Бадарчийн Дариймаа
1952 онд Хөвсгөл аймгийн Тариалан суманд төржээ. 1970-аад оноос уран бүтээлээ эхэлж “Хөх торгон дээл” анхны номоо хэвлүүлсэн байна. Тэрээр өгүүллэг бичихээс гадна телевизийн баримтат болон уран сайхны киноны зохиол бичдэг.
Зандан ээжийг минь асуувал...
Харанхуйн дунд хатан Сэлэнгэ мөрөн энэлэн шаналан хүрхэрнэ. Их усны шаналан хүрхрэх давалгаа эрэг голдирлоо бус Сүнжидийн зүрх сэтгэлийг мөргөн балбах мэт. Тэрбээр сураг чимээ хүлээж чилийсэн гурван өдрийг барлаа. Сэтгэл зовиурлан хүлээхэд цаг хугацаа гэгч юутай удаан. Ингэж шаналан тарчилж байхаар ус үерлэхээс өмнө явах минь ч яалаа. Дандаа Банзарын амыг харсаар энэ гэхээс харуусал гомдолдоо багтрах шахна.
* * *
Үертэй голын хоёр талаас үнээ, тугал мөөрөлдөн тэр хавийн айлууд саалийн үнээгээ үер гатлаж ирэхийг түгшин хүлээсээр эрэг дээр цугларчээ. Өглөөхөн зүгээр байсан гол ингэтлээ үерлэх гэж. Мэдсэн бол малаа өөр тийш нь бэлчээдэг байж. Их Сэлэнгэ үерлэхээрээ долоо хоногоос нааш татрахгүй гэлцэнэ. Сүнжидийн ээж саалийн ягаан дээлээ өмсчихсөн голын эргээр өгсөж уруудан байснаа:
-Ягаан аа, ягаан аа гэж хоолой мэдэн хашгирахад усны цаад талд байсан үхэр дотроос том биетэй мухар ягаан үнээ эзнийхээ дууг аван эрэмшиж толгойгоо сэжлээд ус зүсэн орлоо. Адгуус ч гэлээ эх амьтан болохоор хэдэн саалийн үнээ ягааны араас цувран орж үрээ тэмцэн зүтгэв. Эвэр нь дархайсан эр үхрүүд тэдний араас гайхширан зогсож байснаа за бид юундаа ч яарах билээ гэсэн шиг ногоо хазлан хоцорлоо. Үнээнүүдийн зөвхөн эвэр нь шоволзож хамар нь сарталзахаас өөр юу ч эс харагдана.
-Ээж ээ яана аа, урсаад явчихлаа шүү дээ. Сүнжидийг сандран орилоход ээж нь:
-Дуугай бай! гэж зандраад чанга гэгч нудраад авлаа. Сүнжид үүр цүүрээр хэсэгхэн зүүрмэглэхдээ ээжийгээ ийнхүү зүүдэллээ. Айлын эзэгтэй нар саалиндаа гарч байгаа бололтой хувин сав дуугаргахад тэр сандран гутлаа холхинодог углаад дээлээ явуут ханцуйлан, гар нүүрээ угаагаад гарлаа. Бүдэг саарал тэнгэрийн дор их мөрөн хэмжээнээсээ хэд дахин томорч нэлийсэн их усан цайвартана. Ёстой ажлын садаа гэж энэ байх даа. Ус мөд татрахгүй дээ гэхээс зүрх нь шимширнэ. Түүнийг Алимаа зэлэн дээр тосон уулзаж,
-Сүнжээ эгч ээ! Энэ усыг хараач! Банзар ах боогдчихлоо. Хэл сураг байхгүй! Одоо яана аа! гэхэд үнээнийхээ цавинд толгойгоо наачихсан сааль хийж суугаа Надмид эмгэн өөртөө хэллээ гэж андуурсан бололтой
