Д.Эрдэнэбат: Хууль тогтоох төрийн дээд байгууллага хуулийн мухардалд орно гэж байхгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 09

УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, хоёр асуудал хэлэлцсэн байна. Энэ талаар бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Ардчилсан намын бүлгийн дарга Д.ЭрдэнэбатМонгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн  үеэр байгалийн баялагаа иргэддээ хүртээх, мөн өрийн дарамтаас иргэдээ чөлөөлөх, асуудлаар хөндөн ярьж байсан. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа АН-ын бүлэгтэй хамтран байгалийн баялгын хувиарлалтын асуудлаар хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулахад бүтэн нэг жил ажиллалаа. Өнөөдөр бүлгийн хурлаар “Эрдэнэс Тавантолгой”-г нийтийн компани болгох тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж Ерөнхийлөгчтэй хамтарч боловсруулсан  уг хуулийн төслийг ирэх долоо хоногт УИХ-д хэлэлцүүлэхээр өргөн барихаар төлөвлөсөн.

Сүүлийн үед УИХ-ын гишүүний ёс зүйтэй холбоотой асуудал хөндөгдөж байна.  УИХ-ын гишүүдийн ёс зүйтэй холбоотой асуудал УИХ, Монгол Улсын төрийн нэр хүндийг унагаж байна. Тиймээс АН үүнд албан ёсоор байр, сууриа илэрхийлэх ёстой гэж үзсэн. Төрийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа  УИХ-ын гишүүний асуудлыг УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Ялангуяа эмэгтэйчүүдийн хүчирхийлэлтэй холбоотой асуудал яригдсан учраас заавал хэлэлцэх ёстой. Энэ асуудлыг цааш нь  үргэлжлүүлж  болохгүй. МАН-ын бидэн өгсөн тайлбараар бол хуулийн мухардалд орсон гэх.

Хууль тогтоох төрийн дээд байгууллага хуулийн мухардалд орох асуудал байхгүй гэдгийг бид хаана, хаанаа ойлгох хэрэгтэй.  УИХ-ын гишүүний ёс зүйтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд хоёр зүйл ойлгомжтой байгаа юм. Нэгдүгээрт, Үндсэн хуульд заасан заалт тодорхой байгаа. Үндсэн хуулийн 29.3 дахь заалтаар "Хэрвээ УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон  бол УИХ-ын чуулганаар заавал хэлэлцэнэ” гэсэн байгаа. Хоёрдугаарт, тухайн гишүүн нь УИХ-д өөрийн хүсэлтээр түдгэлзэх өргөдлөө гаргасан  тохиолдолд УИХ заавал хэлэлцэх ёстой. Энэ асуудлыг шийдэхгүй бол УИХ-ын нэр хүндэд байж болзошгүй хохирол учирна гэж бид үзэж байна. Тиймээс энэ асуудлаа МАН-ын бүлэг аль нэг тийш нь шийдэж УИХ-аар шийдэх ёстой.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн 1072 ширхэг хувьцааг иргэн бүр эзэмшээд  удаж байна. Энэ хувьцааныхаа үр шимийг өнөөдрийг болтол хүртэж чадахгүй байна. Монгол Улсад бүх иргэн нь хувьцааг нь эзэмшдэг нийтийн өмчлөлийн нэг л компани байдаг.  Энэ бол Эрдэнэс Тавантолгой” ХХК. Нийтийн өмчлөлийн компанийн эрх зүйн үндэс, энэ компанийн баялаг хөрөнгийг хэрхэн зарцуулах вэ, ямар шалгуур, шаардлага тавихыг зохицуулах хууль байдаггүйгээс орон нутгийн өмчийн  оролцоотой компаниуд Төрийн өмчийн тухайн хуулиар, бусад компаниуд Компанийн тухай хуулиар үйл ажиллагаагаа зохицуулж ирсэн байдаг.

“Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн 14 хувийг иргэд нь эзэмшчихээд байгаа хэрнээ ноогдол ашгийг авч чаддаггүй, үйл ажиллагаанд оролцож чаддаггүй. Гэтэл 86 хувийн эзэмшиж байгаа төр зээл аваад өрөнд оруулдаг, ашиггүй ажилуулдаг, муу засаглалтай компанийн жишээ болж байна. Тиймээс цаашдаа Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийг нийтийн эзэмшлийн компани гэдэг утгаар нь ажилуулах үүднээс хуулийн төсөл боловсруулсан.

Энэ хууль батлагдсанаар "Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн төрийн мэдлийн өнөөдрийн  86 хувийг 100 хувь иргэдэд эзэмшүүлэх боломжтой. Иргэдэд шилжснээр  жижиг хувьцаа эзэмшигчид буюу иргэд компанийн үйл ажиллагаанд хяналт тавих юм.  Үүнийг олгож өгно. Төр бол зөвхөн алтан хувьцаа эзэмшинэ. Алтан хувьцаа эзэмшинэ гэдэг нь ноогдол ашиг авахгүй, гэхдээ компанийн гүйцэтгэх удирдлага улс орны эрх ашигт харш шийдвэр гаргавал хориг тавих  л эрхтэй үлдэнэ.  Мөн төрд төлж байгаа татвар хураамж буурахгүй, харин ч ил тод нээлттэй засаглалтай болсноор татварын орлого нэмэгдэнэ гэж бодож байгаа. Тус хуулийг дагалдаж хэд хэд хууль гарна. Өнөөдөр Ирээдүйн өв сангийн тухай хуульд уул уурхайн борлуултын орлогоос тодорхой хэмжээгээр орлого хуримтлагдаж байгаа боловч энэ сангийн өмнөх үе буюу хүний хөгжил сан байх үеийн өрийг дараад өнөөдөр ирээдүйн өв сан хоосон байна" гэлээ.

Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(180.149.78.75) 2025 оны 03 сарын 13

Эд нар улс орноо сүйрүүлчихээд одоо хүмүүс чадан ядан засч сайжруулж байхад араас нь улс төр хийгээд л байдаг сонин хүмүүс. Яавч энэ бол эрүүл сэтгэлгээ бишээ???...Та нар харж л байгаарай явж, явж МАН-ынхан л сэргээнэдээ???... Наад хүмүүсээ зүгээр л ажлыг нь хийлгэчихээчээ???.. АН-ынхаан???...

1  |  0
Иргэн(180.149.78.75) 2025 оны 03 сарын 13

Эд нар улс орноо сүйрүүлчихээд одоо хүмүүс чадан ядан засч сайжруулж байхад араас нь улс төр хийгээд л байдаг сонин хүмүүс. Яавч энэ бол эрүүл сэтгэлгээ бишээ???...Та нар харж л байгаарай явж, явж МАН-ынхан л сэргээнэдээ???... Наад хүмүүсээ зүгээр л ажлыг нь хийлгэчихээчээ???.. АН-ынхаан???...

1  |  0
Сар(139.5.218.183) 2025 оны 03 сарын 13

Нарантуяаг дэмждэг сар

1  |  0
Top