Нөхөн сонгууль товлон зарласан УИХ-ын тогтоолыг түдгэлзүүллээ

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 23

Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн Дунд суудлын хуралдаанаар Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуультай холбоотой маргааныг хэлэлцэж, нөхөн сонгуулийг товлон зарласан УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлээ.

Тодруулбал “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын 62 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянуулахаар иргэн С.Мөнхцэцэг, Б.Оюу, А.Гулим нар Цэцэд гомдол гаргаад байсан юм.

Улмаар Цэц "УИХ 2018 оны 62 дугаар тогтоол гаргасан нь төрийн албанд ажиллаж буй иргэдийн сонгогдох эрхийг хязгаарлах, тэгш бус байдлыг үүсгэхээр байна" гэсэн шийдвэрийг гаргалаа. Өөрөөр хэлбэл, УИХ нөхөн сонгууль товлон зарлахдаа, Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд төрийн байгууллагын бусад шийдвэр бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасныг зөрчиж, улмаар Үндсэн хуульд заасан шударга ёс, тэгш байдлын зарчим алдагдах, иргэдийн төрийн байгууллагад сонгогдох эрх зөрчигдөх нөхцөл бүрдүүлсэн байна хэмээн Үндсэн хуулийн цэц дүгнэж, дээрх УИХ-ын тогтоолыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэв.

Түүнчлэн УИХ гишүүний нөхөн сонгууль товлон зарлах шийдвэр гаргахдаа иргэдийнхээ төрийн байгууллагад сонгогдох эрхийг хангах хууль зүйн баталгааг бүрдүүлж холбогдох зохицуулалтыг тодорхой болгох, хийдлийг арилгах шаардлага байгаа талаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд тэмдэглэсэн байна.

Ингэснээр Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн товлон зарлах хугацааг хойшлуулахад хүрч байгаа юм. Цэцийн дүгнэлтийг одоо УИХ-аар хэлэлцэж, хүлээж авах эсэхийг шийдвэрлэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top