Н.Лүндэндорж: Үндсэн хуулийн хамгаалалт дутуугаас шүүх сорилтын өмнө байна

2018 оны 06 сарын 14

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн 25 жилийн ойд зориулсан "Шүүхийн захиргааны хөгжлийн чиг хандлага: чиг үүрэг ба загвар” сэдэвт онол практикийн олон улсын бага хурал өнөөдөр (2018.06.14) болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад хандаж үг хэлсэний дараа Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, профессор Н.Лүндэндорж хурлыг нээж үг хэллээ.

Тэрбээр "Монгол Улсад шүүхийн захиргааны дээд байгууллагыг Үндсэн хуулиар байгуулсны 25 жилийн ойг тохиолдуулан Та бид шүүхийн захиргааны хөгжлийг онол, практикийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх гэж байна. Өнгөрсөн 25 жил бол Монгол Улс тоталитар дэглэмээс ардчилсан дэглэм рүү тайван замаар шилжих шилжилтийн он жилүүд байлаа. Одоо ч үргэлжилсээр байна.

Энэ он жилүүдэд Үндсэн хуулиар төрийн эрх мэдлийг хязгаарлан тогтоож, хүний эрх, эрх чөлөөг хамгаалан баталгаажуулахын төлөө үндэсний эрх зүйн цоо шинэ тогтолцоо бүрдүүлэх, төрийн эрх мэдлийг хяналт, тэнцвэр бүхий гурван салаанд хуваарилан ажиллуулах асар том, хүнд, хэцүү зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө Монгол Улс зүтгэж байна. Энэхүүү том зорилтуудын нэг чухал хэсэг нь шүүн тасалдаг шүүхийн байгууллагаа шүүх эрх мэдэл болон төвхнүүлэх явдал байлаа. Шүүхтэй байх, шүүх эрх мэдэлтэй байх нь зарчмын асар ялгаатай тогтолцоо юм. Төрийн эрх мэдлийн хяналт, тэнцвэртэйгээр Үндсэн хуульд болон үйл ажиллагааны соёлын төвшинд хуваарилан тогтоох нь шүүх эрх мэдэлтэй болох үндсэн нөхцөл мөн.

Шүүхийг бие даасан эрх мэдэл болгох, мэдрүүлэхэд гагцхүү хуульд л захирагддаг хараат бус шүүгчийг шилж олдог, хөгжүүлдэг, хамгаалдаг Шүүхийн захиргааны дээд байгууллага Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх үүрэг асар их бөгөөд Үндсэн хуулиар энэ байгууллагыг байгуулсны утга учир ч энэ юм. Өнгөрсөн 25 жилд энэ эрхэм зорилгоо Шүүхийн ерөнхий зөвлөл хэрхэн биелүүлсэн, алдаа оноо байсан бол түүнд нөлөөлсөн хүчин зүйл, түүнээс авах сургамж, цаашдын хөгжлийн чиг хандлагаа та бид өнөөдөр гадаадын анд нөхөдтэйгээ хамт хэлэлцэх гэж байна. Мөн түүнчлэн Монгол Улсын шинэ Үндсэн хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөлийг байгуулсны 25 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга шүүх, шүүхийн захиргааны байгууллагын ажилтнуудад хандаж дэвшүүлсэн мэндчилгээ, бодлогын зорилтоо хэллээ. Мэндчилгээ дэвшүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад энд хүрэлцэн ирсэн шүүгч, ажилтан хүндэт зочид, нийт оролцогчдын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Эрхэм хүндэт нөхдөө!

Шүүхийг шүүх эрх мэдэл болгон төлөвшүүлэх, шүүх, шүүгчийн хараат бус байдлыг хангаж, хамгаалах чиг үүргээ Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл нэр төртэй биелүүлэхийн төлөө чармайн зүтгэж, зовлон бэрхшээл туулж, сургамж туршлага хуримтлуулсаар өдгөө олон хүн мэддэг, хүлээн зөвшөөрдөг, сонирхдог, ажигладаг Шүүхийн захиргааны дээд байгууллага болж бэхжсэн байна. Нийгмийн түүхэнд 25 жил богино хугацаа. Гэсэн хэдий ч бид дэлхийн улсуудад түгээмэл байдаг шүүхийн захиргааны загваруудыг энэ ол жилүүдэд бараг бүгдийг туршин үзэж, эерэг сөрөг талыг танин мэдэж, 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн бие даасан загварыг нутагшуулж байна. Мөн энэ хугацаанд Шүүхийн ерөнхий зөвлөл шүүхийн шинэтгэлийн талаарх төрийн бодлого, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүхийн багц хуулийг хэрэгжүүлэх, Шүүхийн ерөнхий зөвлөл гэсэн шинэ айлын гал голомтыг бадраах түүхэн үүргийг хэрэгжүүлж байна.

