Хүүхэд хүчирхийлэх гэмт хэрэгт цаазын ял оноох талаар санал асуулга эхэллээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 02

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүчирхийллийн эсрэг санаачилгатай ажиллаж, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганд өргөн барьж хэлэлцүүлэхээр болсон. Энэ өөрчлөлт нь хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэгт оноох ялыг чангатгаж, энэ төрлийн гэмт хэрэгт цаазаар авах ялыг оноох тухай нэмэлт өөрчлөлт болох юм.

Тэгвэл Ерөнхийлөгчийн Тамгын газраас дээрх асуудлаар мэдээлэл хийлээ.

Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга "Өнгөрсөн онд 2-7 насны 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухай сэтгэл сэрдийлгэм мэдээ нийгмийг цочроож байна. Ийм учраас төрөөс зайлшгүй арга хэмжээ авахыг шаардаж байна.

"Монгол Улсын Ерөнхийлөгч 2017 онд арваннэгдүгээр сард  Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүсэлт гаргасан. Бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт цаазын ял оноох, эсвэл хөнгөлөх хууль санаачлах эрхийнхээ хүрээнд асуудлыг судалж УИХ-д оруулах үүрэг чиглэл өгсөн боловч одоо болтол хариу өгөөгүй байна.

Өнгөрсөн долоо хоногт ХЗДХЯ-наас цаазын ялыг сэргээх боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан тухай хэвлэлээс олж мэдлээ. Үүнээс харахад цаазын ялыг сэргээх боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Монгол Улс 2010 оноос өмнө Эрүүгийн хуульд цаазаар авах ялын төрөл зүйлийг зургаан төрлийн гэмт хэрэгт хэрэглэдэг байсан. 2010 онд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Их хурлын чуулганаар цаазаар авах ялыг гүйцэтгэхүй гэдэг мэдэгдлийг хийсэн.

Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн бол олон улсын конвенцид нэгдэн орохгүй. Тиймээс цаазын ялыг сэргээх шаардлага үүсч байна гэж үзэж байна.

Тиймээс Эрүүгийн хуульд  бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт цаазын ял оноох саналыг Ерөнхийлөгч гаргаж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, өнөөдрөөс олон нийтийн санал асуулга явуулж эхэлж байна.

Эрүүгийн хуульд цаазаар авах ялыг бага насны хүүхдийг хүчиндсэн, амь насыг нь хөнөөсөн хэрэгт  оноохоор төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулж байна. Шинээр батлагдсан хуулийн тухай хуулиар  шинээр батлуулах гэж  буй хуулийн төслүүдэд олон нийтийн саналыг авна гэж тусгасан. Үүний дагуу санал хураалт сарын хугацаанд үргэлжилнэ.

Монгол Улс цаазаар авах ялыг хоёр ч удаа халж, харамсалтай нь буцааж хэрэглэхээс өөр аргагүй нөхцөл байдалд орж байсан юм билээ.Ерөнхийлөгч тодорхой гэмт хэргүүд дээр энэ ялыг хэрэглэх гэж байгаа. Тийм учраас улс төрийн хэрэгтэнд хамаарахгүй" гэв.

Хуулийн зөвлөх Р.Булгамаа "Бага насны буюу насанд хүрээгүй хүүхдийг  хүчиндэх, амь насыг нь хороох гэмт хэрэг сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаагаас гадна энэ хэрэг нь улам харгис хэрцгий болж байна. Ээжийнхээ мөөмнөөс ч гараагүй, хөл дээрээ зогсож чадахгүй, бяцхан үрсийг хүчиндэж, амь насыг нь хороох үйлдлийг бид хараад байж хэрхэвч болохгүй.

Хэдийгээр цаазаар авах ял хүмүүнлэг бус шинжтэй  хэдий ч бид бяцхан үрсийнхээ амь нас, эрүүл мэнд, амьд явах эрхэд хүндэтгэлтэй хандах ёстой. Тиймээс энэ төрлийн гэмт хэргийн хариуцлагыг чангатгахын тулд  бүх насаар нь хорих хүртэлх арга хэмжээг төсөлд оруулж байна. Олон нийт болон нийгмийн зүгээс хууль эрхүшйн хувьд  хүлээлттэй байгаа асуудал бол бага насны хүүхдийг хүчиндэх асуудал. Хуучин Эрүүгийн хуульд цаазаар авах ял долоон гэмт хэрэгт хамаарагдаж байсан.

Гэхдээ цаазын ялыг сэргээхдээ зөвхөн нэг төрлөөр буюу монгол хүний зан заншил, ёс суртахуунд нийцэмгүй жигшүүрт үйлдэл гаргаж байгаа насанд хүрээгүй хүүхдүүдийг хүчиндэж, амь насыг нь хороож байгаа үйлдэлд нь хууль зүйн хариуцлагыг нь чангатгах үүднээс энэ хуулийн төслийг өргөн барьж байгаа.

Хэвлэлийн хурлын дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Монгол Улс цаазын ялгүй оронд тооцогдож байна. Энэ асуудлаа олон улсад зарласан бөгөөд аливаа тусламж дэмжлэг авахад энэ статус шалгуур болдог. Хоёрдугаарт, цаазын ялыг буцаах боломжгүй байдаг. Хэн нэгнийг гүтгээд цаазаар авах вий гэх болгоомжлол мөн нийгэмд байна. Эдгээр эрсдэлийг хэрхэн тооцож байгаа вэ?

