УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.
Хуралдааны эхэнд өнгөрсөн зургадугаар сарын 15-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хүнд, хортой нөхцөлд ажиллаж байсан гэх шалтгаанаар 28 мянган иргэн тэтгэвэртээ гарчээ. Гэвч өнгөрсөн оны хуулийн өөрчлөлтөөр үүнийг зохицуулж байсан хуулийн зүйл, заалт нь алга болсон байна. Үүнээс болж цаашид шинээр тэтгэврээ тогтоолгох эрх зүйн үндэс байхгүй болсон аж. Гэхдээ одоо тэтгэвэр тогтоолгоод авч байгаа иргэдийн эрхэд нөлөөлөхгүй байгаа гэдгийг Ажлын хэсгийнхэн хэлж байлаа. Түүнчлэн өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд шинээр тэтгэврээ тогтоолгосон 900 орчим хүний хуулийн зүйл заалт нь орхигджээ. Тиймээс энэхүү хуулийн төсөлд тэрхүү зохицуулалтыг нь тусгаж өгсөн байна. Улмаар гарах зардлыг нь ирэх оны төсөвт тусгасан талаар ч хэлж байна.
Хуулийн төслийг хэлэлцэх үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллийн сайд С.Чинзориг байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Малчдын тэтгэврийг тогтооход хүндрэл гардаг. Тухайлбал, малчнаар ажиллаж байсан жилийг тогтооход хэцүү. Үүнийг жаахан хөнгөвчилж Орон тооны зөвлөлд малчнаар ажилласан жилийг нь тогтоолгох эрхийг нь өгсөн. Мөн малчдын 20 орчим хувь нь нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөг. Гэтэл малчид 20 жил нийгмийн даатгалын шимтгэлээ төлж байж тэтгэвэрт гарна. Харамсалтай нь, шимтгэл төлсөн жил нь хүрэхгүй байгаа болохоор тэтгэврийн насыг таван насаар наашлуулсан ч насыг нь тогтоож чадахгүй бэрхшээл гарч байна" хэмээн ярилаа. Түүнчлэн "Хэрэв малчнаар ажилласан хэрнээ нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадахгүй бол нэг удаа нөхөн төлж болох хуулийг баталсан. Хуулийн хэрэгжилтийг өнгөрсөн онд нэг жилээр хойшлуулсан. Тиймээс энэ хуулийг хэрэгжүүлэх асуудлыг эрчимжүүлэх шаардлагатай. Хэрэв ингэх аваас одоо хэлэлцэж байгаа хуульд жаахан ч гэсэн үр өгөөжөө өгнө" гэв.
Б.ЭРХЭС
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )
Малчдаасаа малын хөлийн татварыг аваад малчдын талаар төрөөс тодорхой бодлогуудыг зоригтой хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Малчид одоогийн төрийн бодлогоор нийгэмшихгүй хөндий, зоргоороо амьдарч байна шүү дээ.Малчдыг жаахан зохион байгуулалтад оруулах хэрэгтэй