“Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт”-ийг өргөн барив

2018 оны 03 сарын 31

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод (2018.03.30) Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн танилцуулгыг өргөн барилаа.

Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг яам холбогдох агентлагуудаас авч нэгтгэн, үнэлгээ хийж, 2017 оны байдлаар нэгтгэн танилцуулж байгаа аж.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2017 оны байдлаар 44.6 хувьтай гарчээ.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг бодлогоор нь авч үзвэл:      

Ø  Эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого-53.9 хувь

Ø  Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого-39.8 хувь

Ø  Нийгмийн бодлого-46 хувь

Ø  Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого-41.2 хувь

Ø  Засаглалын бодлого-47.2 хувьтай гарсан байна.

Засгийн газар өнгөрсөн хугацаанд улс орныхоо эдийн засгийг богино хугацаанд сэргээх, өсөлтийг бий болгох, хугацаа тулсан өр, төлбөрийг барагдуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээх, банк, санхүүгийн тогтолцоог эрүүлжүүлэх, ахмад настан, нийгмийн хамгаалал зайлшгүй шаардлагатай иргэдэд төрийн халамж үзүүлэх, хууль сахиулах байгууллагуудын болон төрийн албаны тогтвортой байдлыг хангах зорилгоор эрх зүйн орчныг шинэчлэх, сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах зэрэг асуудалд гол анхаарлаа хандуулан ажиллажээ. 2017 оны статистикийн дүнгээр эдийн засгийн өсөлт 5.1 хувьд хүрч, төсвийн алдагдал 2 дахин буурсан, инфляци 6.9 хувь, ажилгүйдлийн түвшин 7.3 хувьтай, гадаад валютын албан нөөц 3 тэрбум доллар, гадаадын хөрөнгө оруулалт 1.3 тэрбум доллар болж өссөн зэрэг эерэг өөрчлөлтүүд манай улсын эдийн засагт  гарсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хаха(150.129.142.132) 2018 оны 03 сарын 31

Энхболдын хүнээр өөрт нь статистикийн газраас гаргасан худал тоо бариулаад оруулжжүжиг тоглож байх юм!! Энэ хоёр нөхрийн амьдрал ашиг орлого нэмэгдсэнийг,мөн төрд ажиллаад яаж баяжиж болдогийг саяхны тоо баримт харуулаа биз дээ!! Хөөрхий би би гэж цогзол гуай гуйж байгаад худал тоо танилцуулья гэсэн юм байх даа!! Ё/с гадарлаж л байна даа...

0  |  0
Top