Ерөнхийлөгчийн  зөвлөх Г.Уянга: Цаазын ялыг тодорхой гэмт хэргүүд дээр хэрэглэхээр зүйлчилж байгаа. Бага насны хүүхэд хүчирхийлсэн болон амь насыг нь хохироосон гэдэг бол тодорхой баримттайгаар нотлогдох хэрэг. Түүнээс улс төрийн хэрэгтэнд энэ ялыг хэрэглэх боломжгүй гэж үзэж байна.

Хоёрдугаарт, цаазын ялгүй гэсэн статусаас хамаарч зээл, тусламж олгодог, цаазын ялыг сэргээвэл олон улсын байгууллагууд зээл, тусламж өгөхөө зогсооно гэсэн тодорхой баримт надад алга. Энэ талаар би мэдэхгүй байна. Гэхдээ зээл, тусламж нь монголчуудын амьдралыг шийдэх үндсэн асуудал биш. Бид эх орондоо айдасгүй, аюулгүй амьдрах нь чухал. Зээл, тусламжийн асуудлыг бага насны хүүхдийг хүчирхийлэх, амь насыг нь хөнөөх асуудалтай шууд холбож ойлгож болохгүй байх.

-Парламент хуулийн төслийг дэмжихгүй бол дараагийн алхам юу байх вэ. Хоёрдугаарт, цаазын ялтай байлаа гээд энэ төрлийн гэмт хэрэг буурах судалгаа байгаа юу?

Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах эсэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга саналаа оруулж, түүнийг нь УИХ-ын олонх дэмжвэл батлагдана. Ерөнхийлөгч арваннэгдүгээр сард Хууль зүй, дотоод хэргийн яам руу явуулсан бичигтээ хэд, хэдэн хувилбаруудыг судалж, УИХ-д оруулах санал хүргүүлсэн. Ийм олноороо бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөж, амь нас нь хохирч байгаа үйлдлийг зүгээр хараад сууж болохгүй, ямар нэгэн шийдэл гарц хэрэгтэй гэж үзсэн хэрэг. Харамсалтай нь, дөрвөн сарын хугацаанд Засгийн газраас ямар нэг арга хэмжээ авсангүй. Ер нь бол бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа, тэр нь улам олширч байгаа асуудлыг шийдэх, бууруулах нь төрийн үүрэг мөн. Ерөнхийлөгчийн саналд цаазаар авах ялыг хэрэглэх, эсвэл Европын зарим оронд хэрэглэдэг шиг хөнгөлөх ялыг хэрэглэж болох юм гэдэг хэд, хэдэн хувилбар тусгагдсан.

Өмнө нь Монгол Улс цаазаар авах ялыг хоёр удаа халж байсан. Харамсалтай аль, аль тохиолдолд нь цаазын ялыг сэргээн хэрэглэхээс өөр аргагүй болж байсан байна. Жишээ нь, 1953 оны наймдугаар сарын 5-нд Ардын Их хурал “Алах ялыг өөрчлөх тухай” 96-р зарлиг гаргаж, энх тайван цагт алах ялыг хойшид хэрэглэхгүй гэж үзсэн ч эрүүгийн нөхцөл байдал хүндэрч, онц хүнд, ноцтой, харгис гэмт хэрэг нэмэгдсэн байна. Ингээд ердөө 10 сарын дараа буюу 1954 оны зургадугаар сарын 9-ний өдөр Ардын Их хурлын тэргүүлэгчдийн 67-р зарлигаар Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдыг санаатай егүүтгэсэн гэмт хэрэгт буудан алах ял хэрэглэж байхаар тогтон, цаазын ялыг сэргээж байсан байна. Ер нь бол эрүүгийн нөхцөл байдал эрс хүндэрсэн ийм үед, тэр тусмаа бага насны хүүхдийг хүчирхийлж байгаа тоо нэмэгдэж тул төр гарцаагүй арга хэмжээ авах ёстой.

Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zz(78.250.188.81) 2018 оны 04 сарын 02

avilgachdaa ustgaachee

0  |  0
иргэн(180.149.78.99) 2018 оны 04 сарын 02

Ерөнхийлөгч бузар үйлдэлтнүүдийг зогсоох алхамаа хийлээ. Одоо УИХ-ын гишүүд бузар үйлдэлтнүүдийг өмөөрч хамгаалах эсэхийг харах үлдлээ.

0  |  0
зочин(202.179.26.175) 2018 оны 04 сарын 02

маш Зөв шийдвэр, Ард түмнээрээ Хэлэлцүүлж санал Асуулга явуулах нь Зөвөө,

0  |  0
sanal asuulga(103.9.88.162) 2018 оны 04 сарын 02

Ard niitiin sanal asuulga yvuulaad ard tumeneesee asuuj shiideh ni zuv huvilbar yum. Undsen huuliin asuudal uchir

0  |  0
zochin(124.158.109.232) 2018 оны 04 сарын 02

mash zuw shiidver garsan baina. buzar humuusiig shuud tsaazal. huniig nasan turshiin sharh emegenel haruusal setgeliin zovlond unagaaj baigaa muusain novshnuud amid uldeh es baihgui

0  |  0
Top