УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2018.10.01/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар бүлгийн гишүүд гурван асуудлыг хэлэлцэж, байр сууриа нэгтгэв. Энэ талаар дөнгөж сая тус намын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийв.
Тэрбээр "Бүлэг гурван асуудлаар санал солилцлоо. Нэгдүгээрт, Улсын төсөв өргөн барьсантай холбогдуулан бүлгээс Ажлын хэсэг байгууллаа. Энэ удаагийн төсөв нэлээн хариуцлагатай. Тиймээс Ажлын хэсгийг Д.Оюунхорол гишүүн ахална. Бүрэлдэхүүнд нь нэр бүхий 11 гишүүн багтсан. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцсэн. Хэнтий аймагт болох байсан нөхөн сонгуулийг гишүүд ярилцсан. Улмаар УИХ-аас гаргасан шийдвэрийг хууль зөрчөөгүй гэж үзсэн болохоор Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээж авахаас татгалзлаа.
Гуравдугаарт, Ерөнхий сайдын саналыг сонслоо. Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ улс төрийн хариуцлагын үүднээс албан тушаалаасаа огцорч байгаа болохоор хүлээж авна. Бүлгийн гишүүд сайдыг сайн ажилласан гэж дүгнэсэн. Тиймээс энэ долоо хоногт Ж.Бат-Эрдэнэ сайдыг чөлөөлнө" гэсэн юм.
Б.ЭРХЭС

Сэтгэгдэл ( 0 )