-Буруу хойшоо гэж ... Банзарын хэл сураг авчрах ч өнгөрсөн хорвоо. Өчигдөр Дашийн бэр хүүхэн ус гарч ирэхдээ Банзарыг Должин хүүхнийд шал согтуу ногоороод хэвтэж байна гэхчивлээ. Тэднийд орогноод сумын төв орох завгүй байгаа юм биш үү! Энэ муу охиныг дэндүү элэг барих юм гэхэд Алимаагийн сэтгэл зовж "Надмид аажаа" гэхэд тэр үл анзааран
-Энэ нохой Банзар уг нь эхээс төрсөн л юм даа. Жил болгон "аажаа" та гэр мал харж байгаарай! Сүнжид бид хоёр хадамчилна гэж солиороод байдаг юм. Худал ярьж хуурсаар энэ хүүхнийг эхтэй нь амьд мэнд уулзуулахгүй нь л дээ! Цус харвачихлаа гэж хэл ирээд байхад юугий нь лавлах гэж цаг алдаж явдаг болоо. Хөгшин хонины насгүй бид өнөөдөр харавчихаад маргааш босоод ирэх биш! Өөдгүй муу хог гэж буруу зөвгүй бурав. Авгай хүүхнүүд Сүнжидээс зовж бүлх залгичихсан мэт гөлөлзөнө. Сүнжид юм ярьсангүй. Хэдэн үнээгээ шалавхан учиглаж орхиод гэртээ орлоо. Алимаа:
-Надмид аажаа, та наад амаа татаж байгаач! Хүн дуудаад дохиод байхад зөрж хадуураад байх юм. Нүүр хийх газаргүй болтол сайн түллээ дээ та гэхэд
-Хэн мэдэхэв золиг гэж... За, за үнэн юм чинь дээ! Хүний үрийг тэр хол газраас авчирчихаад ганц муу эхтэй нь золгуулаагүй юм шүү дээ гэж өөрийгөө өмөөрлөө.
-Нээрэн энэ Сүнжид их хачин хүн шүү. Банзарыг Должинтой нөгцчихөөд байхад мэдээгүй царайлчихаад... Би байсан бол Сандагийг хэрэв ингэж явбал ёстой алаад өгнө. Салам ураад хаячихгүй юу! гэж өндөр бор хүүхэн уурсав. Чи байсан бол тэгнэ л дээ! Яаж галзуурч байх бол доо гэж нэг нь дэвэргэв. Хэн ингэж хөөтэй тогооны бариул болж дарлуулж суудаг юм. Эсвэл Банзарын хөрөнгөнд нь хоргодоод дуугүй явдаг биз гэж өндөр бор шилбэлзэв.
-За яршиг даа! Эдийн баянаас сэтгэлийн баян гэдэг юм. Харин Банзар ах согтохоороо үр хүүхэд гаргадаггүй гээд Сүнжид эгчийг зовоодог юм билээ! Тэрэндээ шаналж явдаг биз дээ, хөөрхий! Тэгвэл тэр нөгцөөд байгаа Должин хүүхэн хүүхэд гаргаад өгөхгүй яагаав. Өөрөө чадахгүй байж гэхэд
-Чи чадахгүй байгааг нь яаж мэдсэн юм гээд бөөн инээдэм боллоо.
* * *
-Хүүе, та минь ээ! Яадаг билээ! Гараарай хараарай! Нөгөөх чинь усанд үйж үхэх нь гэж хэн нэг нь сандран хөгшин залуугүй гол руу уралдлаа.
- Хөөе! Болиоч! Яаж болдог юм. Сүнжид ээ! хэмээн хашгиралдаж гүйнэ. Сүнжид Банзарын шувуун саарал хэмээх хурдан хүлгийг эмээллээд гөлмийг нь шуугаад мордлоо. Морь ус руу орохоос зүрхшиж хамраа тачигнуулан хойш цахлана. Сүнжид жолоогоо сул тавиад,
-Чүү гэж давирахад хөөрхий адгуус эзэндээ захирагдан усны зах руу оруут хөл алдан хөвлөө. Сүнжидийн ягаан торгон дээлийн хормой шүхэрлэн дэрвийснээ хүн морь хоёр улаан хоормог татах усан дотор хэд эргэлдээд толгой нь шоволзон одлоо.
