Японы ухаалаг дэд бүтэц байгалийн гамшгийн эсрэг

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 27

Японд энэ сарын эхээр дараалан болсон байгалийн гамшигт үзэгдлүүд, Японы хариу үйлдэл нь гамшигт мөн өртсөн Зүүн Өмнөд Азийн дэд бүтцийн салбарт “хичээл заалаа”.

Японы маш нарийн төлөвлөгдсөн төмөр замын сүлжээ гамшгийн дараах сэргээн босголтод ямар их чухал үүрэг гүцэтгэдэг болохоо харуулсан бол хүчтэй далайн шуурганы улмаас Кансай нисэх онгоцны буудал хаагдаж, өөр сонголтгүй барьц алдуулсан явдал нь сэрэмжлүүлэх дохио боллоо. Энэ хоёр тохиолдол хоюулаа Японы дэд бүтцийн хөгжил, гамшигийн менежментийг төлөвлөж буй Японы туршлага Зүүн Өмнөд Азийн улс орнуудад үнэхээр хэрэгтэй болохыг харуулж байна.

Энэ оны долоодугаар сард Японы баруун хэсгээр болсон үер төмөр замын тээврийн үйлчилгээг тасалдуулсан. Төмөр замын ачаа тээврийн Japan Rail Freight /JRF/ компани 1950-1960-аад онуудад эзэлж байсан голлох байр сууриа хэдийгээр алдсан ч тус компаний үйлчилгээ өнөөг хүртэл Японы эдийн засагт, ялангуяа овор ихтэй бүтээгдэхүүн, сэлбэг хэрэгсэл зэргийн үйлдвэрлэлд амин чухал үүрэг гүйцэтгэсэн хэвээр. Хоншу арлын Кюшю, Кинки мужуудыг холбосон эдийн засгийн гол судас болох Санё гол шугмын зарим хэсэгт үеэрийн улмаас ноцтой гэмтэл гарч, сэргээн засварлахад хэдэн сарын хугацаа шаардагдах аж. Гол шугамын нэгхэн хэсэгт гэмтэл гарахад тус компанийн үйлчилгээг тасалдуулахад эрсдэлтэй. Хэдийгээр өндөр хурдны Шинканзен галт тэрэг зорчигч тээврийн үйлчилгээнд гарах ачааллаас үүрэлцэж болох ч JRF компанийн ачаа тээврийн үйлчилгээг хүнд даацын машинд даатгах нь өртөг өндөртэй. Ийм хүнд үед төмөр замын Санин шугам түүнийг орлох үүргийг хүлээн авчээ. Хэдийгээр цахилгаан зүтгүүрийг энэхүү шугамаар явуулж болохгүй ч шаардлагатай тохиргоог хийж дизель зүтгүүрийг ашиглан JRF компани Хоншу, Кюшюгийн эдийн засгийг холбосон үйлчилгээг залгуулах болжээ. Санин шугмыг гол төлөв зорчигч тээвэрт зориулан ашигладаг бөгөөд тус зам дагуу хүн ам бага суурьшсан тул орлогын хэмжээ тэр хирээр хязгаарлагдмал байдаг байна. Гэхдээ энэхүү шугам 1995 оны Кобегийн газар хөдлөлтөөс хойш стратегийн үүрэг гүйцэтгэх болсон аж.

Энэхүү төмөр замын сүлжээний уян хатан загвар нь төмөр замын системээ өргөтгөж буй Зүүн Өмнөд Азийн улс орнуудад чухал үлгэр болох учиртай. Сингапур, Бруней зэрэг хэдхэн орныг эс тооцвол тус бүс нутгийн орнуудын төмөр зам газар хөдлөлт, далайн хар шуурга зэрэг байгалийн гамшиг болон алан хядах ажиллагаа зэрэгт хялбархан өртөх магадлалтай юм. Иймээс төмөр замын сүлжээ олон хувилбартай байхын хирээр гамшиг, хямралыг хохирол багатай даван туулах боломж нэмэгдэх юм.

Өндөр хурдны төмөр зам биширмээр хэдий ч өндөр өртөгтэй тул ойрын ирээдүйд хангалттай өргөн сүлжээ бий болгох боломж хязгаарлагдмал тул төдийлөн оновчтой хувилбар байж чадахгүй. Харин үүний оронд одоо байгаа нарийн төмөр замыг өргөтгөх нь бүс нутгийн улс орнуудын хямд өртөгтэй тээвэр үйлчилгээний хүчин чадлыг бэхжүүлэх юм. Тус бүс нутгийн төмөр замын сүлжээг Санин шугамын адил хос шугамтай болгох бүрэн боломжтой. Эдийн засгийн өсөлт нь удааширан, хүн ам нь буурч буй Япон улсыг бодвол эдийн засаг болон хүн ам нь өсч буй Зүүн Өмнөд Азийн улс орнууд газрын ачаа тээврийн эрэлт өсөн нэмэгдэх хандлагыг тооцоолон төмөр замын өргөтгөлөө илүү ухаалгаар шийдвэрлэх боломжтой юм. Үүнээс гадна хос шугам барьснаар бүс нутаг дах хөгжлийн түвшинг тэнцвэржүүлэх боломж мөн нээгдэх давуу талтай.

