Эрдэнэтийн сонгуулийг ЭРГЭН САНУУЛАХ НЬ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 27

-Орхон аймаг: Сонгуулийн бүрэн эрхийн хугацаа талаасаа давчихаад байхад дахин сонгуулийн тухай сураг ч алга-

Орхон аймаг буюу Эрдэнэтийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дахин сонгуулийн маргаан сунжирсаар дараагийн сонгуультай золгох шинжтэй болчихлоо. Шат шатны шүүхийн шийдвэр, үргэлжлээд Улсын Дээд шүүхээс ИТХ-ын дахин сонгуулийг зарлан, явуулах шийдвэр гаргаад байгаа ч одоо болтол шийдэгдсэнгүй. Уг нь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хүсэл зоригоос хамаарах асуудал юм билээ. Гол нь хүсэхгүй л байх шиг байна. Тус аймгийн удирдлагуудын зүгээс дахин сонгууль явуулах хөрөнгө төсөвт суугаагүй гэсэн шалтгаанаар хойшлуулаад байгаа гэх зүйл дуулдах.

Хэрэг явдлыг нэхэн санавал, яг сонгуулийн үеэр Орхон аймгийн АН-ынхан хоёр хуваагдчихсан гэдэг. Сонгуульд нэр дэвшигчдээ бүртгүүлэх болоход хоёулаа л өөрийн талын хүмүүсээ бүртгүүлэх гэж оролдсон байгаа юм. Харин сонгуулийн хорооноос түрүүлж ирснийг нь бүртгэж, ингэхдээ бүртгэлийг "но"-той хийснээр асуудал эхэлжээ. Хоёр талаас хоёулаа бараг нэг нь шатаар өгсөж байгаад нэг нь цонхоор материалаа өгчихсөн чинь түрүүлээд бүртгүүлчихсэн гэж тоглоом тохуу болгон ярьдаг нь үнэний хувьтай.

Орхон аймгийнхан болохоор ИТХ-ынхаа сонгуулийг өөр өөрсдийнхөөрөө тайлбарладаг. МАН-ын зүгээс “Сонгууль хуулийн хүрээнд болж өнгөрсөн. Ардчилсан нам дотроо хоёр хэсэг болж хуваагдаад, 34 тойрогт 66 хүний нэр дэвшүүлсэн. Тэгээд намын даргад нь хандахад З.Энхболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч 33 хүний нэрийг дэвшүүлсэн. Гэтэл 15 хүний бичиг баримт зөрчилтэй гарсан учраас 33 хүнээс нөхөөд нэр дэвшүүл гэхэд АН-ынхан “Бид бөөндөө нэр дэвшинэ” гэсэн. Ингээд ялагдсан шүү дээ” гэх тайлбар өгсөн.

Харин сөрөг хүчний зүгээс “2016 оны ИТХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшсэн нэр бүхий 33 хүний материалыг Орхон аймгийн сонгуулийн хороонд хуулийн хугацаанд нь өгсөн. Гэтэл тав хоногийн дараа бүртгэхгүй гэсэн шийдвэр гарсан. Сонгуулийн хороог бүрдүүлж байсан хүмүүс хуулийн дагуу, шударга ажиллаагүй. Энэ шийдвэр нь бидний сонгох, сонгогдох эрхэнд ноцтойгоор халдсан” гэсэн байр суурьтай байгаа.

Үндсэндээ талууд ямар ч байр суурь илэрхийллээ гэсэн Улсын Дээд шүүхээс сонгуулийг дахин явуулах шийдвэр гарчихсан. Тэгэхээр шүүхийн шийдвэрийг биелүүлэх л учиртай.

2016 оноос хойш олон удаагийн шүүх хуралдаан болж, АН-ын 29 нэр дэвшигчийг сонгуульд бүртгэн авч оролцуулах нь зөв байсан гэсэн шийдвэр гаргасан байдаг. Бүр Улсын Дээд шүүхээс дахин сонгуулийг зарлан товлож, зохион байгуулахыг Орхон аймгийн сонгуулийн хороонд даалгасан шийдвэрийг эцэслэн гаргачихаад байгаа. Энэ тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгийн газраас 2018 оны есдүгээр сарын 6-ны өдөр “Арга хэмжээ авах тухай” ТГ/786 тоот албан бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн байна. Уг албан бичигт “Орхон аймгийн ИТХ-ын дахин сонгууль явуулах асуудлыг чиг үүргийнхээ дагуу хариуцан, шийдвэрлэх арга хэмжээг нэн даруй авч, шүүхийн шийдвэрийг биелүүлэх тал дээр идэвхи санаачлага гарган, авч хэрэгжүүлсэн арга хэмжээгээ эргэж танилцуулах”-ыгдурдсан байгаа юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанд Г.Батдэлгэр даргатай Орхон аймгийн сонгуулийн хороо хариуцагчаар оролцож, улмаар Дээд шүүхийн 2017 оны есдүгээр сарын 20 өдрийн 302 дугаар тогтоолоор уг хэргийг хянан шийдвэрлэсэн байдаг. Дээрх тогтоолд “...Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг дахин товлон зарлаж, дахин сонгууль зохион байгуулж, явуулахыг Орхон аймгийн сонгуулийн хороонд ... даалгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангасугай” гэжээ. СЕХ нь 2017 оны аравдугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаараа дээрх асуудалтай танилцаад хяналтын шатны шүүхийн шийдвэрт заасан үйл ажиллагааг зохион байгуулахыг аймгийн сонгуулийн хороонд хариуцуулсан тул Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 21 дүгээр тогтоолоор байгуулагдсан Г.Батдэлгэр даргатай /нарийн бичгийн дарга М.Жанболат/ Орхон аймгийн сонгуулийн хороог татан буугдаагүй гэж үзсэн тухай албан бичгийг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 348 дугаар албан бичгээр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд мэдэгдсэн байдаг. Улмаар Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нэхэмжлэлтэй, СЕХ-нд холбогдох захиргааны хэргийг Улсын Дээд шүүхийн 2018 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 198 дугаар тогтоолоор хянан шийдвэрлэсэн байна. Уг тогтоолд “Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5-д зааснаар Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нэхэмжлэлийг хангаж, СЕХ-нд 2017 оны 348 дугаар албан бичгийг хүчингүй болгосугай” гэсний дагуу Орхон аймгийн сонгуулийн хороог Сонгуулийн тухай хуулийн 31.5-д заасны дагуу тус аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс байгуулахаар болсон байна.

Өөрөөр хэлбэл, тус аймгийн удирдлагуудын гарт бүх эрхийг өгсөн байдаг. Энд дурдагдаж буй эрх нь дахин сонгууль явуулах тухайд шүү дээ. Гэтэл сонгуулийн бүрэн эрхийн хугацаа талаасаа давчихаад байхад дахин сонгуулийн тухай сураг ч алга. Иймд Орхон аймгийн ИТХ-ын сонгуулийг дахин товлон зарлаж, дахин сонгууль зохион байгуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлж ажиллахыг сануулах цаг нь болсон гэж бодов.

М.Хангал

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top