“Шүүхийн захиргааны хөгжлийн чиг хандлага: чиг үүрэг ба загвар” онол практикийн олон улсын бага хурал үргэлжилж байна 

Шүүхийн захиргааны бие даасан загварыг Монгол Улсад тогтоон хэрэгжүүлж, шинэ ойлголт, соёлыг бий болгож байгаа нь 25 жилийн бас нэг ололт, үр дүн юм. Өнөөдөр шүүхийн захиргааны ажилтан бүр шүүхийн захиргааг захирдаг захиргаа биш үйлчилдэг, хамгаалдаг захиргаа гэдэгт итгэл үнэмшилтэй болсон байна. Шүүхийн захиргаа, шүүн таслах ажил тусгаар байсан цагт шүүгч хараат бус ажиллах, шүүхийн бие даасан байдал дээшилдэгийг бид мэдэрсээр ирсэн.

Энэ бол 25 жилд бүтсэн сэтгэлгээний өөрчлөлт, үйл ажиллагааны соёл юм.

Шүүхийн тухай багц хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд, шүүх, шүүгчийг дагнан мэргэшүүлэх, шүүхийг цахимжуулах, нээлттэй болгох, шүүхийн хүний нөөцийг шинэчлэх, шүүн таслах ажлаас шүүхийн захиргааг тусгаарлах замаар шүүхийн бие даасан байдлыг сайжруулах, шүүгчийн эдийн засгийн хараат бус байдлыг дээшлүүлэх, шүүхийн үйлчилгээг хүртээмжтэй болгох, шүүхийн бус журмаар маргаан шийдвэрлэх зэрэг бидний хувьд шинэ гэж хэлж болох ажлыг Шүүхийн ерөнхий зөвлөл хариуцан ажиллаж тодорхой үр дүнд хүрлээ.

Та бид шүүхээ үйлчилгээний байгууллагын стандарт руу ойртуулах талаар том алхам хийлээ. Үүнийг шүүхээр орсон хүн бүр мэдэрсээр байна. Шүүхийн тухай багц хуулийн хэрэгжилтийн явц, эхний үр дүнг ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас "Judical Integrity Scan” нэртэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар хараат бус, хөндлөнгийн судалгаа хийж, Монгол улс нь шүүхийн шинэтгэлийн хүрээнд нийгэм, эдийн засгийн хувьд ижил төстэй гарааны нөхцөлтэй байсан бусад орнуудтай харьцуулахад ихээхэн түрүүлж байна. Шүүхийн бие даасан байдлын талаар тогтоосон олон улсын стандартуудын дийлэнх хэсгийг хуулийн хэмжээнд тусгасан байх бөгөөд шүүхийн практикт хэрэгжиж байна гэж дүгнэснийг Та бид мэдэх билээ.

Дээрх ололт амжилтын зэрэгцээ шүүхийн эрх зүйн байдлын Үндсэн хуулийн хамгаалалт дутуу байгаагийн улмаас эрх зүйн байдлыг дордуулах, шүүхийн эдийн засаг ямагт хомсдолтой байх, шүүхийн хэрэглэдэг хуулиуд эрх зүйт ёс, байх ёстой зүйлд бүрэн үндэслэж тогтворжоогүйн улмаас хэрэглээний зөрчилдөөн үүсгэх, үүнээс үүдэн шүүхэд итгэх иргэдийн итгэл савлах зэрэг сорилтын өмнө бид байна.

Үүнээс гадна шүүгч, ажилтан бидний хариуцлага, сэтгэл, зүтгэл, чармайлт, ажлын байрандаа өөрийгөө бэлтгэсэн чанар чансаа, мэдлэг, чадвараас хамаарсан асуудал, бэрхшээл ч бас байгааг бид мартаж болохгүй. Монгол Улсад Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан олон улсын онол практикийн бага хуралд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн хүндэт зочид, илтгэгч нартаа гүн талархал илэрхийлье. Өнөөдрийн онол-практикийн бага хурлаар хэлэлцсэн асуудал, дэвшүүлсэн санаа сэдлүүд нь Монгол Улсад шүүх эрх мэдлийг бэхжүүлэх, Шүүхийн мэргэшсэн захиргааг төлөвшүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болно гэж итгэж байна” гэлээ.

"Шүүхийн захиргааны хөгжлийн чиг хандлага: чиг үүрэг ба загвар” сэдэвт онол практикийн олон улсын бага хурал гурван сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ.

"Шүүх эрх мэдэл ба иргэдийн итгэл” хэсэгт Академич, Монгол Улсын гавьяат хуульч Ж.Амарсанаа "Шүүхийн захиргааны Үндсэн хуулийн үзэл санаа” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр илтгэлдээ "Шүүх эрх мэдэл нь бие даасан, хараат бус байж, аливаа хэрэг маргааныг хуульд нийцүүлж шийдвэрлэх шүүхийн тогтолцоог үндсээр нь өөрчилж, удирдлага, зохион байгуулалт, боловсон хүчний хувьд Шүүхийн ерөнхий зөвлөлд түшиглэж шүүгчийн хараат бус байх чухал баталгааг Үндсэн хуулиар бэхжүүлсэн. Түүнчлэн шүүх эрх мэдлийн талаар хийсэн судалгааны бүтээлүүдийг судлан үзэхэд шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг судлан тодорхойлсон бөгөөд Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн авч үзвэл шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах чиг үүрэг бүхий шүүхийн захиргааны асуудлыг дагнан судлах хэрэгцээ байгааг судалгааны үндсэн дээр илэрхийлж байна” гээд шүүхийн тогтолцоо, захиргааны түүхэн хөгжлийг тоймлон өгүүлсэн юм. Мөн "Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана; 4 дэх хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчдийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийн бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ” гэж заасан байна. Энэ нь Үндсэн хуульд "Шүүх бие даасан байх, шүүгч хараат бус байх, шүүх шүүгч зөвхөн хуульд захирагдах” гэсэн харилцан хамааралтай зарчмыг бүрэн утгаар нь томъёолсны илэрхийлэл бөгөөд тэдгээрийг хангах зохион байгуулалт, эрх зүйн хийгээд улс төр, эдийн засгийн баталгаа, механизмын үндсийг тогтоож, түүний эрх зүйн орчинг бүрдүүлэх суурийг тавьж өгсөн байна” гэж онцоллоо. 

