Г.Тэмүүлэн: Улстөржилт,намчирхал, талцалыг зогсооно

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 31

Үндэсний эв нэгдлийг хангах тухай хуулийн төслийг УИХ-ын залуу гишүүд санаачлан боловсруулжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны Ерөнхийлөгч Г.Тэмүүлэн өнөөдөр сэтгүүлчдэд  мэдээлэл хийлээ.

Тэрбээр тус хуулийн төслийн талаар хэлэхдээ "Анхан шатны нэгж, баг,хороо, сум, дүүрэг болон аж ахуй нэгж, байгууллагын бүрт улстөржилт, намчирхал, талцал их байна. Энэ нь манай улсын хөгжилд чөдөр, тушаа болж  байгаа юм. Ийм иргэдийг намчирхал,талцал, улстөржилтөөс ангид байлгах, төр, засаг, төрийн албыг бэхжүүлэх, төрийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, намчирхал, талцлыг зогсоох замаар үндэсний эв нэгдлийг хангах, шударга ёсыг тогтоох, хариуцлагатай төрийг бий болгоход энэ хуулийн төслийн  зорилго чиглэгдэж байна.

 Залуу УИХ-ын гишүүд болон залуучуудын холбоонд залуучууд, оюутнууд, иргэд олон нийтээс ирүүлсэн олон санал хүсэлтийн нэг нь энэхүү улстөржилт,намчирхал, талцал талцалтай холбоотой асуудал байсан.Тиймээс тус хуулийн төслийг боловсруулсан" гэлээ.

Тус хууль батлагдснаар Үндсэн хуульд нийцүүлэн улс төрийн нам болон төрийн үйл ажиллагааны зохистой  зааг, хүрээг тогтоож, дараах асуудлуудыг шийдвэрлэх боломжтой гэж үзжээ.Үүнд:

  • Хуулийн төслийн хүрээнд баг, хороо, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчид болон иргэдийн нийтийн хурлын түвшинд улс төрийн нам хүн дэвшүүлэхийг болиулж иргэд намын харьяалалгүй төлөөллийг сонгох, баг,хороо, сум, дүүргийн засаг захиргааны нэгжид улс төрийн албан хаагчдыг төрийн жинхэнэ албан хаагч болгох замаар захиргааны анхан шатны нэгж, аж ахуйн нэгж, байгууллагын салаа нэгж бүрт бий болсон намчирхал, талцлыг зогсоох.
  • Улс төрийн нам, эвсэл, иргэний нийгмийн байгууллагууд тавьсан зорилтоо тууштай хэрэгжүүлэх үндэсний зөвшилцлийн эрхзүйн орчин, ил тод шийдвэр гаргах зөвшилцлийн  тогтолцоо бий болох.
  • Төрийн албыг бэхжүүлж, төрийн жинхэнэ албыг аливаа улс  төрийн намаас хараат бус байлгах.
  • Төрийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар улс төрийн намуудын оролцоо, нөлөөлөл, зарим үйл ажиллагааг хязгаарлах эрхзүйн орчин бүрдэнэ гэж үзжээ.

Үндэсний эв нэгдлийг хангах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Улс төрийн намын тухай, Сонгуулийн тухай, Төрийн албаны тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай, хуульд нэмэлт өөрчлөлт орох аж.

Түүнчлэн ирэх дөрөвдүгээр сарын 5-нд Үндэсний зөвшилцлийн чуулган, хэлэлцүүлгийг хийх талаар энэ үеэр ярилаа.

Ш.Адъяамаа


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (103.57.95.228) 2025 оны 03 сарын 13

Дэмжиж байна.Залуучууд үндэсний эв нэгдлээ хангаж ажиллахад хүч чармайлтаа гаргаж ажиллах цаг болсон.

1  |  0
Top