УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцжээ.
“Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2012 оны тавдугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн байна.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан асуулт асуух хүн гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар байр сууриа илэрхийлжээ. Тэрээр хэлэлцэж буй тогтоолын төслийг бүхэлд нь дэмжиж буйгаа хэлээд нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг дахин авч үзэх шаардлагатай болсон гэдгийг тэмдэглэв. Блокчейн технологи, цахим орчин дахь санхүүгийн үйл ажиллагаа идэвхжиж байгаатай холбоотойгоор энэ талаарх эрх зүйн зохицуулалт, хяналтын технологи шаардлагатай болсныг дурдсан. Иймд Авлигатай тэмцэх газар 2018 оны нэгдүгээр улиралд багтаан Хууль зүйн байнгын хороонд цахим санхүүгийн хэрэгслээ хөрөнгө, орлогын мэдүүлэгт тусгах эсэх, цаашид энэ талаарх төсөөлөл, төлөвлөгөөний талаар мэдээлэл хийх нь зүйтэй гэдэг саналыг хэлсэн байна. Мөн иргэд олон нийтийн төөрөгдүүлээд байгаа олон төрлийн мэдээлэл яригдаж буй оффшортой холбоотой асуудлаар нэгдсэн мэдээлэл хийж, үүнд улс төржилтгүй, эрүүл саруул дүн шинжилгээ хийх цаг нь болсон гэв.
Ийнхүү тус төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжсэн байна.
Үргэлжлүүлэн “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцжээ. 2017 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр тус тогтоолын төслийг УИХ-д ирүүлсэн болохыг Байнгын хорооны дарга танилцуулжээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газар болон Тамгын газар судалгаа хийсэн. Уг төслөөр цалин нэмэхгүй, харин тус байгууллагын цалингийн нэмэгдлийг Улсын Их Хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ гэдэг хуулийн заалтад нийцүүлэхээр хэлэлцүүлж буй төсөл гэдгийг хэллээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, О.Баасанхүү нар асуулт асууж, Ажлын хэсгээс хариулт авчээ. Дараа нь Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд тогтоолын төслийг уншиж танилцуулаад санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжсэн байна. Ийнхүү “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон байна.
С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 2 )
ATG-r ch yadgiin unen yum baih bish
Энэ бол хүнээс авдаг авилгаа төрөөс нэхэж авч байна.Цалин дутаагүй,сэтгэл дутаж байгаа.Үнэхээр монгол эх оронч сэхээтэн бол ноорхой хувцастай ч төрийн ажлыг хийх ёстой.Төр ийм л арчаагүй мөнгөний боол болж дээ хөөрхий.Ингэж цалин нэмэхийг шаардаж суугаа хүмүүс бол төрийн албан хааг ч биш шүүдээ.