Монгол Улсын Их Хурлын төлөөлөгчид ОУПХ-ны Ассамблейн 138 дугаар чуулганд оролцож байна

2018 оны 03 сарын 26

УИХ-ын дэд дарга, Монголын парламентын бүлгийн гүйцэтгэх хорооны дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй Монгол Улсын Их Хурлын төлөөлөгчид Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо болж буй Олон Улсын Парламентын Холбооны Ассамблейн 138 дугаар чуулганд оролцож байна.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн Л.Болд, О.Баасанхүү нар багтжээ.

Чуулганы үеэр манай төлөөлөгчид  Ази, Номхон далайн бүлгийн хуралдаанд оролцлоо. Уг бүлгийг Монгол Улс 2017 онд даргалсан бөгөөд энэ жил Микронезийн Холбооны Улс даргалж байна.

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын даргалсан 2017 оны гуравдугаар сарын хурлаар Монголын парламентын бүлгийн санаачилгаар Дүрэмдээ өөрчлөлт оруулж, баталсан юм. Энэ нь 2008 оноос хойш тус байгууллагын дүрэмд хийгдсэн анхны өөрчлөлт байжээ. “Уг өөрчлөлт үйл ажиллагааг сайжруулж, гишүүдийн оролцоог идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг 2017 оны 10 дугаар сарын хуралд оролцогсдын тоо өмнөх хурлынхаас гурав дахин буюу 150 хүрч нэмэгдсэнээс харж болно” хэмээн хуралдаан даргалагч албан ёсоор дурдаж, Монголын парламентад  баяр хүргэлээ.

Монголын парламентын бүлгээс ОУПХ-ны 4 байнгын хорооны нэг болох Ардчилал, хүний эрхийн байнгын хорооны товчооны гишүүнд УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн нэрийг дэвшүүлж, санал нэгтэйгээр сонголоо. 

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан ОУПХ-ны Ассамблейн нэгдсэн хэлэлцүүлэгт үг хэлэхээс гадна улс орнуудын парламентын төлөөлөгчдийн тэргүүн нартай хоёр талын хэд хэдэн уулзалт хийхээр төлөвлөжээ.


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(103.57.92.94) 2018 оны 03 сарын 26

Инээд алдаад энд тэндхийн хуралд ороод явдаг, эх орон чинь сүйрч байна. Хятадууд хөх өмднөөс өөр хувцас өмсдөггүй байхдаа Дэн удирдагч нэг ч удаа гадаадад яваагүй, одоо тэд дэлхийн олон түмнийг хувцаслах болжээ.

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 03 сарын 26

ene bol shal ilyy hural shdee, demii horongo garzdaj yavah hereg yu bainaa

0  |  0
Top