100 хоног, 100 зовлон, 100 гарц

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 30

 Ардчилсан нийгмийн түүхэнд бид 16 Засгийн газар, 15 Ерөнхий сайдын нүүр үзэж, мөн тооны 100 дахь хоногийн ажлыг дүгнэж цэгнэлээ. Өчигдөрхөн бид 16 дахь Засгийн газрын 100 дахь хоногийн ажлыг дүгнэж, нийгмийн анхаарал тэр чигтээ тэнд төвлөрч байв. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг ажлаа дүгнэж байхад АН-аас зуузай холбон хэвлэлийн хурал зарласан нь Засгийн газрын 100 дахь хоногийн ажлын цагааныг харлуулах гэсэн эсрэг ажиллагаа гэдэг нь илт байв. Аль ч улстөрийн хүчний үед энэ мэт акц хийж байдаг болохоор төдийлөн нийгмийн анхааралд үлдсэнгүй. Ерөөсөө Засгийн газрын ажилд онц дүн тавьж байсан сөрөг хүчин түүхэндээ байгаагүй.

Гагцхүү “Төрийн ордны хоёр давхарт зургаа өлгүүлэх гэж Ерөнхий сайд болоогүй” гэж өчсөн У.Хүрэлсүхийн танхимын ажилд дүгнэлт, шүүмж өгөх гэсэн давалгаа л байв. Энэ Засгийн газрын 100 хоногийг угтан нэгдүгээр сарын 1-нээс олон төрлийн татвар нэмэгдсэн нь мөрдөгдөж эхэлсэн, үүнээс үүдсэн шатахуун түлшний захиалгат хомсдол, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд гарсан үнийн савлагаа гээд чамгүй бухимдлын гал дунд 100 дахь хоногоо үдлээ. Ёстой л 100 хоногт 100 зовлонтой учирч, тэр хэрээр 100 гарц хайн алдаж оносон өдрүүд л ард үлдэж байна. Үүнээс харвал гал дунд өнгөрсөн 100 хоногт энэ Засгийн газар юу амжуулав гэдгийг бодитоор дурдах нь зүйн хэрэг.

Юуны өмнө ОУВС-гаас сахилга бат сайн, хариуцлага өндөр ажиллалаа гэх дүгнэлтийг Засгийн газарт өгсөн нь хамгийн том шагнал. Түүнээс хөөстэй, улстөртэй мэдээлэл энд хэрэггүй. Ерөөсөө тулхтай эдийн засагчид, намгүй улстөрийн зүтгэлтнүүдийн дүгнэж байгаагаар Засгийн газар нь бодлогын хувьд нэг том алхам хийлээ гэж үзсэн. Энэ бол гарц шийдлийг дүгнэсэн хэрэг байх. Нөгөө талаар эдийн засгийн хямралаас гарах томоохон алхмуудыг хийж чадлаа гэх дүгнэлтийг ч хаа хаанаа өгч буй.

Шатахуун импортлогчдод үе үехэн боорлуулдаг үзэгдэл шинэ оны эхэн сард ширүүхэн өрнөсөн. Харин Засгийн газраас Нефть нэрэх үйлдвэрийн ажлыг гараанаас гаргаж чадсан нь бодлогын түүхэн ажил мөн. Энэ бол 100 хоногт тохиолдсон томоохон гарц юм. Гэвч үүнийг дагасан зовлон бас бий. Тодотгож хэлбэл, Засгийн газар нефть нэрэх үйлдвэрт төсөвлөсөн 250 тэрбум төгрөгөө нийгмийн халамжийн чиглэлд өгчихсөн бол Засгийн газрын нэр сайн байх байв. Иргэддээ тараагаад өгчихсөн бол ганц өдөр идээд дуусах учиртай ч насны хоолонд нь энэ мөнгийг оруулсан нь зөв бодлого. Үүнээс гадна Энэтхэг улсын Засгийн газраас орж ирэх нэг тэрбум ам.долларыг үйлдвэрийн ажилд оруулахаар төлөвлөсөн нь бүр ч зоримог алхам. Түүнээс бус өөр нэг засаглагчид байсан бол нэг тэрбум ам.долларыг цалин тэтгэврийн нэг удаагийн нэмэгдэлд оруулаад хийсгэчих байсан. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар бүсээ чангалахыг сануулж байсан шигээ үйлдвэрийн ажилд оруулж байгаа нь зоримог алхам.

Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр тийм ч дор орсонгүй, мөнгөний бодлогын хүрээнд ч чамбай ажилласан учраас эдийн засгийн өсөлт 4.2 хувиар өсөх хандлага байгаа бөгөөд гадаад валютын нөөц нэмэгдэж 3.2 тэрбум ам.долларт хүрсэн, алтны нөөц 20 тонныг давсан, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан, төсвийн орлого 500 тэрбумаар давж биелэсэн, зээлжих зэрэглэл ахисан зэрэг зүйлийг Ерөнхий сайдын зүгээс дуулгасан.

Энэ мэт эерэг байдалдаа дулдуйдан өнгөрөгч оны дөрөвдүгээр сард нэмсэн Хүн амын орлогын албан татварын нэмэгдлийг засч залруулан хуучнаар нь мөрдөж, эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тэтгэвэрт гарах эрхтэй байхаар зохицуулалт хийхээр болж лхагва гаригт УИХ-ын чуулганы хуралдаанд өргөн барихаа мэдэгдлээ. Энэ нь яаран шийдсэн шийдвэр байх вий. Өндийж байгаа эдийн засагтаа дарамт болох вий гэсэн айдас хаа хаанаа байсныг нуух юун. Гэтэл ОУВС зөвшөөрсөн гэдгийг хурлын үеэр бол дуулгаад авсан. ОУВС зөвшөөрсөн бол эдийн засагт гарцаагүй нар туссан гэж хэлж болно. Энгийнээр хэлбэл, ОУВС бол бидний мөнгөний бодлогыг хянаж, татвар гувчуурт цензур тавьж зээлсэн мөнгөө эргүүлэн авах учиртай байгууллага гэж хэлэхэд болно. Ийнхүү авлагатай байгууллага татвар хөнгөлөх, цалин тэтгэвэр нэмэгдэх тал дээр гар өргөж байна гэдэг эдийн засагт ирсэн эерэг дохио биз ээ.

Засгийн газраас гарган тавьж буй нэг бодлого нь хүнс экспортлогч орон болох, эрчим хүчний найдвартай хангамж, сүлжээ бий болгох бодлогын суурийг тавьж чадсан гэдэгтэй маргах хэрэггүй. Гадаадын улс оронд ч хамтран ажиллах санал тавьж, тэр нь эерэг хариу ирээд байгаа билээ. Мөнхүү дулааны цахилгаан станцуудаа өргөтгөж шинэчлэх, 10 аймагт дулааны цахилгаан станц барих, сэргээгдэх эрчим хүч ашиглах зэргээр шаардлагатай бүх арга хэмжээг авч байгааг хэлэв. Бидэнд орхиж болохгүй нэг салбар бол зам, тээвэр, дэд бүтэц, мэдээлэл, харилцаа холбооны салбар. Ямартай ч таван аймгийг хатуу хучилттай замаар холбохоор төлөвлөөд байгааг хэлнэ лээ. Энэ тал дээр бодлогын баримт бичгээ дэлгэсэн ч хөрөнгийн эх үүсвэрээс эхлээд ойлгомжгүй зүйл байгааг нуух хэрэггүй. Яахав нэгэнт бодлогын баримт бичигт тусгаад төлөвлөснөөс гадна эдийн засагт өгч буй эерэг дохио нь гараанаас гарах найдвар төрүүлнэ.

