Дэвид Бекхэмийг бид алдартай хөлбөмбөгчин, бүсгүйчүүдийн шүтээн гэдгээр нь сайн мэднэ. Тэгвэл өдгөө 43 настай, дөрвөн хүүхдийн сайн аав Дэвид Бекхэмийн талаар бидний төдийлөн мэддэггүй баримтуудтай танилцаж, түүний амжилтын түүхээс сөхье.
Дэвид еврей гаралтай

дүү Жоаннатайгаа.
Дэвид Роберт Жозеф Бекхэм нь 1975 оны тавдугаар сарын 2-нд Лондоны Лейтонстоунд төрсөн. Түүний аав Эдвард Алан Бекхэм нь гал тогооны тавилга угсрагч, ээж Жоржина Уэст нь үсчин юм. Дэвид багаасаа эцэг эх болон хоёр дүүтэйгээ христийн сүмд явдаг байсан нь түүний амжилт, хүмүүжилд их нөлөөлсөн гэж ярьдаг. Тэрбээр багаасаа хөлбөмбөг тогложээ. Аав ээж хоёр нь “Манчестер Юнайтед”-ийн фэн байжээ. Бяцхан Дэвидээс багш нар нь “Чи юу хийдэг хүн болохыг хүсдэг вэ” гэж асуухад хүү “Би хөлбөмбөгчин болохыг хүсдэг” гэж хариулдаг байжээ. Дэвидийн өвөө нь еврей хүн байв. Хөлбөмбөгчин өөрийгөө еврей хүн гэж тодорхойлсон байдаг.
“Манчестер Юнайтед” анх Дэвидийг голжээ

Бредэнтоны бэлтгэл коллежид сурдаг байсан 14 настай Дэвид “Манчестер Юнайтед”-тай гэрээ байгуулах гэтэл түүнийг сургуулийн сурагч гэж голжээ. Харин Бекхэм 1992 онд Английн Хөлбөмбөгийн холбооны өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтоор хэн болохоо харуулсан байна.
“Google”-ээс түүний талаар хамгийн их хайсан

Дэвид “FIFA”-гийн Оны шилдэг хөлбөмбөгчний шагналд хоёр удаа дэд байрт орж байв. 2004 оны дэлхийн хамгийн өндөр цалинтай хөлбөмбөгчин. Тэрбээр спортын амжилтаараа төдийгүй дэлхийн нэр хүндтэй брэндүүдийн нүүр царай болдгоороо олон бүсгүйн анхаарлыг татдаг. 2003 болон 2004 онд “Google”-ээс хайсан спортын сэдэвтэй хайлтуудыг Дэвид Бекхэм гэсэн нэр тэргүүлж байжээ.
Эхнэр нь түүнийг болзоонд түрүүлж урьжээ

Дэвид Бекхэм эхнэр Викториягаа анх зурагтаар хараад дурлаж байжээ. Харин тэдний анхны болзоо эмэгтэйнх нь санаачилгаар болж байсныг Виктория дурссан байдаг. Тухайн үед Британийн хөлбөмбөгийн од байсан Дэвидтэй нэгэн тэмцээнийх нь дараа Виктория шууд очиж танилцжээ. Тийнхүү тэд оройн хоол хамт идэхээр болж, анхны үнсэлт нь ч тэр үдэш болсон аж. Дэвид, Виктория нар гурван хүү, нэг охинтой билээ. Тэднийх Калифорнийн Беверли Хиллст амьдардаг.
17 настайдаа “Манчестер Юнайтед”-тай гэрээ байгуулав

Бекхэм амжилтын гараагаа 17 настайдаа “Манчестер Юнайтед” клубтэй байгуулснаар эхэлж байв. Тэрбээр Юнайтед Премиер Лигт зургаа, Цомын аваргад хоёр удаа түрүүлж, 2003 онд “Реал Мадрид”-тай гэрээ байгуулжээ. Тэрбээр 2007 онд “Реал Мадрид” клубээс гарч “Лос-Анжелес Галакси”-тэй таван жилийн гэрээ байгуулсан билээ. Дэвид тийнхүү хамгийн өндөр цалинтай хөлбөмбөгчин болов.
Хүүхдүүдээ Элтон Жоноор загалмайлуулжээ

Дэвид Бекхэмийн хүү Бруклин, Ромео нарын загалмайлсан эцэг нь алдарт дуучин Элтон Жон. Харин загалмайлсан эх нь жүжигчин, загвар өмсөгч Элизабет Харлей юм.
Дасгалжуулагчтайгаа муудалцсан нь

Дэвид Бекхэм болон “Юнайтед”-ын дасгалжуулагч Алекс Фергюсон нарын хооронд 2000 онд зөрчилдөөн үүсчээ. Бекхэмийн том хүү Бруклиний ходоод, нарийн гэдэс үрэвссэнээс болж Фергюсон түүнийг бэлтгэлээс чөлөөлсөн байна. Харин Фергюсон Лондонд загварын долоо хоногт оролцоод завгүй байсан Виктория Бекхэмтэй таарч, нэлээд хатуу үг хэлжээ. Үүнээс болж Дэвид дасгалжуулагчтайгаа маргаж байв. Гэхдээ байдал тэгсгээд намжиж, “Юнайтед” клуб Примиер лигт түрүүлжээ. Примиер лигийн 2000-2001 оны улиралд найман гоол оруулсан Бекхэм “Манчестер Юнайтед”-ын гол тоглогчийн хувьд клубтэйгээ дөрвөн хаврыг үдэж, гурав дараалан лигийн аварга болов.
“Депортиво Ла-Корунья”-гийн тоглогч Дэвидийн хөлийг санаатайгаар гэмтээжээ

2002 оны дөрөвдүгээр сард Аваргуудын лигийн тэмцээнд Испанийн “Депортиво Ла-Корунья” клубтэй хийсэн тоглолтын үеэр Дэвид зүүн хөлөө гэмтээсэн билээ. Энэ нь санаатай үйлдэл болох нь бичлэгээр илэрчээ. Түүний бэртлээс болж “Юнайтед” клуб түрүүгээ “Арсенал”-д алдсан юм. Дэвид Бекхэм бэртлээс болж 2002-2003 оны улирлын туршид талбайд гараагүй билээ.
Дасгалжуулагчдаа зодуулав
![]()
2003 онд Английн Хөлбөмбөгийн Холбооны цомын аваргын тав дахь шатны тоглолтод “Юнайтед” “Арсеналд” 0:2-ын харьцаатайгаар хожигдлоо. Уур нь шатсан дасгалжуулагч Фергюсон хувцас солих өрөөнд Дэвидийг цохиж гэмтээжээ. Тийнхүү хоёр дахь удаагаа дасгалжуулагчтайгаа таарамжгүй болсон Дэвид клубтээ үргэлжлүүлэн тоглох эсэх нь эргэлзээтэй болов.
Английн бахархалт хүн

Англичуудын бахархал болсон хөлбөмбөгчин Дэвид Бекхэмийг Их Британийн хатан хаан 2003 оны зургадугаар сард Английн дээд одонгоор шагнасан билээ.
![]()

Сэтгэгдэл ( 1 )
Одоо од!