УИХ-д тарах боломж байна уу

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 09

 

Бид ардчилсан сонгууль өгч эхэлсэн цагаас хойш 26 жил өнгөрч, нийтдээ долоон удаа сонгох, сонгогдох эрхээ эдэлжээ. Гэвч бид өнгөрсөн түүхэндээ МАН, АН хэмээх улстөрийн хоёр хүчинг ээлжлэн сонгохын зэрэгцээ хэдхэн хүнийг 4-6 удаа сонгосон сонин түүхтэй ард түмэн. Тийм байтлаа өөрсдөө сонголтоосоо уйдаж үе үе УИХ-ыг тараахыг шаардаж ирсэн зуршил ч бий. Ард түмэн парламентийн үе үеийн энэ бүтэцээс залхасан мөчид Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг тараах асуудлыг хөндөж тавилаа. Хэрвээ Ерөнхийлөгч маань энэхүү асуудлаа ахин дахин тавиад байвал яах вэ. Ерөөсөө энэ парламентад цаашид ажиллах эрх зүйн чадамж бий юу. Тарахдаа тулвал ард түмний сонголтыг яахав, хууль зүйн талаасаа боломжтой юу гээд олон асуудал хөндөгдөж таарна.  

Ерөнхийлөгчийн тухайд бол дур зоргоор аашилсан хэрэг бус хуульд заасан тодорхой зүйл заалт бий. Тухайлбал, УИХ-ын тухай хуулийн 31.11-д "Улсын Их Хурлыг хугацаанаас нь өмнө тараах асуудлаар Ерөнхийлөгч нэгдсэн хуралдаан дээр үг хэлж байр сууриа илэрхийлж болно" гэсэн заалт байдаг. Тэгэхээр Ерөнхийлөгч эрх зүйн хүрээндээ хэдэн ч удаа асуудал оруулж болно гэсэн үг.  Ерөнхий дүр зургаар нь харахад УИХ нь Үндсэн хуулиа өөрчлөх эсвэл тарах хоёр зам харагдаж байгаа ч юм шиг. Магадгүй эргээд УИХ-аас Ерөнхийлөгчийг хугацаанаас нь өмнө огцруулах асуудал дэвшүүлж болох юм. Үүнийг манайд амь бөхтэй оршиж байгаа шантаажны маягийн улстөр гэж хэлж болно. Хэдийгээр энэ заалт нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ч боломжгүй гэдгийг УИХ-ын гишүүн асан Г.Уянга нарын хүмүүс харуулсан. Тэд Ц.Элбэгдоржийг огцруулахаар удаа дараа асуудал тавьж байсан ч бүтэлгүйтсэн. Саяхны энэ түүх юуг харуулж байна вэ гэвэл хууль эрх зүйн орчин нь тун бүүдгэр байгааг харуулсан хэрэг. Хуулиа харахаар боломж харагдаад байдаг, яг хуулийн дагуу гүйцэтгэх гэхээр ямар ч процесс явахгүй байдаг ийм тогтолцоо юм. Өөрөөр хэлбэл шууд түс тас огцруулах боломжгүй зүйл заалт. Тэгэхээр энд ямар нэг улстөрийн акц биш учраас хууль эрх зүйн хүрээнд ямар боломж байгааг тандах гээд үзье.

Үндсэн хуульд зааснаас харвал, хуулийн 22-ын хоёрт “Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно. Ийнхүү тарах шийдвэр гаргасан бол шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ эдэлнэ” хэмээн заажээ. Эндээс харахад Ерөнхийлөгч хэчнээн санал гаргалаа ч боломж тун хомс харагдаж байгаа биз.

Яагаад гэхээр манай 76 гишүүний 51 нь бид нар “бүрэн эрхээ хэрэгжүүлэх” чадамжгүй учраас таръя гэж хэлэхгүй нь лавтай. Бид үнэхээр тааруу ажиллаж байна, ямар ч чадамжгүй парламент гэж үзэх гишүүд бол цөөн ч гэсэн байгаа гэж найдая. Гэхдээ энэ нь хэзээ ч хуульд заасан хувьд хүрэхгүй. Энэ парламентийн дийлэнх хэсэг нь шинээр сонгогдсон буюу санамсаргүйгээр сонгогчдын саналын савлагаанд ороод ирсэн нөхөд бий. Тодотгож хэлбэл өнөөх л уйдсан сонгогчдын эрэлхийлэл нь тэднийг УИХ-д суулгасан хэрэг. Эд нарын хувьд бол ганцхан олдсон боломжоо хэзээ ч өгөхгүй. Тэд ахиад сонгогдохгүй гэдгээ ч сайтар мэдэж байгаа. Тиймээс энэ зүйл заалтаар яваад тус олохгүй.

Энд нэг зүйлийг авч үеье. 1999 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр батлагдсан нэмэлт өөрчлөлтөөр “Ерөнхий сайдыг томилох саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарах буюу эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах тухай шийдвэр гаргана” гэсэн заалт байдаг ч өнөөдрийн улстөрийн нөхцөл байдалд ямар ч боломж харагдахгүй байна. Далимдуулах гээд ч боломж гарахгүй. Хэдийгээр дундаа зодоонтой байгаа ч УИХ-д 65 суудалтай намаас байгуулсан Засгийн газар учраас Ерөнхий сайдыг огцруулаад улстөрийн хар нүүдэл хийх ч боломжгүй юм.

