1997 онд батлагдсан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулийг шинэчлэхээр болов

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 02

 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2018 оны намрын ээлжит чуулганы анхны хуралдаан өнөөдөр /2018.10.02/ гишүүдийн 66.7 хувийн ирцтэйгээр хуралдлаа. 

Хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүн 2018 оны есдүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг дэмжив.

Монгол Улсад 1990-ээд оноос хойш 20 гаруй жилийн хугацаанд бүртгэгдсэн гэмт хэргийн тоон үзүүлэлтээс харахад эрүүгийн хууль тогтоомжид заасан 200 гаруй гэмт хэргээс 6-7 төрлийн гэмт хэрэг Монгол Улсад гарч буй нийт гэмт хэргийн 80 гаруй хувийг эзэлж байгааг төсөл санаачлагчийн илтгэлдээ С.Бямбацогт гишүүн танилцуулав. Тухайлбал, хулгайлах гэмт хэрэг нийт бүртгэгдэж буй гэмт хэргийн 30 гаруй хувийг, бусдын бие мах бодид гэмтэл учруулах төрлийн гэмт хэрэг 30 орчим хувийг, залилан мэхлэх гэмт хэрэг 10 орчим хувийг, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөн ойролцоо хувийг эзэлж байна. Сүүлийн жилүүдэд шинэ төрлийн гэх нэршил аваад байгаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, хүн худалдалах болон цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн тоог нийт бүртгэгдсэн гэмт хэргийн тоотой харьцуулахад эзлэх хувь бага боловч нийгэмд учруулах хор уршиг, аюулын хувьд өндөр бөгөөд сүүлийн жилүүдэд тоо нь хурдацтай өсөж байгаа гэв.  

Монгол Улсад гэмт хэрэг гаралтын тоо сүүлийн 10 жилийн хугацаанд тогтмол өсөлттэй байгааг тэрбээр танилцуулгынхаа үеэр дурдав. 2017 онд улсын хэмжээнд 32,2 мянга орчим гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос таван мянга буюу 18,7 хувиар өсчээ. Гэмт хэргийн улмаас 37,2 мянган хүн хохирсноос 4,7 хувийг нь хүүхэд, 48,8 хувийг нь эмэгтэйчүүд эзэлж, гэмт хэргийн улмаас нас барсан хүний тоо өмнөх оноос 500 орчмоор нэмэгдсэн нь жил ирэх тусам гэмт хэргийн учруулж байгаа хохирол, хор уршиг өсөн нэмэгдэж байгааг харуулж байна гэлээ. 

Зөрчлийн хуулийн хүрээнд зөрчлийг бүртгэж байгаа бөгөөд өдөрт дунджаар 4500 орчим, жилдээ 1.2 сая орчим бүртгэгдсэн аж. Улс орны хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн гаралт буурахгүй байгаа төдийгүй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх төрийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан хууль тогтоомжуудын уялдаа, хэрэгжилтийг хангахын зэрэгцээ гэмт хэрэг, зөрчлөө сурьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх шаардлагатай хэмээн үзэж төслийг боловсруулжээ. 

1997 онд батлагдсан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд зөвхөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал хамаарч байсан бол төслөөр зөрчлөөс урьдчилан сэргийлэх болгон өргөжүүлсэн байна. Хуулийн төслөөр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үндсэн таван чиглэл байхаар тусгаж, уламжлалт чиглэлүүд буюу ерөнхий, тусгай, нэг бүрчилсэн чиглэлээс гадна, эдгээр дээр нэмж анх удаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх чиглэл болон гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх чиглэлийг нэмж тусгаж, чиглэл бүрийг хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой тусгасан байна.  

М.Бүүвэй 

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top