Д.Пүрэвдоржийн 7 хоног: Буурай эмээ /шүлэг/

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 21

Буурай эмээ

Насны хярд бээрэн

Нар дагаж гадаалсан

Намрын хяруунд чичрэн

Навч шиг гандан ганцаардсан

Буурай эмээ

Гал дээр цай богшоосон

Гар харж нүд хариулсан

Газар дээр бүхнийг хайрласан

Ганцхан өөрт нь хайр дутсан

Буурай эмээ

Будангийн нар шиг бүдэгнэн

Буцах өдрөө хүлээсэн

Буруугүй атлаа буруудан

Бурхан, чөтгөр хоёулаа мартсан

Буурай эмээ

Үр хүүхдэдээ хоргодож

Үндэс мөчиртөө дарагдаж

Үгээ хүртэл цагдуулахдаа

Үнэхээр жаргадаг болов уу

Хөөрхий эмээ

Хүргэнээ, бэрээ царайчилж

Хүйтэн харцаар ороолгуулж

Хүүхэд шиг гөлөлзөж суухдаа

Хүсэл нь ханадаг болов уу

Хөөрхий эмээ

Арван буянаа өгчихөөд

Аягахан цайны мэдэлгүй

Алгаа үрж холхихдоо

Ач нь баясдаг болов уу

Хөөрхий эмээ

Хаях болсон хувцас

Халаас холгосон төгрөг

Хааяа нэг сарвайлаа гээд

Хайр нь инээдэг болов уу

Хөөрхий эмээ

Хөл нь санаагаа гүйцэхгүй

Хөрлөө зүрх нь даахгүй

Хөсөр балар тавилан

Хөгширлийн баяр гэж байхгүй,

байхгүй ээ байхгүй

Үглэмээр юманд үглэвч

Үг нь ханшгүй, хүн тоохгүй

Үхэхээрээ айлгаж гоморховч

Үүний нь бас хүн тоохгүй,

тоохгүй ээ тоохгүй

Буурай эмээ нэг л өдөр

Буурь арилжиж бурхан болно

Буянтай их насаллаа гэсэн

Буруу ерөөлтэй буцна

буцнаа буцна

Эмээгийн суудал гэрт

Эгнэгт эзэнгүй үлдэнэ

Эцэггүй харуусал зүрхэнд

Эдгэхгүй шархалж үлдэнэ

үлдэнээ үлдэнэ

Өнгөрсөн хойно гэмшиж

Өмөлзөн нулимс унагаж

Өргөж чадаагүйдээ гасалж

Өнчрөлд ухааживч хожимдоно

хожимдоноо хожимдоно

Алаг үрсийнхээ хөлд

Амиа дэвссээр байгаад

Авчиж алгын чинээ болсон

Ачтай эмээ эргэж ирэхгүй

ирэхгүй ээ ирэхгүй

Өрөөлийн төлөө ноцож

Өдөр хоногоор ширгэж

Өчүүхэн голоо шатаасан

Өргөлийн зул дахиад асахгүй

асахгүй ээ асахгүй

Аав, ээжийн ээжийг  

Ач, гучийн эмээг

Алдаж халаглахаасаа өмнө

Амьдад нь баярлуулах юмсан

яанам билээ

Амьдралын бөгтөр гэрч

Айлын тэнгэрлэг зарц

Асгарсан ангир уураг

Агуу их сэтгэлийн ариусал

Буян хураасан

Бурхан ээж

Буурай эмээ өршөө!

 

 

 

Эрээн уул

/Дүү Санжмятавтаа/

Хавар намар цасан сархиат

Харлаг тахь шиг Эрээн уул минь

Эрх л багын нутаг чамдаа

Эргэн эргэн очмоор байнаа

Агтын зоонд цан хярсан

Арван тавны цагаан шөнө

Ангир сайхан ээжээ чилээж

Алгахан зайд чинь төрсөн билээ

Хажуу худгийн буурал хондонд

Хана шийрлэсэн буурь минь бий

Хүн төрлөө чамтай холбож

Хүй дарсан чулуу минь бий

Торойх тэрхэн чулуун дээр

Тоонын нүд шиг тэнгэр бий

Тоонын нүд шиг тэнгэр дунд

Тогтоож харсан од минь бий

Туяат тэрхэн одны доор

Тулгын дөрвөн чулуу бий

Тулгын дөрвөн чулуу тойрон

Туулайн бүжин мөр минь бий

Өөрөө ойчоод анх уйлаагүй

Өчүүхэн зориг минь тэнд бий

Өрөөлийн дэмгүй өндийж босоод

Өөрийгөө шагнасан урам минь бий

Сэрүүн хангайн агаар дунд нь

Сэмхэн гаргасан амьсгал минь бий

Сэвшээ хонгор салхин дотор нь

Сэвлэг даахины минь үнэр бий

Уулын хүйтэн шанданд нь

Уруулын улбаа бүлээн бий

Усыг нь уух гэж тонгойход

Ургаж үлдсэн дүр минь бий

Эрээн ууландаа эзэн суусан

Хонгор ээжийн хүү билээ би

Эрээн уулнаас элин ниссэн

Хоёр хараацайн нэгэн билээ би

Цагаан уул цэцгэн дээр нь

Цацлын сүүний дусал бий

Эрээн уулаасаа мордоход

Ээж минь түүнийг өргөсөн юм

Цагаан овооны харгуй дээр нь

Цайвар тоосны ширхэг бий

Эндээс замаа эхэллээ гэж

Эр хүн би орхисон юм

Хоногийн газар тэргүүн буурайж

Холын холд намайг үдэн

Эгнээ цэнхэр уулсын цаана

Эрээн уул минь үлдсэн юм
Эргэн эргэн очих бүрийд

Эцгийн сайхан тэр л дүрээрээ

Энэ хорвоод хүүгээ юм шиг

Эрээн уул минь хүлээж байдаг юм

Хавар намар цасан сархиалж

Харлан тахь шиг Эрээн уул минь

Одоо ч гэсэн тэндээ л намайг

Он жилээр хүлээж байгаа

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

 

 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин чинь байна !!(66.181.160.44) 2025 оны 10 сарын 10

Уйлмаар байна

2  |  0
Буурал эмээ(103.57.93.124) 2025 оны 10 сарын 10

Үнэндээ хөөрхий тэд өөрөө л хайраар дутаж байгаа

5  |  0
САЙХАН ШҮЛЭГ БАЙНА(103.57.93.124) 2025 оны 10 сарын 10

ХҮНИЙ ТӨРСӨН НУТАГ ГЭДЭГ ДЭНДҮҮ САЙХАН

6  |  0
нямка(66.181.161.27) 2025 оны 10 сарын 10

үнэхээр гоё шүлэг шүү\n

10  |  1
Анх эрдэнэ (103.229.121.240) 2025 оны 10 сарын 10

Миний сэтгэлийг их хөдлөглөө

9  |  2
Цэцгээ(103.57.95.35) 2025 оны 10 сарын 10

Өөр гоё шүлгүүдийг нь тавьж өгөөч

7  |  3
ооооооооо(103.229.120.167) 2025 оны 10 сарын 10

маш гоё шүлэг бна O: :O) -) :O) @};- @};- :-j 8-X 8-X

8  |  1
Top