Японы сул талаас бид юу сурах ёстой вэ?

Энэ сарын эхээр Японд болсон Жэби хар шуурганы улмаас Кансай нисэх онгоцны буудал хаалгаа барьж, Кинки мужийн агаарын тээврийн дэд бүтцийн сул талыг илтгэжээ. Хар шуурга нисэх онгоцны буудлын гүүр болон бусад байгууламжид хохирол учруулсан билээ. Хиймэл арал дээр байгуулагдсан Кансай нисэх онгоцны буудал Японы дэд бүцтийн хөгжлийн сул тал. 1960-аад оны дунд үед Нарита нисэх онгоцны буудал барих газрын асуудал жагсаал, цуглаан зэрэг олон нийтийн хөдөлгөөний эсэргүүцэлтэй тулсан байна. Тиймээс газрын маргаанаас зайлсхийх үүднээс Кансай, Чубу зэрэг  дараа дараачийн томоохон нисэх онгоцны буудлуудыг хиймэл арал дээр барьжээ. 1994 онд нээгдсэнээс хойш Кансай нисэх онгоцны буудал олон тооны байгалийн гамшгийг даван туулж чадсан ч сүүлийн 25 жилд гараагүй хүчтэй Жэби далайн хар шуурга 24 жилийн настай нисэх онгоцны буудлыг ажиллагаагүй болгож сөхрүүлж чаджээ. Хэдийгээр Осакагийн буланд цунами болон томхон давалгаа хүрэх магадлал тун бага ч Кансай нисэх онгоцны буудлын суурь бага багаар усанд автаж буй байдал нь ноцтой үр дагавартай болохыг харууллаа.


Кансай бүсэд байрлах Кобе болон Итами нисэх онгоцны буудлууд Кансай буудлыг орлох боломж муутай. Учир нь Кобе нисэх буудлын онгоц хөөрөх зурвас богино, нарийн тул том оврын нисэх онгоц болон олон тооны нислэг хүлээн авах боломжгүй аж. Осака хотын хуучин нисэх онгоцны будал болох Итами нисэх буудал нь дотоодын нислэгт дарагдсан байдаг. Нагоя хотын ойролцоох Чубу нисэх  буудал нэмэлт нислэг хүлээн авах хэмжээний том хэдий ч 200 км зайд байрлаж буй тул тохиромжгүй юм. Өөрөөр хэлбэл, Кансай онгоцны буудлыг засварлах нь өнөөгийн нөхцөл байдалд хамгийн тохиромжтой шийдэл болж байна. Эл онгоцны буудал бүрэн хүчин чадлаар ажиллах хүртэл зорчигч, ачаа тээвэрт үзүүлэх эдийн засгийн үр нөлөө их байна.

Кансай нисэх онгоцны буудал Зүүн Өмнөд Азийн дэд бүтцийн хөгжил дэх эрсдлийн менежментэд сургамж болох учиртай. Тус бүс нутаг аливаа гамшигт өртөх эрсдэл өндөр тул бүс нутгийн инженерууд үүнийг тооцоолох шаардлагатай. Томоохон нисэх онгоцны буудлуудыг хиймэл арал дээр барьдаггүй юм гэхэд далайн эрэг орчим байгуулах асуудлыг нухацтай бодож боловсруулах ёстойг анхааралдаа авах хэрэгтэй.

Бодлого боловсруулах явцад стратегийн хувилбар нэн тэргүүнд тавигдах ёстойг энэ явдал дахин баталлаа. Зүүн Өмнөд Азийн ихэнх томоохон хотууд нэгээс илүү олон улсын нисэх онгоцны буудалтай байдаг. Гэсэн хэдий ч Кансай онгоцны буудлаас үзвэл онгоцны буудлын тоо бус харин гамшигийн өмнөх зохицуулалт амин чухал гэдгийг харуулсан юм.

Аль ч улс орон байгалийн гамшгийг, эдгээрээс үүсэх хор хохирлыг урьдчилан мэдэж чадахгүй. Гэхдээ Японы эдгээр сургамжууд Зүүн Өмнөд Азийн улс орнуудад тулгарч буй асуудлыг шийдэхэд гарцаагүй ач холбогдолтой билээ.

Эх сурвалж: The Diplomat magazine

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
z(64.119.17.125) 2018 оны 09 сарын 28

HOS ZAM GEH GEED

0  |  0
Top