Танин мэдэхүй: Айхад аргал хөдөлнө

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 21

 Өнөөг хүртэл хий үзэгдэл, чөтгөрийн тухай, айдас хүйдэс төрүүлэм яриа олон үеийн турш хүн төрөлхтний дунд яригдсаар иржээ. Үүнээс улбаалан мухар сүсэг, нөгөө ертөнцийн амьдралын талаар элдэв цуу яриа, үзэл бодол гарч ирсэн нь тодорхой. Одоо үед дээрх дэл сул яриа шинжлэх ухаанаар нэгэнт үгүйсгэгджээ. Хий үзэгдэл хэрхэн бий болдгийг жишээн дээр авч үзье. Үдэш орой болсон хойно нэгэн эр хотоос гарч зуслангийн зүг алхжээ. Замдаа модон дундуур гарах ёстой. Орчин тойрон чив чимээгүй, нэг л эл хуль эвгүй санагдав. Мань эр ч алхаагаа түргэсгэв. Гэнэт өмнө нь нэг хүн зогсож байгаа харагдаж. Яахаа мэдэхгүй хэсэг азнаснаа урагш хэд алхтал нөгөөх хүний дүрс алга болчихов. Тэр нь аянганд цохиулсан мод байж. Айхад аргал хөдөлнө гэдэг энэ буюу. Мэдэхгүй газар, үдэш орой ганцаар явснаас үүдээд айсан нь тэр хүний санаа бодлыг өөрчилж, харагдсан бүдэг сүүмгэр дүрс бүхнийг хүн юмуу, амьтан болгон өөрөө ч ухааралгүй айхад хүргэсэн ажээ. Харааны иймэрхүү хууралттай хүмүүс нэг бус удаа тааралдсан байдаг.


Оршуулгын газар сүсэгтэй хүнд талийгсад булшнаасаа өндийгөөд ирэх шиг санагддаг. Ойд яваа аймхай хүнд бол мод бүрийн цаана дээрэмчин ч юмуу, хэн нэг этгээд нуугдсан байх мэт санагдана. Аймшигт үйл явдал бүхий үлгэр сонссон хүүхдэд байгаа жирийн эд хэрэглэл нь өрөөний бүрэг бараг дунд нуугдсан амьд амьтан адил санагдах явдал бий. Хуурамч үзэгдэл бий болоход нойрмог байдал ч нөлөөлдөг аж. Иймэрхүү яльгүй зүйлсээс болж нөгөө ертөнцийн тухай яриа голдуу үүсдэг гэдгийг эрдэмтэд нотолжээ. Морьтой хүний араар хүн сундалчихаж гэнэ. Нэрээр нь дуудаад сүйд болж гэнэ гэсэн яриа мэр сэр байдаг. Дээлийн хормой нь ч юмуу, бүсний үзүүр нь салхинд хийсэх, ганзагалаа нь аймхай хүнээр даапаалсан байх нь олонтаа. Ч.Лодойдамбын "Малгайтай чоно"-ыг хүмүүс сайн мэднэ. Тэр чононоос болж ямар их цуу шуугиан үүсдэг билээ. Тарвагагүй газрын чонод тохиолдсон нэг тийм хошин явдлаас үүдэлтэй зохиол гэдэг нь ойлгомжтой. Жаахан охин унтаж чадахгүй айж хэвтэв. Өдөр эмээ нь ялимгүй алдаа гаргасныг нь хараад "Чи нүгэл хийчихлээ. Шулам чам дээр ирнэ дээ" гэж хэлсэн юмсанж. Охин хөдлөхөөсөө ч айв. Одоохон тэр гараад ирнэ гэсэн бодол салахгүй байлаа. Харанхуй дундаас ширээ шүүгээ, буланд байгаа цэцгийн дүрс сүүмэлзэнэ. Бүх юм айдас төрүүлэн, харанхуйд уусан нуугджээ. Асар их айдас охиныг оронд нь шахаж оюун бодлыг нь балартуулна. Явж буй жоомны чимээ хүртэл чихэнд нь маш тод сонсдоно. Тэгтэл шулам гараад ирэв. Яг л өөрийнх нь төсөөлж байснаар нь хөршийнх нь ямаа шиг жижигхэн эвэртэй, гялалзсан нүдтэй шулам гараад ирэв. Охин руу сарвуугаа сунгалаа. Охин муухай орилоод муужрав. Бүх зүйл огт худал байсан нь мэдээж. Хий үзэгдлийн дон тусах явдал их айх, гуниглах, элдэв бодолд ээрэгдэх зэргээс үүсдэг байна. Шашны сүсэгт автагсдад хий үзэгдлийн дон тусах явдал цөөнгүй. Охинд эмээ нь сүрхий нөлөөлсөн хэрэг. Өвчтэй хүн өөрийгөө шалгахаар нүдээ нээж, аньж, чихээ хүртэл таглаж үзэх нь олонтаа. Тэр тусам хий үзэгдэл алга болохгүй тухайлбал, үхсэн хүнийг үзэж, дууг нь сонсоод байх бий. Хий үзэгдлийн донг сэрүүндээ зүүдэлж буй зүүд гэж нэрлэж ч болох юм. Энэ зүүд нь өвчтэй хүний зүүд. Ийм дон тусах нь гадны ятган үнэмшүүлэлт, өөрөө өөртөө үнэмшүүлэх урхаг бодлоос нөлөөлдөг аж. Өөрөөр хэлбэл, хүн ямар нэг юмны талаар байнга бодоод эхлэхэд тэрхүү "ямар нэг юм " нь хий үзэгдэл, дүрийн хэлбэрээр ухамсарт нь бий болно. Чухам ийм замаар шулам ирсэн тухай сэтгэгдэл өвчтэй охинд төрсөн хэрэг юм. Гэрийн доторх мухар сүсэг, мөргөл тамаар айлгах энэ бүгд нийлээд ялангуяа, хүүхдийн мэдрэлд нөлөөлдөг байна. Бурханд биширсэн эмэг эхийнхээ ярьдаг шулмын тухай яриаг охин их айн сонсоно. Эцэстээ тархинд нь шулмын тод дүр бий болжээ. Хүмүүс заримдаа хий юм сонсдог. Учрыг нь ойлгоод "санаа дагаж дээ" гэлцэх. Хүртэх, харах, сонсохын хий үзэгдэл гэж байдаг аж. Зүүдэндээ ч барин тавин юм үзэх нь бий. Эцэст хэлэхэд хий үзэгдэл, чөтгөр гэдэг нь айдас, ухамсар мөчигтэй холбогддогийг санаж явууштай. Их Равжаа "Бурхан ч сэтгэлээс, буг ч сэтгэлээс, булт хоосон бүхэн сэтгэлээс гардаг" хэмээснийг нэгэнтээ бодож үзүүштэй.


 

 

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Анука(59.153.113.208) 2025 оны 03 сарын 13

Зохион бичлэг бичихэд хэрэгтэй юм

1  |  0
Б.Мишка(66.181.185.167) 2025 оны 03 сарын 13

Үнэхээр хэрэг боллоо зохион бичлэг бичих болоход тусалж чадах юм

4  |  0
Top