Мөнхүү Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 9 дүгээрт зааснаар “Монголын ард түмний эв нэгдэл, улс орны эдийн засаг, улс төрийн тогтвортой байдлыг хангах, шаардлагатай гэж үзвэл бусад асуудлаар Улсын Их Хуралд болон ард түмэндээ хандан илгээлт гаргана” гэжээ. Үүнийг шууд боломжгүй гэж үзэхэд өрөөсгөл. Ерөөсөө Ерөнхийлөгчид байгаа ганцхан боломж бол энэ. Үүнээс өөр үзээд өгье байхгүй. Х.Баттулга үнэхээр л ард түмнээсээ сонгогдсон хийгээд тэдний таалалд өнөөдөр ч нийцсэн хэвээр, тэдний эв нэгдлийг ханган ажиллаж байгаа бол ард түмэнд хандан илтгээлт гаргаж болох нь. Тэгэхээр мөн хуулийн 10-т зааснаас харвал “Ард нийтийн санал асуулга явуулах саналыг хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хуралд оруулна” гэсэн байна. Үүнээс харахад Ерөнхийлөгчөөс илгээсэн илтгээлтийн дагуу иргэд санал асуулга явуулахаар УИХ-д оруулаад ирвэл дуртай ч дургүй ч гишүүд зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд хүрнэ.

Сонгогчид өдгөөгийн парламентаас уйдсан энэ нөхцөлд хамгийн боломжит хувилбар мөн. Мэдээжийн хэрэг үүнд Ерөнхийлөгчийн зүгээс оновчтой улстөрийн нүүдэл хэрэгтэй. Нүүдэл гэхээсээ илүүтэй үндэсний хэмжээний ажил өрнүүлж байж сая биелэлээ олох магадлалтай. Тэгэхээр Ерөнхийлөгч тус хуулийн 14-т заасны дагуу “Засгийн газрын хуралдаанд өөрийн тааллаар оролцож, санал бодлоо илэрхийлнэ” гэсэн эрхээ хэрэгжүүлэн ажиллаж болох юм. Засгийн газрын хуралдаанд байнга саналаа хэлж, тэндээс ард түмэнд хүрэх гүүрээ засаж бас болох талтай. Мөн хуулийн 15 дугаарт “Ерөнхийлөгч нь гадаад дотоод бодлого буруу явуулсан тохиолдолд Засгийн газрыг огцруулах тухай асуудлыг УИХ-д оруулж болно” гэсэн заалт бий. Ерөнхийлөгчийн зүгээс ийм ийм боломжууд хуулиар олгогдсон байна. Ерөөсөө л хуульд заасан зүйл заалт ийм байна.

Үндсэн хуулийн 31 дүгээр зүйлд Улсын Их Хурлын бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох тухай олон заалт байдаг ч манай нөхцөл байдал, олон шалтгаалах зүйлээс хамаараад боломжгүй юм. Хуулийн 31.1.2-т Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал нэгдэж Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж хугацаанаас нь өмнө тараах тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж ёсоор болгосон тохиолдолд гэх мэт ёс төдий заалт байгаа нь УИХ хугацаанаасаа өмнө тарах боломж тун хомс харагдана.

С.Ууганбаяр

www.zindaa.mn



Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
jui(41.85.161.170) 2018 оны 01 сарын 10

Сайн байна уу Бид ядуусыг дэмжиж, тэмцэж байгаа ядуурлыг бид богино, дунд, урт хугацааны зээл санал болгодог нэр томъёо. Та банк хориглоно та санхүүгийн асуудалтай байна уу, гацсан, эсвэл та өөрийн төслийг холбох шаардлагатай санхүү байна,  гэрийн зээл. Бид асар их хурд, найдвартай байдал нь жилийн 3% -ийн ханшаар хувь хүн болон худалдаачдад зээл санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу. vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com WhatsApp: 0033644664081

0  |  0
jui(41.85.161.170) 2018 оны 01 сарын 10

Сайн байна уу Бид ядуусыг дэмжиж, тэмцэж байгаа ядуурлыг бид богино, дунд, урт хугацааны зээл санал болгодог нэр томъёо. Та банк хориглоно та санхүүгийн асуудалтай байна уу, гацсан, эсвэл та өөрийн төслийг холбох шаардлагатай санхүү байна,  гэрийн зээл. Бид асар их хурд, найдвартай байдал нь жилийн 3% -ийн ханшаар хувь хүн болон худалдаачдад зээл санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу. vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com WhatsApp: 0033644664081

0  |  0
иргэн(202.179.26.147) 2018 оны 01 сарын 10

Дөрвөн жил энэ нөхдүүдийг бага идэж уугаасаа гэж залбирч суухаас өөр сайхан зүйл ард түмэнд үлдсэнгүй.

0  |  0
Top