Хамгийн гол асуудал бол уул уурхай шүтсэн, бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд унахад дагаж савладаг эдийн засгаа бэхжүүлэх үүднээс үйлдвэрлэгч орон болохыг чухалчилсан бодлого юм. Түүнээс бол бид дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унахад дагаад унадаг ийм л улс орон. Тиймээс энэ байдлыг илааршуулах ганцхан уул уурхайгаас хараат бус байхыг эрэлхийлсэн олон ажил нь нийлээд нэгэн цогц бодлого болж байгаад хамаг уичр бий. Үүний тулд мал аж ахуй, газар тариалангийн салбараа хөгжүүлэх, энэ салбараа түшиглэсэн үйлдвэр, экспортын бүтээгдэхүүн бэлтгэхээс эхлэн олон ажлыг төлөвлөжээ. Ийнхүү У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсан цагаас хойш 100 хоноход 100 зовлонтой нүүр тулж, 100 гарц олсон нь илт.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

 

 

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АН ыг зүхэгч(66.181.161.46) 2025 оны 03 сарын 13

АН ын үлдээсэн лайг энэ засаг засах гэж зүтгэж бгаа нь маргашгүй үнэн юм. АН ыг дахиж төрд ойртуулж болохгүйг ард түмэн одоо ойлгосон байх. Би ч бас маш сайн ойлгосон. Урьд нь АН гээд далдаганаж байснаа бодохоор гайхах юм.

1  |  0
zochin(98.228.96.94) 2025 оны 03 сарын 13

uum tsag yed uunees iluu garch bolokhgyi AH xan yu uldeeleedee 7lsyn 1 uildveriig Elbeg xulgailaad yavaad bux yum 00 zaasan baisan bid teneg bish shuu odoo Battulga nuugem bujignuulax geed l ooroo xuuly bus yum xiix geed ogtsrov doo xuuly bii shuu !

1  |  0
Зочин (59.153.112.23) 2025 оны 03 сарын 13

АН- ын засгийн газрын үeд овойж оцоосон амжилтууд гарч байсныг санахгүй байна.Одоо энэ цагааныг хараар буддаг атаархсан үзэл бодлоосоо салах болжээ.АН ын энэ үйлдэл нь нийгэмийг бужигнуулах гэсэн увайгүй үйлдэл.

1  |  0
GANBAATAR(202.131.243.190) 2025 оны 03 сарын 13

HURELSVH ERUNHII SAIDIN BAGT BAYR HVRGIE! AMJILT HVSIEEEEE!

1  |  0
Зочин(138.197.151.172) 2025 оны 03 сарын 13

Энэ 100 хоногийн хугацаанд тэднийг зүгээр суусан гэж бодохгүй байна. Жишээ нь: Шүүх эмнэлгийн шинжилгээ журамд өөрчлөлт орж, хүүхдээс төлбөр авахаа больсон. Нийслэлийн цагдаагийн газарт Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс байгуулагдсан гэх мэттом бага ажлууд олон бий

1  |  0
сэрээтэр(176.126.252.12) 2025 оны 03 сарын 13

мал аж ахуй, газар тариалангийн салбараа хөгжүүлэх, энэ салбараа түшиглэсэн үйлдвэр, экспортын бүтээгдэхүүн бэлтгэх ажлаа хурдан эхлүүлэх хэрэгтэй шүү ...энэ засгийн газраас ард түмэн бид их ажил хүлээж сууна

1  |  0
сэрээтэр(176.126.252.12) 2025 оны 03 сарын 13

мал аж ахуй, газар тариалангийн салбараа хөгжүүлэх, энэ салбараа түшиглэсэн үйлдвэр, экспортын бүтээгдэхүүн бэлтгэх ажлаа хурдан эхлүүлэх хэрэгтэй шүү ...энэ засгийн газраас ард түмэн бид их ажил хүлээж сууна

1  |  0
ard(49.0.147.60) 2025 оны 03 сарын 13

Ydaj yum hiideg zasag yum aa hooson yriad suuval bas hetsuu shuu

1  |  0
Top