Дахиад бүтэн жил FATF-аас АЙХ хэрэгтэй

2018 оны 09 сарын 04

"Монголд мөнгө угаана гэж гэж юу байдаг юм, наадах чинь гэрийн бүрээсийг түмпэнд угаахтай ижил" гэх маягийн үгсийг нийтлэлч Баабар гуай нэгэнтээ бичсэн байдаг санагдана. Тэгвэл одоо цаг өөр болжээ. Монгол Улс дэлхий нийтийн мөнгө санхүүгийн ширүүн  урсгалд тодорхой хэмжээгээр оролцдог, оруулдаг, гаргадаг улс болж. Хэрэв тийм бишсэн бол юу гээд л сүүлийн хоёр жилийн хугацаанд  FATF-аас айж "бэмбэгнэх" билээ дээ.

Дэлхийн улс орнуудад Мөнгө угаах, терроризмоос урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж өгч ажилладаг FATF буюу Олон улсын санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллага манай улсыг “СААРАЛ ЖАГСААЛТ”-д оруулж болзошгүй талаар ноцтой түвшинд яригдаад багагүй хугацаа өнгөрсөн. Харин Балбын Катманду хотноо болсон FATF-ын хуралдаанаас манайхыг “СААРАЛ ЖАГСААЛТ”-д оруулах эсэхийг хэлэлцэх хугацааг дахин 12 сараар сунгав.

Тэгвэл “СААРАЛ ЖАГСААЛТ” гэдэг нь юу болчихоод, тэрний гадаа үлдэх нь бидэнд тустай байгаа талаар цөөн хэдэн үг хэлэх хэрэгтэй болов уу. Уг нь FATF  аливаа улс орныг  хар эсвэл  хар саарал жагсаалтад орсныг зарладаг болохоос шууд утгаараа эдийн засгийн элдэв хориг тавьдаггүй. Гэсэн ч FATF-аас бараан мэдээлэл цацагдсан даруйд тухайн улс орны хувьд эдийн засаг, санхүүгийн харилцаанд нь хүндрэл үүсдэг. Учир нь  олон улсын банк, санхүүгийн байгууллагууд “жагсаалт”-д орсон улс оронтой гүйлгээ хийхээс татгалздаг. Яг тэр зовлонг нь манай улс, манай бизнес эрхлэгчид амсаад өнгөрсөн бэлэн жишээ бий. Хэрэвзээ Монгол Улс  FATF-ын  хар, саарал жагсаалтад орлоо гэсэн мэдээлэл цацагдах л юм бол олон улсын санхүүгийн байгууллагууд   манай улс руу шилжүүлэх мөнгөө далайн ус руу зүү шидэж буйтай адилтгаж, харилцаагаа зогсоох эрсдэлтэй юм. Тиймээс ч болзошгүй эрсдэлийн өмнө сөхрөх бус, шийдвэрлэх  арга хэмжээг авах шаардлагатай.

12 сар гэдэг их хугацаа биш. Асуудал хажуу дэргэд, хоолойд тулсан хэвээрээ л байна. FATF-ын зүгээс 40 орчим зөвлөмж гаргасныг,  манай улс хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй гэж албаныхан мэдээлдэг. Техник хэрэгжилтийн 40 зөвлөмжийн үнэлгээгээр манай улс 2017 оны сүүлийн байдлаар  5 нь хангалтгүй, 15 нь дийлэнх хангалттай, 5 нь зарим нь хангалтгүй, 5 нь хангалттай гэсэн үзүүлэлттэй байсан. FATF-ын дотоод журмын дагуу 8 буюу түүнээс дээш хангалтгүй, зарим нь хангалтгүй гэсэн үнэлгээ авсан тохиолдолд эрчимтэй хяналтад ордог. Тиймээс манай улс тэр хяналтад нь орсон юм. 15 сарын эрчимжүүлсэн хяналтын хугацаанд нэн тэргүүнд “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг боловсруулж, батлуулахаа Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр хэлж байсан. Мөн тэрбээр  Монгол Улсын ажиглалтын үе буюу 2018 оны 10 дугаар сараас өмнө FATF-ын 40 зөвлөмжид хууль, эрх зүйн орчинг нийцүүлж, хэрэгжүүлснээр эрчимтэй хяналтаас гарах боломж бүрдэнэ гэж байв.

Гэтэл FATF манай улсыг эрчимтэй хяналтаас гаргасангүй. Хүлээлгийн танхимд биднийг уясан чигээрээ байна. Мэдээж энэ нь манай дотоодын нөхцөл байдлаас шалтгаалж буй хэрэг. “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг чуулганаар батласан ч, эрсдэлтэй хэвээрээ байна гэж тэд үзэв. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар FATF-ын таалалд нийцэхүйц эрх зүйн орчинтой боллоо гэж албаныхан мэдэгдсэн. Тэгвэл FATF манайхаас бодитой үр дүн хүлээж байгаа бололтой.  Манай хэрэгжүүлж буй  үйл ажиллагаа, арга хэмжээний үр дүнг 12 сарын туршид ажиглах нь.  Уг нь манай улс  “СААРАЛ ЖАГСААЛТ”-ын гадаа үлдэх дархлаатай болох шаардлагатай. Тэгснээр манай улсын эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдалд шууд нөлөөлөх сөрөг үр дагаврууд ард хоцрох юм.

Э.Болор

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.119.25.42) 2018 оны 09 сарын 04

TOON GAALI UUNII ESREG

0  |  0
улаан (202.179.24.34) 2018 оны 09 сарын 04

сайхан зүйл хийснийх нь төлөө баярллаа гэж хэлэх хүн алга уу алдаа дутагдал гарвал уралдан харааж зүхдэг хүмүүс ядаж тэр орчиний айл оршин суугчид замыханд баярллаа гэдэг болоосой

0  |  0
I”m (66.181.187.27) 2018 оны 09 сарын 04

Akchai

0  |  0
Top