Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын засгийн ордон хоорондын Байнгын зөвлөлдөх ажлын хэсгийн Дөрөвдүгээр хуралдаан Улаанбаатар хотноо энэ сарын 29-30-нд боллоо. Хоёр өдөр үргэлжилсэн энэхүү хуралдааны үр дүнгийн талаар ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, БНХАУ-ын ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч Ай Лихуа нар хамтарсан мэдээлэл хийв.
Хоёр орны хамтын ажиллагааны чухал механизм болох Байнгын зөвлөлдөх Ажлын хэсгийн энэ удаагийн хуралдаанаар худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, дэд бүтэц, хилийн боомт, аялал жуулчлал, соёл хүмүүнлэгийн хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээний асуудлаар талууд санал солилцож, хуралдааны дүнгээр нийт 49 асуудал тусгасан протокол байгуулан, олон чухал тохиролцоонд хүрсэн байна.
Тухайлбал,
Д.ДАВААСҮРЭН: ЗАМЫН-ҮҮД ЧӨЛӨӨТ БҮСИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ТҮРГЭСГЭНЭ
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн хуралдааны үр дүнг дүгнэхдээ “Энэхүү шийдэлд хүрсэн асуудлууд нь хоёр орны төр засгийн удирдлага, Гадаад харилцааны сайд нарын хүрсэн нэгдсэн ойлголт, тохиролцоонуудыг хэрэгжүүлэхэд чиглэгдэж байна. Ван И сайдын айлчлалын үеэр тухайлбал, Хятад улс руу уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдийг экспортлох асуудлыг нааштай судлан үзэхээ илэрхийлсэн.
Байнгын зөвлөлдөх ажлын хэсгийн энэ удаагийн хуралдаанаар нийт 49 асуудал тусгасан Протокол байгуулсан нь хуралдааны цар хүрээг илэрхийлж байгаа юм. Энэ асуудлуудыг ажил хэрэг болгоход бүх байгууллага идэвхтэй ажиллана гэдэгт итгэж байна. Хятад улстай хийж байгаа худалдааны эргэлтийн 60 орчим хувь ӨМӨЗО-ны хотуудад чиглэгддэг учраас хамтын ажиллагааны энэ механизм их чухал. Хилийн боомтуудын асуудлуудыг онцлон ярилцаж, нэвтрэх чадвар, дэд бүтцийг сайжруулах болж байна. Тавантолгойгоос Гашуунсухайт боомт хүртэлх тээврийн замтай зэрэгцэн хүнд даацын автозам барина. Замын-Үүд чөлөөт бүсийн хэлэлцээрийг түргэсгэх болсон. Мөн тарифын хөнгөлөлтийн асуудлыг хоёр улсын Хилийн дэглэмийн хуульд шинэчлэлт өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх болж байна” хэмээсэн юм.
АЙ ЛИХУА: ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ҮРГЭЛЖЛЭЛД БАТ БӨХ СУУРЬ ТАВИЛАА
БНХАУ-ын ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч Ай Лихуа “Байнгын зөвлөлдөх Ажлын хэсгийн хуралдаануудын үр дүнгээр өнгөрсөн хугацаанд талууд олон салбарт амжилттай хамтарч ажиллаж ирсэн. Энэ удаад талуудын анхаарал тавин судалж байгаа асуудлуудыг хэлэлцлээ. Маш олон талаар шийдвэрлэх арга барилыг гаргасан нь хамтын ажиллагааны цаашдын үргэлжлэлд бат бөх суурийг тавилаа. Протоколд туссан ажлуудыг ӨМӨЗО-ны гишүүн байгууллагууд Монголын талтай хамт нарийвчлан хэрэгжүүлж, ажлын явцад гарсан асуудлуудыг цаг тухайд нь шийдвэрлэн, Хятад-Монгол хоёр улсын хамтын ажиллагааг улам өндөр түвшинд хөгжүүлэх болно” хэмээлээ.
Ийнхүү БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын засгийн ордон хоорондын Байнгын зөвлөлдөх Ажлын хэсгийн Дөрөвдүгээр хуралдаан амжилттай болж өндөрлөсөн бөгөөд дараагийн хуралдааныг 2020 онд Хөх Хотод зохион байгуулахаар товлов.
Н.Туяа
Сэтгэгдэл ( 0 )