МАН: Намынхаа эв нэгдлийг хангаж, амласан амлалтаа хэрэгжүүлэх зорилтыг тавьсан

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 27

Улс төрийн ууган хүчин болох МАН-ын ээлжит 28-р Их арваннэгдүгээр сарын 20-23-нд болж өндөрлөсөн билээ. Их хурлаар намын даргаа шинээр сонгож мөн удирдлагын бүтэц, дүрмээ шинэчлэн баталсан юм. Их хурлын үр дүнгийн талаарх  дэлгэрэнгүй мэдээллийг тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан  болон албаны бусад хүмүүс сэтгүүлчдэд өглөө.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан  хэлэхдээ “ Манай намын 28 дугаар ээлжит их хурал “Итгэл-зүтгэл-хариуцлага” уриан дор дөрвөн өдрийн турш болж өнгөрлөө. Их хуралд эх орнхоо өнцөг булан бүрээс 211 мянган гишүүдээ төлөөлж 1283 төлөөлөгч оролцлоо. Тэдний 696 нь буюу 53.2 хувь нь их хуралд анх удаагаа сонгогдсон  бол МАН-ын Төв хороонд Ерөнхий нарийн бичгийн дарга, Төв хорооны даргаар ажиллаж байсан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, философийн ухааны дэд доктор Гомбожавын Очирбат хамгийн олон буюу 11 дэх удаагаа сонгодон оролцлоо.  Мөн УИХ-ын дарга асан, гавьяат эдийн засагч, Удирдахуйн ухааны доктор Дамдины Дэмбэрэл, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн даргаар ажиллаж байсан Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Думаагийн Содном, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн даргаар ажиллаж байсан, Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд Шаравын Гунгаадорж  зэрэг төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд төлөөлөгчөөр сонгогдон ирж оролцов.

Төлөөлөгчдийн 306 нь буюу 23.4 хувь нь эмэгтэйчүүд, 235 буюу 18 хувь нь 18-35 хүртэл насны залуучууд, 514 буюу 39.3 хувь нь 36-45 насныхан, 419 буюу 32 хувь нь 46-60 насныхан, 97 буюу 7.4 хувь нь 61-ээс дээш насны ахмадууд байна. Энэ нь МАН-ын энэ удаагийн их хурал намын гишүүдийнхээ ахмад, дунд, залуу үеийхний залгамж холбоо, эмэгтэйчүүдийн төлөөллийг бүрэн хангасныг илэрхийлж байна.

Их хурлын төлөөлөгчдийн хамгийн ахмад нь ахмад дипломатч, Монгол Улсын баатар, 100 настанПунцагийн Шагдарсүрэнбайсан бол  хамгийн залуу нь  Дорноговь аймгийн Өргөн сумын намын байгууллагын гишүүн, 22 настай Төмөрбаатарын Цэнд-Аюуш байна. Улсын баатар Пунцагийн Шагдарсүрэн манай намыг 44 жил удирдсан  Юмжаагийн Цэдэнбал агсны нарийн бичгийн даргаар нэгэн үе ажиллаж байсан нэгэн юм.

Төлөөлөгчдийн 1172 буюу 89.5 хувь нь дээд боловсролтой, доктор, доктор профессор, дэд профессор 41, магистр зэрэгтэй 270 буюу 21 хувь байна. Төлөөлөгчдийн 286 буюу 22 хувь нь эдийн засагч, 220 буюу 17 хувь нь инженер мэргэжилтэй байна. Их хуралд 158 хуульч, 161 багш, 49 эмч, 400 хөдөө аж ахуйн мэргэжилтэн, сэтгүүлч, улс төр судлаач, социологч бусад төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс сонгогджээ. Бизнес эрхлэгчдийн төлөөлөл 321 буюу 24.5 хувь байна.

Их хурал Монгол ардын намын даргын улс төрийн илтгэл, МАН-ын ХХҮII их хурлаас хойш Намын бага хурал, Удирдах зөвлөл, намын Ажлын албанаас хийсэн ажлын талаар намын Ерөнхий нарийн бичгийн даргын илтгэл, намын Хяналтын Ерөнхий хорооны тайлан илтгэлийг тус тус хэлэлцэж үнэлэлт дүгнэлт өглөө.

Их хурлаас “МАН-ын Хичээн эрмэлзэх зүйл” буюу мөрийн хөтөлбөрийг шинэчилж баталлаа" гэв.


 

Түүнчлэн Монгол Ардын Намын их хурлаас намынхаа дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулжээ. Энэхүү нэмэлт өөрчлөлтөөр МАН-ын дотоод амьдралд тулгарч буй олон асуудлыг оновчтой зохицуулах, намын үйл ажиллагааны эмх цэгц, дэг журмыг сайжруулах, намын гишүүдийн идэвх оролцоог нэмэгдүүлэхэд  чиглэсэн олон заалт орсон гэдгийг   Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан онцолсон юм.

Тухайлбал, МАН-ын бага хурлын гишүүдийн тоо 310 байсныг 369 болгож нэмэгдүүлэн, бага хурлын гишүүдийн 30-аас доошгүй хувь нь анхан шатны байгууллагын төлөөлөл байх квот тогтоожээ. Энэ заалт нь МАН-ын анхан шатны болон удирдах байгууллагын хоорондын уялдаа холбоог сайжруулж, гишүүдийн шийдвэр гаргах үйл явцад оролцох оролцоог нэмэгдүүлнэ. Мөн дүрмийн “намын бүх шатны сонгуульт байгууллагад болон намаас санал болгон томилогддог, сонгогддог албан тушаалд 25-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна” гэсэн заалт өөрчлөгдөж, 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байх болгожээ. Энэ нь  жендерийн тэгш байдлыг хангахад тууштай хандаж байгаагийн илрэл гэдийг тодотгов. МАН-ын Их хурлаас нууц санал хураалтаар 369 гишүүнийг сонгож МАН-ын бага хурлыг байгууллаа. Бага хуралд 60 гаруй хүн нэмж нэр дэвшин өрсөлдсөн нь их хурлын үйл ажиллагааг чөлөөтэй, ардчилсан зарчмаар явагдсаныг харуулж байна. МАН-ын 28 дугаар их хурлын төлөөлөгчид намын дотоод амьдрал болон улс оронд үүссэн нөхцөл байдалд дүгнэлт хийж, эв нэгдлийг эрхэмлэхийг чухалчлан намын эв нэгдлийг бэхжүүлэх талаар тусгайлан тогтоол гаргажээ.

 

Ш.Адъяамаа


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top