С.Батболд: Нийслэлээ ногоон хот болгоход хүн бүрийн хувь нэмэр чухал

2018 оны 05 сарын 12

“Хүн бүхэнд цэвэр агаар, Мод бүхэнд ус” уриатай хаврын мод тарилтын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр болон бусад албаны төлөөллүүд, 40 гаруй байгууллагын ажилтан албан хаагчид, нийслэлийн иргэд оролцлоо. 

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Өнөөдөр нийслэлийн төр захиргааны байгууллагынхан, хувийн хэвшлийнхэн, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд, иргэд мод тарих өдөрлөгт хүрэлцэн ирсэнд талархсанаа илэрхийлье. Улаанбаатар хот ногоон хот болох зорилт дэшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд хотын зүгээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг тохижуулахаас гадна бүх дүүргүүдэд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн байгаа. Модоо зөвхөн тарихаас гадна түүнийгээ арчлах, ургуулах ёстой. Улаанбаатар хотоо ногоон хот болгоход хүн бүрийн оролцоо чухал юм. Тийм учраас зөвхөн ганц өдөр бус хавар намрын тариалалтад бүгд идэвхтэй оролцохыг уриалж байна” хэмээн онцлов.

МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Мод тарина гэдэг бол маш их буянтай ажил. Үр хойчдоо өв үлдээж байна гэж ойлгож болно. Хүн бүр байгал дэлхийгээ хайрлаж, хамгаалж үр хүүхэдлээ ногоон дэлхийгээ байгаа чигээр нь өвлүүлэн үлдээх учиртай юм. Бид мод тарьж байгаа нь өөрсдөдөө болон үр хүүхэддээ үлдээж буй хамгийн том бэлэг юм. Сүүлийн жилүүдэд мод тарих хөдөлгөөн өрнүүлж, сургууль, хамт олон, албан байгууллагаараа оролцож байгаад баяртай байна. Өнөөдрийн арга хэмжээнд оролцож байгаа бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье” хэмээлээ.

Мөн Монгол Улсын их хурлын тамгын газар, Ерөнхийлөгчийн тамгын газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, С1 телевиз,  Дулааны III цахилгаан станц ТӨХК, “Орчлон”  дунд сургууль, Улаанбаатар бүрэн дунд сургууль, “Моннис” групп,   Монгол банк, Монгол Улсын Хөгжлийн банк,  Олон улсын энэрлийн байгууллага хамт олон оролцож ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд  бодит хувь нэмэр орууллаа. Мөн өмнөх жилүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд мод тарьсан иргэд, байгууллагууд тарьсан модондоо арчилгаа, усалгаа хийж  оролцов.

Энэ жилийн хаврын мод тарилтаар хайлаас, чацаргана, монос, голт бор, улиас, гацуур, нарс, шар хуайс гэсэн 8 төрлийн нийт 5000 орчим мод таригдах юм.  Үндэсний цэцэрлэгт хүрээлэн Маршалын гүүрний зүүн хойд хэсгээс Баянзүрхийн гүүр хүртэлх 973 га талбайг хамарч байгаагаас 183 га талбайн ТЭЗҮ хийгдсэн байна. Өнгөрсөн жилээс III ээлжийн 50 га талбайд ногоон  байгууламж тохижтилтын ажил эхэлсэн  бөгөөд энэ жилийн мод тарилт  Ус сувгийн удирдах газрын гүний худгийг  хамгаалах хамгаалалтын зурвас хэлбэрээр таригдаж байна.

2009 оноос хойш  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд  нийт 27 төрлийн 123 мянга гаруй мод сөөг таригдсан. Өнгөрсөн 2017 онд тооллого явуулж мод  ургалтын байдлыг тодорхойлоход 98.8 хувьтай гэсэн үзүүлэлт гараад байна.

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ нийслэлийн ногоон байгууламжийн массыг нэмэгдүүлэх, эрүүл эко орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд жил бүрийн тав, аравдугаар сард "Бүх нийтээр мод  тарих үндэсний өдөр”-ийг албан байгууллага аж ахуйн нэгж, иргэдийг оролцуулан, зохион байгуулсаар байгаа юм.

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга С.Эрдэнэтуул “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нэгдүгээрт эрэмбэлэгдэх зорилго бол нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэрийг хамгаалах. Үүний тулд бид ногоон байгууламжаа нэмэгдүүлэхэд анхаарч, жил бүрийн хавар, намрын мод тарилтаар ундны усны зурвас дагуу шинэ тарилтыг төлөвлөн  мод тарьж байна”  хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(64.119.24.95) 2018 оны 05 сарын 13

Су.Батболд Төв аймгийн хүн, тойргоо М.Энхболдын хүсэлтээр А.Сүхбатад өгсөн гэсэн хоёр учир шалтгааны улмаас Нийслэлийн засаг дарга болсон хүн. Хот гэж юу байдгийг бараг мэдэхгүй, юу ч үзээгүй, хөдөөний болхи нөхөр. Харин тэр хурлын дарга нь сайн боловсролтой, хувийн хэвшилд хийж бүтээгээд хүнтэй ажиллаж сурсан, бүтээлч, хурдтай хүн юм. Байрыг нь сольё гэхээр Батболд төлөөлөгч биш. С.Амарсайхан нь хотыг илүү авч явах чадвартай хүн гэдгээ зөвхөн 100 айлаар гэхэд л тод харагдаж байна.

0  |  0
ЗОЧИН(112.72.14.24) 2018 оны 05 сарын 12

ТАРИХ БОЛ ХЭН ХАЛУУН ОРОНД СУРГУУЛЬ ТӨГССӨН Ч ХИЙЖ БОЛДОГ ЗҮЙЛ ТАРЬСАН МОД УРГАСАН УУ ГЭДЭГ ӨӨР ЗҮЙЛ ОРК МИНЬ БАС ИХ МЭДДЭГЧТЭЙ БОЛСОН БАЙНА ЛЭЭ ЧИ ХОГИЙН НОВШ ГЭДГЭЭ МЭДЭЖ БАЙГАА ЯРИХ ЮМ УУ ?

0  |  0
Top