Я.Содбаатар: Ерөнхий сайддаа МАН-ын даргын албыг хамтад нь үүрүүлэх ёстой

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 22

 МАН-ын их хурал үргэлжилж, намын даргыг сонгох санал хураалт эхлэх гэж байна. Их хурлын төлөөлөгчид санал хэлж байгаа юм. Их хурлын төлөөлөгч, УИХ-ын гишүүн Я.Содбаатарын байр суурийг сонслоо.

 Я.Содбаатар  “МАН өнгөрсөн дөрвөн жилийн алдаа оноогоо дүгнэж, ирэх дөрвөн жилийн бодлого үйл ажиллагааныхаа зорилтыг дэвшүүлж байна. Намынхаа мөрийн хөтөлбөр, бичиг баримтад өчигдөр өөрчлөлт орууллаа. МАН шат шатны сонгуульд тавьсан мөрийн хөтөлбөрөө хэрхэн биелүүлэх, ард иргэд, нийгэм эдийн засгийн амьдралыг хэрхэн дээшлүүлэх чиглэлд тодорхой шийдвэр гаргахаар бодлого боловсруулж байна. Намын дотоод амьдралтай холбоотой асуудлыг ярьж байна. Сая МАН-ын даргад Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх, бүлгийн дарга Дамдины Хаянхярваа нар нэр дэвшлээ. Бүх анхан шатны байгууллага, сум хорооноос сонгогдож ирсэн хүмүүс зөвхөн өөрсдөө санал өгч байгаа бус ард нь байгаа намын гишүүд байгаа учраас итгэл үнэмшлээрээ сонголтоо хийнэ гэдэгт найдаж байна.

МАН-ын үе үеийн их хурал дээр шийдэгдсэн асуудал цаашид улс орны бодлогод тусгалаа олоод явдаг. Тийм учраас 100 жилийн ойгоо тэмдэглэж буй МАН хариуцлагатай байх ёстой. Намын дарга сонгох тухайд зарчим барьж байгаа. Шат шатны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө биелүүлэх ёстой. Тийм учраас Ерөнхий сайд нь МАН-ын дарга байх нь чухал байна. Нэг талаас төрийн эрх нөгөө талаас улс төрийн эрх мэдлийг хамтад нь авч байж мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг хангаж чадна. Тиймээс Ерөнхий сайддаа МАН-ын даргын албыг хамтад нь үүрүүлэх ёстой. Бид 2020 онд ард түмэнд тайлангаа тавина. Энэ үед Засгийн эрх мэдэл, намын эрх мэдлийн үүднээс нэг хүн хариуцлага үүрэх нь чухал байна” гэлээ. Их хурал үргэлжилж байна.

Т.Түвшин

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(182.210.183.47) 2017 оны 11 сарын 21

Mash zuv yarisan bna. Amjilt.

0  |  0
зочин(202.9.42.252) 2017 оны 11 сарын 21

Сод урвагч албан тушаал горилогч өөдгүй амьтан харахаас зэвүүн

0  |  0
Top