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, доктор, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн О.Мөнхсайхан "Монгол Улсын шүүх эрх мэдлийн талаарх хөндлөнгийн судалгаа, дүн шинжилгээ” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм. Шүүхийн захиргаатай холбоотой ахиж дэвшсэн ч шийдэх асуудал олон байгааг илтгэлдээ онцлоод Шүүхийн ерөнхий зөвлөлийн бие даалгасан загвараас ухрахгүй, сайжруулж тогтвортой хэрэгжүүлэх нь хүмүүнлэг, ардчилсан нийгмийг цогцлооход тустай хэмээлээ. Мөн шүүхийн шинэтгэл байнгын үйл явц гэдгийг илэрхийллээ.

Олон улсын хөжлийн эрх зүйн байгууллагаас Монгол Улсын шүүх эрх мэдлийн байгууллагад хэрэгжүүлсэн ажил болон Монгол Улс дахь шүүхийн ил тод байдлыг дэмжих боломж, үйл ажиллагааны талаар Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагын зөвлөх Клифтон Жонсон мэдээлэл хийлээ.

Онол, практикийн олон улсын бага хурлын хоёрдугаар хэсэгт гадаадын төлөөлөгчид "Шүүгчийн томилгоо, сургалт” сэдвийн хүрээнд илтгэл тавьсан юм. Тухайлбал, БНХАУ-ын Үндэсний шүүгчдийн коллежийн дэд дарга Фэнг Вэнли БНХАУ-ын шүүгчдийн сургалтын тогтолцоо, бусад орны шүүгчдийг сургах үйл ажиллагаа, онцлогийн талаар мэдээллээ. Мөн Монгол Улсын шүүхийн сургалтад оруулж буй хувь нэмрийн талаар мэдээлэл өгсөн юм.

Дараа нь Европын сэргээн босголт хөгжлийн банкны Ерөнхий зөвлөх Мари-Энн Биркен байгууллагынхаа туршлагад суурилсан шүүгчийн сургалтын тогтолцоо, шилдэг практикийн талаар илтгэл тавив.

Япон улсад шүүгч бэлтгэх, давтан сургах талаар Нагояа их сургуулийн Японы эрх зүйн боловсрол, судалгааны төвийн эрдэмтэн багш Накамура Ёшитака илтгэл тавьж хэлэлцүүллээ.

"Шүүхийн захиргааны хөгжлийн чиг хандлага: чиг үүрэг загвар” онол пракикийн олон улсын бага хурал үргэлжилж байна.

 “Шүүхийн захиргааны хөгжлийн чиг хандлага: чиг үүрэг ба загвар” онол практикийн олон улсын бага хурал үргэлжилж байна

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жудаг(150.129.142.167) 2018 оны 06 сарын 15

Алуурчин дарга томилогдсоноос шүүх сорилтын өмнө байна.

0  |  0
Лүндэндоржид(122.201.24.10) 2018 оны 06 сарын 14

Үндсэн хуулийн хамгаалалтын дутуу гэдэг ойлголт байдаггүй юмдаа шинжлэх ухааны доктор Лүндэндоржоо

0  |  0
Иргэн(202.9.41.187) 2018 оны 06 сарын 14

Ард түмнээрээ батлуулаагүй үндсэн хуульд ямар хүч байх билээ. Үндсэн хууль бол иргэд нийгэмшин амьдрах талаараа өөр хоорондоо байгуулсан гэрээ бичиг юм шүү.

0  |  0
Иргэг(103.26.195.224) 2018 оны 06 сарын 14

Шударга ёсыг ШУДАРГА хүн л ярьж, бас тогтоож чадах байлгүй дээ

0  |  0
зочин(122.201.24.199) 2018 оны 06 сарын 14

мэдлэг боловсролоос илүү үүргээ ухамсарлах,хууль ёсоо дээдлэх өөрийн итгэл үнэмшлээ худалдахгүй байж чадах чин үнэнч чанар нэгдүгээрт тавигдах естой байтал авилгалд идэгдсэн шүүгч нараа хамгаалах тухай ярих энэ тэнэг ШЕЗ-ийн дарга сэтэрт нөхрийг чөлөөлөх хэрэгтэй

0  |  0
Top