Төсвийн байнгын хороо ажлын хэсэг байгуулан ажиллах боломжийг судлах, мөн бондын хүүг бууруулах гэх мэт зарлага бууруулах стратегийг тодорхойлон мөрдөх шаардлагатай гэдгийг гишүүд хэлж байв.

Түүнчлэн ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд цалин, тэтгэвэр нэмэхтэй холбоотой тохиролцооны хүрээнд Засгийн газар төрийн албан хаагчдын мөнгөн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр тусгасан төсөв, тэтгэвэр нэмэгдүүлэх төсвийн талаар Я.Содбаатар гишүүн тодруулан тайлбарласан. 2013 оноос хойш Монгол Улс төрийн албан хаагчдын цалинг нэг ч төгрөгөөр нэмэгдүүлээгүй байсныг Ажлын хэсгийн гишүүд судалж байгаад ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөртөө нийцүүлэн нэг удаагийн үр дүнгийн урамшуулал олгох замаар төрийн албан хаагчдын мөнгөн орлогыг тодорхой хувиар нэмэгдүүлэхээр, мөн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхээр 137.4 тэрбум төгрөг, үүний 124 тэрбум төгрөг нь тэтгэврийг нэмэгдэл, үлдсэн нь тэтгэмжийн нэмэгдэл байхаар тусгасан. 2013 оноос хойш тэтгэвэр, тэтгэмж, цалин дээр энэ хэмжээний шийдлийг аль ч Засгийн газар оруулж ирээгүй байхад энэ Засгийн газар тусгасан байгааг Я.Содбаатар гишүүн онцлон тэмдэглэж байв. Цаашдаа цалинг индексжүүлэн нэмэгдүүлдэг байх шийдлийг ОУВС-тай ярилцан, шийдвэрлэхэд анхаарах нь зүйтэй гэдэг саналыг хэллээ.

Ийнхүү гишүүд 2018 оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хорооны даргаас асуулт асууж, хариулт авч дууссанаар өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top