Нүгэл, буян сэтгэлээс ургадаг, Там, диваажин түүнээс биелдэг

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 16

Бурхан багш нүглээс зовлон, буянаас жаргал үүсдэг гэж сургахдаа шалтгаан, үрийн уялдаа холбоогоор толилсон хэрэг. Өөрөөр хэлбэл: юу буян, юу нүгэл гэдгийг хөндлөнгийн этгээд үзэмжээрээ шийдэхгүй, харин тухайн үйлийн эх үүсвэр болсон сэтгэлийн дотоод үелзлээс хамаарна. Эерэг чанарт дотоод үелзлээс эерэг үйлийн үр хөврөл үүсч, сөрөг үелзлээс сөрөг үйлийн үр үүсч, тэр бүхэн нөхцөл бүрдсэн тохиолд задран боловсордог гэсэн үг.

Зарим хүн өглөг үйлдсээр ядуурч байхад, зарим нь хулгай хийсээр баяжиж байдаг нь ямар учиртай юм бэ? Буруу хазгай яваагүй мөртлөө зовлон наждаа эдлээд, бусармаг яваа атлаа урт насалж, удаан жаргадаг нь бишгүй гэж гайхаж эргэлзэх хүн олон. Номын ёс, ертөнцийн ёс хоёрын зөрөлдөөн ч юм шиг. Гэвч бурхад эчнээ далд зүй тогтлыг тайлан сургадаг, эгэл хүмүүс ил харагдах хэлбэрийг тэмтчин барьдагт зөрөө нь бий. Амьдралыг эхлэл, төсгөлгүй үргэлжлэх урсгалаар  нь тольдох нэг хэрэг. Усан нүдтэй, цусан зүрхтэй энэ биеийн амьдрах зуурхан мөчлөгөөр тооцох өөр хэрэг.

Үйлийн үрийн сургаал ёсоор бол өглөг буяны үр олз баялаг болж л хурна, зальхай шуналын төлөөс гарз гамшиг болж нэрвэнэ. Цаг нь болж, нөхцөл нь бүрдэхэд зайлшгүй үр дагавар гардаг. Үүнийг судар номд шувууны сүүдрээр зүйрлэн өгүүлжээ. Өндрөөс өндөрт элин хальж буй шувуу сүүдрээ гээсэн юм шиг санагдах байх. Гэвч эрт, орой нэгэн цагт шувуу газар бууж таараа. Тэр агшинд сүүдэр нь хаа нэгтэйгээс гэнэт гарч ирэх шиг нэгдэнэ. Тэнгэрийн хаяаг бэдэрч, газрын гаваар нуугдсан ч хийсэн үйлийнхээ үр дагавраас зайлан булзах аргагүй гэсэн үг.

“Бид төгс гэгээрсэн Бурхан багшийнхаа билиг ухааныг мэргэч төлөгчөөс ч доогуур үнэлдэг улс. Хэрвээ нэг мэргэч “Энэ жил чамд муу юм тохиолдохгүй. Би батлан даая” гэвэл сэтгэл амар явдаг. Харин “Энэ жил гай барцадтай байх нь. Ийм юм хий, тийм юм бүү хий” гэвэл хичээнгүйлэн дагадаг. Хийж чадаагүй бол “Хэлснээр нь хийсэнгүй дээ” гэж санаа зовнидог. Гэтэл Бурхан багшийн “Үүнийг цээрлэ, түүнийг хэрэгжүүл”, “Энэ л чухал, тэр нь чухал биш” гэхчлэн энэрэл нигүүлслээр захиж сургасныг анхаардаг бил үү? Хэрэгжүүлж чадаагүйдээ сэтгэл зовдог гэж үү? Харин ч бурханы ном тэндээ, маний ном эндээ гэсэн шүү маягаар тоомжиргүй явдаг биз дээ” гэж Бодова гэгээн сануулжээ. Үйлийн үрийг ойлгосон хүн шарсан мах анддаггүй шар зурхайч, хар бөөчдийн наадгай байхаа болино. Амьдралаас айх айдас, учрыг мэдэхгүй балчир сэтгэхүй дээр л зүсэн зүйлийн луйварчид тоглодог. Амьдралын дотоод хуулийг нэгэнт ухаарвал, алдаа эндлээ засч, амжилт ололтоо хамгаалж явах ухамсрын дархлаатай болно. Жамаараа яваа ертөнцийг хүлээн зөвшөөрч, ус мөрөн урсан цэвэршихийн адил улам бүр тунгалагшин амьдарна. Өрөөл бусдын үзэл суртал, хэмжүүр шалгуурт таарах гэж зоволгүй, өөрөө өөрийнхөө зөв, бурууг гэрчилж чадна. Ертөнцийн үнэмлэхүй шүүх чиний дотор л бий гэж бурхад сургадаг.

