Энэ долоо хоногт ДЭЛХИЙ ДАХИНАА

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 29

Энэ долоо хоногт АНУ-ын Нью Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73-р чуулган дэлхий нийтийн анхаарлын төвд байлаа. Үндсэн арга хэмжээ нь есдүгээр сарын 25-нд эхэлсэн юм. НҮБ-ын төв байранд 93 орны төрийн тэргүүн, 41 орны засгийн газрын тэргүүн, 55 орны гадаад хэргийн сайд нар хуран цугларч дэлхий дахинаа тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж байна.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн энэ удаагийн чуулган нийт 175 гаруй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Ерөнхий ассамблейн даргаар Эквадорын гадаад хэрэг, шилжилт хөдөлгөөний сайд Мария Фернанда Гарсес сонгогдсон юм.

Есдүгээр сарын 25-ны өдөр эхэлсэн НҮБ-ын Ерөнхий ассамблейн ерөнхий хэлэлцүүлгийн үеэр дөч орчим орны төр, засгийн тэргүүнүүд уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийн тэгш бус байдал, системийн гажуудал, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах зэрэг асуудлаар санал солилцлоо.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш чуулганыг нээж хэлсэн үгэндээ үл итгэлцлээс үүдсэн тогтворгүй байдал дэлхийд бий болж иргэд улс төрийн тогтолцоонд итгэл алдарч байна гэлээ. Олон талт оролцоо бидэнд хамгийн ихээр үгүйлэгдэж байна. Өнгөрсөн жилийн чуулган дээр анхаарлаа хандуулсан асуудлууд шийдвэрлэгдээгүй хэвээр л байна. Үүнээс гадна Сири, Йемен, Рохинжа үндэстэн, Израиль-Палестины сөргөлдөөн, цөмийн аюул, химийн зэвсэг, худалдааны хурцадмал байдал, дүрвэгсдийг ялгаварлан гадуурхах явдал, хүний эрхийн асуудал сэтгэл түгшээсэн хэвээр гээд итгэлийг дахин сэргээж, бие биенээ хүндлэхийг уриалжээ.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр хөндсөн асуудлудын нэг нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудал байлаа. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин НҮБ-ын чуулган дээр хэлсэн үгэндээ Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны “шинэ сонголтыг” эерэгээр хүлээн авч Умард Солонгосын цөмийн зэвсгээс ангижрах үйл явцыг нь дэмжихийг уриалжээ. Тэрбээр Ким Жон Уныг Солонгосын хойгийн улс төрийн нөхцөл байдлын чиг хандлагыг өөрчилсөн хэмээн үнэлжээ. Олон жилийн туршид өөрийгөө тусгаарласан Умард Солонгос олон улсын нийгэмлэгийн өмнө дахин гарч ирлээ хэмээн Мүн Жэ Ин онцлон тэмдэглэжээ.

Харин БНХАУ, ОХУ-ын зүгээс Умард Солонгосын эсрэг тавьсан хориг арга хэмжээг зөөллөхийг уриалсан юм. Хятадын гадаад хэргийн сайд Ван Игийн хэлснээр хоёр Солонгосын харилцаанд эерэг өөрчлөлтүүд гарч, АНУ-Умард Солонгосын харилцаанд ч дулаан уур амьсгал орж байгаа үед хориг арга хэмжээг зөөллөх нь зүйтэй гэлээ.

Энэ долоо хоногийн эхээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, БНАСАУ-ын гадаад хэргийн сайд Ри Сү Ёнтой уулзаж Д.Трамп, Ким Жон Уны хоёр дах удаагийн дээд хэмжээний уулзалтын талаар ярилцаж ойрын хугацаанд Пхеньян хотноо айлчилж уулзалтын бэлтгэл ажлын талаар хэлэлцэхээр тохиролцсон юм.

Үүнээс гадна Япон улс БНАСАУ-тай тогтоосон харилцаагаа шинэ хуудаснаас эхэлж, Умард Солонгост хулгайлагдсан япон иргэдтэй холбоотой асуудлыг эцэслэн шийдвэрлэхэд бэлэн байна гэж Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзо НҮБ-ын Ерөнхий ассамблей дээр хэлсэн үгэндээ онцолсон билээ.

Солонгосын хойг дээр уур амьсгал ийнхүү дулаарч байхад АНУ, БНХАУ-ын худалдааны дайн илүү хурцадлаа. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас Хятадын 200 тэрбум ам.долларын өртөг бүхий бараанд 10 хувийн татвар ногдуулах шийдвэр есдүгээр сарын 24-нд хэрэгжиж эхэлсэн билээ. Ирэх оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн импортын татвар 25 хувь хүртэл нэмэгдэх юм. Хятадын зүгээс хариуд нь Америкийн 60 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий 5.2 мянга гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд импортын татварыг хариу ногдуулсан юм.

Үүнтэй холбогдуулан БНХАУ АНУ-тай хийх худалдааны хэлэлцээгээ цуцалсан. Хэвлэлийн бага хурал дээр БНХАУ-ын худалдааны дэд сайд “Хоолойндоо хутга тулгуулсан хэн ч бай хэлэлцээ хийж чадах уу” гээд Хятад улс АНУ-ын протекционист бодлого, дарамт шахалтын бай болж байна хэмээн мэдэгдэв. Яриа хэлэлцээг сэргээх боломж нээлттэй бөгөөд энэ нь зөвхөн АНУ-аас шалтгаална гэсэн юм.

Худалдааны хурцадмал байдлын талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп байр сууриа НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган дээр илэрхийлсэн бөгөөд түүний хэлснээр АНУ-ын нээлттэй байдлыг ашиглан бусад улс орнууд өөрсдийн бараа бүтээгдэхүүнээр дарж, Америкийн үйлдвэрүүдийг хүнд байдалд оруулахын тулд бодлоготойгоор санхүүгийн дэмжлэг үзүүлж, өөрсдийн валютаар дамжуулан шударга бус аргаар давуу байдал олж авч байна. Үүний үр дүнд АНУ жилд 800 тэрбум гаруй ам.долларын алдагдал хүлээж байгаа хэмээн тайлбарлажээ.  

Дэлхийн улс төр, эдийн засаг халуухан үйл явдлаар дүүрэн байсан энэ долоо хоногт Бразил улсад нэгэн дөнгөж мэндэлсэн охин аминд аюултай хилэнц хорхойд долоон удаа хатгуулсан ч амьд үлдэж, эзэнгүй арал дээр 49 хоног гацсан Индонезийн 19 настай хүүг аварч, хятадууд хамгийн өөдрөг үзэлтэй ард түмнээр тодорч, Алтны орцтой, алмаазан шигтгээтэй, 17 сая долларын үнэтэй гутлыг Дубай хотын “Burj Al Arab” гэх тансаг зэрэглэлийн зочид буудалд толилуулж, Ким Жоны Уны Д.Трампад явуулсан захидал урлагийн бүтээлээр нэрлэгдсэн долоо хоног байлаа.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top