-Эргээч ээ! Сүнжид ээ! Болиоч гэж тэд хоолой нийлүүлэн орилолдов.
-Аажаа, та дэмий юм ярьж түүний сэтгэлийг үймүүлчихлээ. Хүний явдал танд ямар хамаатай юм гэж Алимаа Надмид чавганцыг загнав.
-Би яасан юм. Өөрийн бодол өөртөө зөв гэдэг юм. Мориноосоо салчихгүй бол шувуун саарал устай газрын унага энэний цаад талд гарч л таараа гэснээ
-Хөөе Сүнжид ээ, миний охин дэлнээсээ сайн зуур, битгий тавиарай! гэж цухалдан хашгирахад их усны чимээнд түүний дуу өөрөөс нь үл хэтэрнэ. Байгалийн давуу хүчинд өртсөн хүн морь хоёр туйлдталаа үзэлцэнэ. Их усны цалгиа түсэргээнд Сүнжид шалба норж, нойтон гар нь барьц алдан гулсав. Түүнийг эмээлтэй нь ховх татан ёроолгүй хүйтэн харанхуй ус бүрхэн аваад дахин суга татан дээш гаргалаа. Тэр амь тэмцэн сарвалзаж хязгааргүй их хүчээр тэмүүлэн мориныхоо сүүлнээс тас зуурав. Ус залгиж хахаж цацан цээжийг нь хурц иртэй мэсээр нэвт сүлбэх мэт аймшигтай өвдөнө. Их устай голтой нутаг гэнэ лээ! Миний охин уснаас хол яваарай! гэж хэлсэн ээжийн үг санаанд ороход чилж байсан гар ч хүч орох шиг барьцаа улам лавшруулан үхтэл зууралдав. Ээж минь намайг хүлээ! Муу охин чинь одоохон ... одоохон гэсэн бүүр түүр бодол орж гаран байв.
- Яана аа, өнгөрлөө! Мориноосоо салчихлаа гэж эрэг дээр байгаа улсууд гаслалдав. Түрүүнээс хойш "Дэлнээсээ зуур, сүүлнээсээ сайн барь" гэж хашгирсаар хоолой нь сөөсөн Надмид эмгэн
-Ээ халаг! Даанч яав даа гээд сөхрөн суулаа. Их мөрний урсгалд хаанаасхөвж ирсэн нь үл мэдэгдэх мөсний хэлтэрхий, үртэс зомгол эрэг дээр гаргаж хаяна. Элсэн дээр хаягдсан тэр элдэв зайгуулыг дараачийн давалгаа дүүлэн ирж буцахдаа хаман одно. Тэднийг аль ч учраа олохгүй орилолдож байхад шувуун саарал эмээл хазаар ч үгүй, сүр сүлд ч үгүй шолбойсон амьтан арай ядан сөхрөн бүдэрсээр голын цаад захад гарч ирлээ!
-Хүүе ээ хүүе, морь ...морь гараад ирлээ гэх дуунаар эрэг дээр байгсдын ухаан санаа эргэж ирэн
-Нээрэн тийм байна. Сүүлнээс нь нэг юм зүүгдээстэй байна. Алив та минь, нөгөө дуран хаачив. Дуран гэлцэж ганц дурангаа гар дамжуулан булаацалдав.
Сүнжид ус залгиж ухаан алдсан бололтой түрүүлгээ харан хөдөлгөөнгүй хэвтэнэ. Баярлаж догдолсон Алимаа нулимсаа арчаад
-Сүнжээ эгч маань дандаа "Зандан ээжийг минь асуувал ..." гээд дуулдаг юм гэхэд Надмид эмгэн:
-Хөөрхий дээ, хүний үр! Сүнжид ээ, хүү минь босоорой! Босолгүй горьгүй ээ хүү минь! Зандан ээжид чинь бид юу гэж хэлэх юм бэ? Босоо, бос хүү минь гэж унтаж байгаа хүнийг дуудах мэт аргадаж байлаа...
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )