Монголчууд 60 гаруй атомын цахилгаан станцын дунд амьдарч байна

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 21

Цөмийн хаягдлын тухай яриа сүүлийн өдрүүдэд хүмүүсийг нэлээд цочроох шиг боллоо. Японд дахиад нэг атомын цахилгаан станц гэмтсэн. Цацрагийн улмаас аюул нүүрлэж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна. Харин япончууд дэлхийд дээгүүрт тооцогдох технологийг эзэмшсэн болохоор бэрхшээлийг туулаад гарна. Хохирол аль болох бага амсахын тулд тэд шуурхай ажиллаж байгаа. Үүнтэй зэрэгцээд манай эрх баригчид Япон, Америк, Арабуудтай хүртэл цөмийн хаягдал эх орондоо булшилж болох тухай албан бус яриа хийцгээж шуугиан тарив. Монголчууд маань цөмийн энергийг ашиглах, түүний хор аюулаас хамгаалах, атомын цахилгаан станцаас гардаг цөмийн хаягдлыг хадгалах, булшлах, дахин ашиглах талаар ойлголт тун муутай улс. Үүнийхээ хэрээр сүүлийн үеийн ийм мэдээнд алмайрч орхисон биз. Манай улс ураны нөөцөөр дэлхийд гайхуулахаар байна. Бүрэн бус мэдээгээр яваандаа нөөц нь 1,4 сая тонн болох боломжтой гэнэ. Хайгуулын ажлыг нэмж хийвэл шүү дээ. Бид Дорнодын Мардайн ордын талаар бага зэрэг мэднэ. Гэхдээ өмнөх нийгмийн үед Мардайн талаархи мэдээлэл хаалттай байлаа. Нууцлагдсан хотхонд нь хэдэн хүн амьдарч байсныг сүүлд л мэдэцгээсэн. Тэнд 10-аад мянган хүн байжээ. Оросын бага ястнууд голдуу байжээ. За, энэ ч яахав. Хамгийн чухал нь одоо бид цөмийн талаархи мэдлэгээ ахиулах цаг болсон юм байна. Тэртээ тэргүй манайх уранаа ашиглана. Алсдаа цөмийн түлш үйлдвэрлэн экпортод гаргаж л таарна. Эрэлт хэрэгцээ ч байж л байгаа. Арабууд манайд ийм санал тавьсан нь үнэн байна. Харин хаягдлыг нь манайх эх орондоо буцааж аваад булшлана гэдэг юу л бол. Технологийг нь зөв удирдаж чадахгүй бол тэрүүн шиг аюул үгүй болно.  Хойд хөрш маань одоо  30 атомын цахилгаан станцтай. Харин Хятадад 14 бий. Үүн дээрээ нэмээд ойрын жилүүдэд 17 атомын станц нэмж ашиглана. Өөрөөр хэлбэл бидний хоёр талд нийтдээ атомын 60 гаруй станц ажиллаж байх нь ээ. Оросууд манай ураныг боловсруулж шар нунтаг болгоод зөөх төлөвтэй байгаа юм. Шар нунтагийг нейтроноор задалж боловсруулаад цөмийн түлш хийдэг. Ер нь ураны уурхай нээн ажиллуулах явцад тоосонцор үүсч, түүнд нь радиац агуулагдан үлддэг гэнэ лээ. Энэ нь 24 мянган жил цацраг идэвхит бодис агуулсаар байдаг. Ийм газарт 30 жил оршин суугчдаас 3 хүн тутмын нэг нь радиацын хороор өвчлөх магадлалтай гэсэн тооцоо бий. Үүнээс хэрхэн хамгаалах асуудал зайлшгүй босч ирж байна. Цөмийн аюултай нүүр тулж байсан Оросууд Байгаль нуурын орчим дахь ураны үйлдвэрийнхээ эргэн тойронд  хаалттай бүс байгуулан хамгаалдаг. Өнөөдөр цөмийн энергийг ашиглах,  үүнээс хамгаалах талаар хамгийн их туршлагажсан улс бол Финлянд юм. Тэд хаягдлаа газрын гүнд хар тугалга зэргээр сайтар хамгаалж бэхэлсэн тусгай саван хийгээд газрын гүнд  хадгалдаг. Мөн францчууд ч муугүй туршлагатай. Иймээс эдгээр орны үйлдвэрлэлийн туршлага, танин мэдэхүйн өв санг уудлан монголчууддаа тоймтой мэдлэг олгох нь зүй ёсны ажил болж байгаа юм. Орос, Франц зэрэг олон оронд атомын цахилгаан станцынхаа хаягдлыг дахин ашиглаж байна. Гэхдээ л эдгээр орнуудад цөмийн хаягдлаа хэрхэн аюулгүйгээр булшлах, хаана хаях нь сэтгэл зовоосон асуудал хэвээрээ ажээ. Атомын станцуудаас гарах хаягдлаас гадна ураны үйлдвэрийн үйл ажиллагаанаас гарах хаягдлыг ч хөндөх хэрэгтэй болж байна. Тиймээс цөмийн талаархи мэдээллээ чанартай хийх нь төр, засгийн ч, энэ чиглэлээр ажилладаг хувийн хэвшлийн ч нэн чухал асуудал боллоо. Зарим эх сурвалжууд ойрын саруудад маш хүчтэй газар хөдлөлт болох тухай мэдээлж байгаа. Дээд тал нь 11 баллын хүчтэй газар хөдлөлт гэж байна. Японы гамшиг давтагдахгүй гэх баталгаа байхгүй. Төв Азид ийм гамшиг болдоггүй юмаа гэхэд Баруун Европт тохиож болно. Гамшиг биднээс холуур өнгөрөх нь гэж тайвширч бас болохгүй.

Сэтгүүлч Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top