Үйлийн үрийг ухаарсан хүн эгэл олонх шиг зурсан зураг, төрсөн төөрөг гэж үүлгэртэж явахгүй. Учир нь, хувь зохиолыг өөрчлөх боломж, шинээр туурвих сонголт амьдралын агшин бүрт агуулаастай. Өнгөрсөн цагаас үлдсэн үйлийн ул мөр сэтгэлд хадгалагдсаар хожмын үйлдэлд нөлөөлдөг боловч тэр нь алхам бүрийг урьдаас тодорхойлчихсон гэсэн үг биш. Амьдрал өөрөө зайлшгүй, санамсаргүй хоёрын шүтэн барилдлага. Хайзэнбэргийн тодорхойгүйн зарчим Буддын үйлийн үрийн онолын нэг тал нь гэсэн үг. Бүхнийг урьдаас зурж төлөвлөчихөөд өөрөө өөртэйгөө хөзөрдөж суудаг Эзэн Тэнгэрийг багтаах орон зай буддизмд байдаггүйн учир энэ. Хэрвээ хөдөлшгүй хувь тавилан байдагсан бол сэргэг сэхээлэг явахын хэрэг юун. Үүрмэг зүүрмэг явлаа ч зурсан зургаараа бөмбөрөх хойно. Дайны үеэр нэгэн цэргийн жанжин дайсны давуу хүчтэй тулгарчээ. Шийдмэг довтолгоо өрсөж хийвэл ялна гэдэгтээ жанжин итгэлтэй байв. Гэтэл нөхөд нь айдас эргэлзээнд автсан байлаа. Тулаанд орохын өмнө тэд нэгэн тахилгат овоонд мөргөл үйлдэцгээв. Мөргөлийн дараа жанжин өврөөсөө зоос гаргаж ирээд:

- Одоо би энэ зоосыг шиднэ. Сүлдээрээ буувал манайхан ялна, эсрэгээр буувал ялагдана. Хувь тавилан өөрөө өөрийгөө илчлэг! гээд, зоосоо агаарт шидлээ.

Хувь тавилангийн буултыг хүн бүхэн зүрх догдлон хүлээв. Зоос сүлдээрээ буулаа. Итгэл, урам нь бадарсан дайчид уухайлан давшилтад оржээ. Тулаан тэдний ялалтаар өндөрлөв. Дэслэгч нь жанжин дээр ирж:

- Хувь тавиланг хэн ч өөрчилж чадахгүй юм даа гэж бахдангуй хэлэхэд:

- Тийм шүү гээд жанжин түүнд зоосоо харуулжээ. Зоос нь хоёр талдаа сүлдтэй байж гэнэ. Хувь заяандаа эзэн болж чадахгүй хулчгарууд өөрийн зүдэг дорой явдлын шалтгааныг хөндлөнгөөс эрж, энэ ч хүний хараал, тэр ч чөтгөрийн зөвчөө, ийм ч муу өдөр, тийм ч буруу зүгээс боллоо гэхчлэн хардаж сэрдэж явдаг. Сэжигч сэтгэл өөртөө лай нэмж, гай даллахаас биш, “өдөр бүхэн нар манддаг” зол завшааныг яахин мэдрэх. “Бурхан багш муу өдөр, муу цагт ажил хийснээс болж гай зовлон тохиолоо гэж ярьж байгаагүй. Харин ийм үйлийн үрээр л тийм явдал боллоо гэхчлэн тайлбарладаг байсан. Жинхэнэ буддист хүний хувьд муу өдөр, цаг гэж байх учиргүй” гэж Далай багш айлджээ.

ӨДӨР ЦАГ БҮХЭН ӨЛЗИЙ БУЯН. ОД ГАРАГ БҮХЭН ОНЦГОЙ САЙН. МУУ СЭТГЭЛЭЭ ЯЛСАН БҮХЭН АРИУН. МУНХГИЙН НОЙРНООС СЭРСЭН БҮХЭН ЧАДАЛ ТӨГӨЛДӨР.

 - НАЙМАН ГЭГЭЭН СУДРААС –

Зовсны эцэст жаргах ёстой, жаргасны эцэст зовох ёстой юм шиг хүмүүс боддог. Гэвч мунхаг хэвээрээ явбал үргэлжлүүлж зовоод байхаас биш, өөд нар харах цаггүй. Бас гэгээрэх тусам жаргал нэмээд байхаас биш зовж гаслах нь хаа вэ? Гасалж ганираад байгаа бол мунхаг яваагийн л шинж. Жаргал, зовлон гадна талын обьект биш, дотоод сэрэхүйн тусгал. Дотоод үелзлээ нарийн гярхай мэдэрч таних юм бол там, диваажинг гаднаас эрэлтгүйг ойлгоно. Атаа жөтөө, шунал тачаал, үзэн ядалтандаа үймэрч бачуурсан сэтгэлийн шаналгааг дүрсжүүлбэл тамын ертөнц л ургана биз дээ. Түүнчлэн гэгээн билгийн гэрэлд бадамлянхуа мэт дэлгэрэн, хайрын анхилгаа түгээж буй хором бүр диваажингийн жаргал биш гэж үү? Зовлонгоо гавъяа юм шиг, жаргал таашаалыг нүгэл юм шиг ойлгодог хүмүүс үйлийн үрийн жамыг даанч хол эндүүрч. Амьдралын дотоод хуулийг ойлгох тусам зовлон бол нүгэл, жаргал бол буян гэж тайлагдана. Энэ агшнаас дараах агшин, энэ төрлөөс дараах төрөл ургана. Гэрлээс гэрэл, харанхуйгаас харанхуй л төрдөг. Эргэж ирэлгүй урсах хором бүртээ хайранд умбаж, гэгээрэлд уусч, эрх чөлөөгөө эдлэн таашаа. Үйлийн үрийн ухаарлыг өөр юугаар нотлох вэ?

Дотоод ухамсрын гэрлээ юүлбэл ямар ч төрлийн ажил бурханлаг ажил, ямар ч хэлбэрийн амьдрал бурханлаг амьдрал болно. Бодьсадва жолооч, бодьсадва слесарь, бодьсадва зураач, бодьсадва дуучин, бодьсадва улс төрч, бодьсадва бизнесмэн, бодьсадва цэвэрлэгч, бодьсадва тогооч байж болно гэсэн үг.

“Хоол хийлээ гэхэд энэ чинь гагцхүү өөрийн тулд биш, гагцхүү бусдын тулд биш, бүх ертөнцийн тусын тулд хэмээн ухамсарлавал зохино” гэж Сүзүки Роши хэлжээ.

Ийм ухамсарлал хүнд ер бусын таашаал бэлэглэдэг. Баяр баясгаланг хаа нэгтэйгээс эрж олох юм шиг хүмүүс хөөцөлддөг. Үнэндээ юу хийж буй түүндээ зүрх сэтгэлээ зориулж, энд-одоо цагтаа байсан хором бүрт баяр баясгалан өөрөө хүрч ирдэг.

ЦЭНГЭЛ НААДАМД ХӨГЖИН БАЯСАХ ШИГ ТУХАЙН ҮЙЛЭНДЭЭ ШИМТЭН ДУРЛА. ЧИН ЗҮРХНЭЭСЭЭ ҮЙЛДЭХ АВААС БАЯР БАЯСГАЛАН УЛАМ УНДАРНА.

 - ШАНТИДЭВА-

Алтан эвэрт буга гэрэл цацруулан давхина.

Аазгай нь хөдөлсөн хүн бүр барих гэж хөөцөлдөнө.

Харахын заяа байхаас барихын заяа үгүй

Хамар амаараа тэд шороо үмхэж ойчно.

Гагцхүү лимбэчин хүү үймээн шуугианаас зайдуу

Галбар зандан модны дор лимбээ тоглон зугаацна.

Аялгуу сайхан эгшигт нь орчлон хорвоо уясна. Алтан эвэрт буга өлмийд нь ирж хэвтэнэ. Амарч сурах нь ажиллаж сурахын нэг тал. Амралт бол биеэ төдийгүй сэтгэлээ суллахуй юм. “Сэтгэл санаа амгалан бол хорвоо дэлхий ч амгалан. Аниргүй амгалан дунд чи номч, буянч хэнбугай ч биш зүгээр л ажлаа дуусаад амарч буй эгэл хархүү байх болно” гэж Панг Юн багш хэлжээ. Өөрийгөө номтон буянтан гэж бодвол бүрэн алдраагүй байна. Гэмтэн гэсгээлтэн гэж мэдэрч байвал алдраагүй л байна. Чангарч чивчирсэн бүхэн үймрэл. Сэлүүн хоосон болсон тэр л мөч жинхэнэ амралт. Анир чимээгүй нам гүмд уусаж байгаа нь амралт. Хэдий чинээ өөрийгөө хоосолж чадна, төдий чинээ шинэ эрчим хүчээр цэнэглэгдэнэ. Амралтандаа чин зүрхнээсээ хандах нь ажил хэрэгтээ ч тийнхүү хандахын нэр. “Хэр зэрэг ядарснаараа биш, хэр зэрэг ядраагүйгээрээ тухайн өдрийн үр бүтээлээ цэгнэвэл зохино” гэсэн мэргэн үг бий. “Хүн ажлаас болж дарамтанд орох нь ховор, ажлын тухай бодлоосоо болж дарамтанд ордог. Ямар ч их ачаалалтай байсан дотоод гүндээ амарч сурахыг л бясалгал гэдэг” хэмээн Рингү багш хэлжээ.

Нэгэн багшаас шавь нь:

- Зэнг хэрхэн хэрэгжүүлэх вэ? гэж асуухад,

- Өлсөж байгаа бол зүгээр л хоолоо ид. Ядарч байгаа бол зүгээр л унтаж бай! гэж хариулжээ.

- Үүнийг чинь хэн бүхэн хийдэг биш үү? гэхэд,

- Үгүй дээ, хүмүүс идэж байхдаа ч түмэн бодолд дарагдаж, унтаж байхдаа ч мянган зүүдэнд тэлчилдэг юм гэжээ.

УРДАХ АЖЛАА НЭГЭНТ ГҮЙЦВЭЛ УЛИГ БОЛОН ЗУУРАЛДАХ ХЭРЭГГҮЙ. УЛАМ ЦААШ ХӨГЖИХИЙН ТУЛД УЛИРСАН ЮМСЫГ ОРХИЖ СУР.

- ШАНТИДЭВА

“Шинэ цайны амтыг мэдэрье гэвэл хуучин шавхруунаас аягаа чөлөөл” гэж мэргэд хэлдэг. Өдөр бүхэн шинэ. Хором бүхэн шинэ. Шинэ учралын гоо сайхныг сэлүүн хоосон зүрхээр л амталж чадна. Өчигдөр та хэн байсан, юу хийсэн нь чухал биш. Өнөөдөр хэн байж, юу хийж байгаа тань л чухал. Өдөр бүхнийг тийнхүү угтваас жирийн амьдрал дундаа цэцэглэх болно.

Нийтлэлч П.Бадрал

Монголын буддын философи судлаач, орчуулагч. “Агнистийн гэгээ” цуврал, Богд Зонховын “Бодь мөрийн зэрэг” зохиолыг түвд хэлнээс орчин цагийн монгол хэлэнд хөрвүүлж, олны хүртээл болгосон

2017 он 01 сар "Зиндаа" сэтгүүл №02/502

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ДҮР ЭСГЭГЧ(202.179.26.179) 2018 оны 08 сарын 18

АМГАЛАН ДҮРИЙГ ЭСГЭЖ САЙХАН ЯРИХ ЛАМ НАР ӨӨРСДӨӨ ЯАГААД СУРГАЖ НОМНОДГИЙНХОО ЭСРЭГЭЭР НЬ ХИЙЖ АМЬДАРДАГ ЮМ БОЛ? ЯДАРСАН НЭГЭНД БОДИТООР ТУСАЛЖ БАЙГАА ГАХАЙ ЛАМ НАР ЯАГААД НЭГ Ч БАЙДАГГҮЙГ НИЙТЛЭЛЧ БАДРАЛ ТАЙЛБАРЛАСАНГҮЙ ВЭ? ГЭДЭГ..... ГЭЖ ЯРИЛЦДАГ...... ГЭЛЦДЭГ...... ГЭЖ МЭТЧИЛЭН ХЭЛЛЭГ АШИГЛАЖ БАРИМТГҮЙ ХООСОН НОМНОХ НЬ ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ.ХАМБА НЬ ХҮРТЭЛ НҮД ЦАВЧИХГҮЙ ХАЛХ 7 ХОШУУНЫ НААДМЫГ МОНГОЛЫН ЭВ НЭГДЛИЙН БАЯР ГЭЖ ХУДЛЫГ НОМНОЖ БАЙГАА БОЛ ЭНЭ ШАШИН СӨНӨЖ БАЙГАА ГЭСЭН ҮГ.

0  |  0
Зочин(66.181.161.103) 2018 оны 08 сарын 16

Там, диваажин гэдэг зөвхөн сэтгэлээс ургадаг төдий зүйл биш. Бодитой оршин байдаг тухай МЭРГЭД бичсэн байдаг. Богд Зонховын ”Бодь мөрийн зэрэг” дээр бий.

0  |  0
zochin(66.181.190.31) 2018 оны 08 сарын 16

HUNII AMIDRAL NEGEN HIVENDEE BAINA GEJ UGUI DOOSHOO URUUDDAG ENE ZUUNII BOOLCHLOL BOL MEDLEGGUIGEER BOOLCHLOH HUN BUR HICHEEH TSAG

0  |  0
Top